НИЙГЭМ

М.Нямсүрэн: Барьж байсан тугны үзүүр салхинд хийсэхдээ цахилгааны утсанд наалдчихсан юм билээ

Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны хэсгийн ахлагч, 53 настай М.Нямсүрэн өнгөрөгч тавдугаар сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгаат ажлыг хийх үедээ тогонд цохиулж, хүнд гэмтжээ. Тэрбээр өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд баруун гар, зүүн хөлөнд үхжил явагдаж, тайруулах эрсдэлтэй учирсан байна.

Бид уг асуудлаар М.Нямсүрэнтэй цөөн хором ярилцлаа.

 -ТУГ ТОГТООХООР ГАРСНАА САНАЖ БАЙГАА Ч, ДАРАА НЬ ЮУ БОЛСНЫГ МЭДЭХГҮЙ БАЙГАА-

-Таны биеийн байдал ямар байна вэ?

-Яг л хэвэндээ байна. Гарын алга язарсан гээд хэд хэдэн гэмтэл авсан.

-Цахилгааны утастай ойр ажиллаж байсан юм уу?

-Цахилгааны утаснаас бол хол байсан. Тэр орчмоор юм хийгээгүй. Самбарт туг хатгах үеэр хүчтэй салхи салхилаад  л тогонд хүрсэн юм болов уу. Би ч тухайн үед юу ч мэдээгүй. Гарснаа санаж байгаа ч, дараа нь юу болсныг мэдэхгүй байгаа. Ухаан алдаад, эмнэлэгт сэрсэн. Хүнээс сонсоход миний барьж байсан туг салхинд хийсэхдээ тогны утсанд наалдсан юм билээ.

-ЭМЧ НАР МИНИЙ ГЭМТЛИЙГ ДӨРӨВДҮГЭЭР ЗЭРГИЙН ХҮНД ТҮЛЭГДЭЛ ГЭСЭН-

-Хагалгаанд хэзээ орох вэ?

-Эмнэлэгт хэвтээд долоо хонох гэж байна. Хагалгаанд маргааш, нөгөөдрөөс орох байх. Эмч нар миний гэмтлийг дөрөвдүгээр зэргийн хүнд түлэгдэл гэсэн. Ямар ч байсан хагалгаагаар үхэжсэн эд эсийг авах юм ярьсан. Би сайн мэдээлэлгүй л байна. Ядаж амралт таараад сайн мэдээлэл авсангүй. Гарт зүсэлт хийсэн. Энэ тог чинь гүйхээр дотуураа үхжүүлдэг юм байна л даа. Арьс нь зүгээр хэр нь дотроо үхэждэг юм байна.

-Ар гэрийнхэнд нь хүнд туссан байх даа?    

-Тийм ээ. Осол гарсныг дуулаад эмнэлэгт шууд ирсэн. Хань маань намайг сахиж байна.

-Ажлаас нь холбогдов уу?

-Байнга холбоотой байгаа. Намайг тогонд цохиуллаа гэхэд дарга маань өөрөө авч ирсэн. Дараа нь эхнэрт маань дуулгаад хань маань ирсэн. Байнга утсаар холбогдож мэдээлэлтэй байгаа. Түрүүн хүртэл ярьсан. Коронавирус гээд эмнэлэг рүү эргэлт оруулахгүй байгаа. Орсон сахиур гарахгүй. Гадна дотрын мэдээлэл муу байна ах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button