ДЭМБ “AstraZeneca”-ийн вакциныг үргэлжлүүлэн ашиглахыг уриалжээ

ДЭМБ вакцин болон цус бүлэгнэсэн тохиолдолтой холбоотой гэсэн баримт байхгүй хэмээж Ковидийн вакцинжуулалтаа зогсоохгүй байхыг уриалсан байна. Мөн Европын эмийн агентлаг “AstraZeneca”-ийн вакциныг үргэлжлүүлэн ашиглах нь зөв хэмээсэн юм.
Даваа гарагт (2020.03.15) Герман, Франц улсууд “AstraZeneca”-ийн вакциныг дархлаажуулалтад ашиглахыг түр зогсоосон аж. ДЭМБ-ын вакцины аюулгүй байдлын мэргэжилтнүүд өнөөдөр хуралдаж “AstraZeneca”-ийн вакцины талаар хэлэлцэж юм. Европын эмийн агентлаг мөн адил өнөөдөр хуралдаж пүрэв гарагт дүгнэлт гаргах болжээ.
Их Британи болон Европын холбоонд “AstraZeneca” компанийн вакциныг 17 сая гаруй хүн тариулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн байдлаар цусны бүлэн үүссэн 40 хүрэхгүй тохиолдол бүртгэгдсэн аж.
Тус компани вакцин тариулсан 17 сая хүний аюулгүй байдлын мэдээллийг дахин шалгаж үзээд цус бүлэгнэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэх баримт олоогүй хэмээн мэдэгдсэн. “AstraZeneca”-аас гаргасан мэдэгдэлд “КОВИД-19-ийн вакцин тариулсан Европын Холбоо болон Их Британи дахь 17 сая гаруй хүний боломжит бүх аюулгүй байдлын мэдээллийг шалгаж үзсэний дараа аливаа насны бүлэг, хүйс, үйлдвэрлэгдсэн багц, улсад уушгины артери бөглөрөх, гүний венийн бүлэгнэлт, цусны ялтас эс буурах эрсдэлийг ихэсгэдэг гэх баримт олдсонгүй” хэмээжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.