Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Сургуулиудын ӨРГӨТГӨЛ барих тендерийн мөнгө бага учир барих эзэн олдсонгүй

Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургууль цэцэрлэгүүд их бага хэмжээний засварын ажил хийж, хүүхдүүдийн суралцах таатай орчныг бүрдүүлэхээр ажилладаг. Харин энэ онд хичээлийн шинэ жил эхлэхэд гурван ээлжийн сургуульгүй болох, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулсан байх гэсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт гарсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулж сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, урсгал засварын ажлыг наймдугаар сарын 15-нд гэхэд дуусгасан байх зэрэг тодорхой үүрэг чиглэлийг албаныханд өгсөн юм.

Ирэх хичээлийн шинэ жилээр 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөл шинээр ашиглалтад орох талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлж байсан. Ингэснээр сургуулийн суудлын хүчин чадал 21420, цэцэрлэгийн ор 13140-өөр нэмэгдэх аж. Нийслэлийн хэмжээнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж буй юм. Мөн улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэлийн 71 сургууль, цэцэрлэгт 5.3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийх төлөвлөгөө батлан хэрэгжүүлж эхэлсэн” талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл мэдээлж байв.

Үүний дагуу бид зарим сургуулиудын засварын ажилтай танилцаж, хэдэн хувьтай явагдаж байгааг болон хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бэлэн болох эсэхийг сурвалжиллаа.

СУРГУУЛИЙН ОРЧНЫГ СҮҮЛИЙН ҮЕИЙН ШИЙДЭЛТЭЙ БОЛГОХЫГ ХИЧЭЭЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн 97-р сургуулийн засварын ажлын талаар тус сургуулийн харуулын ажилтнаас асууж тодруулахад “Хичээл амраад долоодугаар сараас хойш засварын ажлаа хийгдсэн. Сургуулийнхаа үүд хэсэгт сурагчид чөлөөт цагаараа хичээлээ хийх боломжтой сандал ширээнүүдийг шинээр байгуулсан. Мөн өнгө төрхөө сайжруулан будаж зассан. Цонхнуудаа гэхэд л сүүлийн үеийн шийдэлтэй болгохын тулд өөр өнгөнүүдээр ялган будаж товгор мэт харагдуулж байна. Энэ нь хүүхдүүдийн хичээлдээ ирэх сонирхлыг  төрүүлэхэд ч тустай. Том засварын ажлууд дуусчихсан. Одоо зарим цонхнуудаа засч янзлах жижиг ажлууд үлдчихсэн. Хичээл орохоос өмнө буюу энэ долоо хоног дуусахад бэлэн болохоор байна” хэмээн ярьлаа.

СУРГУУЛИЙН ЗҮГЭЭС ХИЙХ ЗАСВАРАА ДУУСГАСАН Ч ЗАРЛАГДСАН ТЕНДЕРТ ХҮН ОРОХГҮЙ БАЙНА

Сүхбаатар дүүргийн 58-р сургуулийн Захирал Д.Болд “Сургуулийн засварын ажил долоодугаар сарын 1-нээс эхэлсэн. Сургуулийн төсвөөр хийгдсэн ажлууд дуусаад ерөнхий гүйцэтгэл 85 хувьтай байна. Үүнд анги, танхим, коридорын засварын ажлууд дууссан. Харин дээврийн засварын ажлын тендер зарлагдсан боловч шийдэгдээгүй. Сургууль өөрсдийн зүгээс хийх ажлыг дуусгасан” гэлээ.

Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт байрлах 71-р сургуулийн захирал н.Батсайхан “Энэ жил засварын ажил хийгээгүй. Өргөтгөл бариулахад зориулж гурван удаа  тендерийн ажил зарласан ч ороогүй. Төсөв нь бага гэсэн шалтгаанаар орохгүй байна. Хичээлийн шинэ жилд гурван ээлжээр хичээллэх явдлыг арилгахын тулд дүүргийн хөрөнгө оруулалтаар хоёр ангийг шинээр засварлаж байна” хэмээсэн юм.

Ийнхүү  сургууль цэцэрлэгийн засварын ажлыг энэ сарын 15-ны өдөр гэхэд дуусгасан байх үүрэг даалгавар зарим сургуульд биелэгдсэн ч тендерийн асуудлаа шийдэж, өргөтгөлөө барьж чадаагүй сургуулиуд ч цөөнгүй байна. Өмнөх жилүүд шиг будаг ханхалсан бус тав тухтай орчинд хүүхдүүдийг сургахын тулд төр засгийн зүгээс төсөв хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг сургуулиудын холбогдох албан тушаалтнууд хэлж байлаа.

С.ХОНГОРЗУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button