Бразил улсад “КОВИД-19”-ийн нас баралт 500.000 давжээ

Бразил улсад “КОВИД-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 500,000 давж, дэлхийд нас баралтаар хоёрт жагсаж байна. Коронавирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоогоор АНУ дэлхийд нэгт жагсаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт (2021.06.16) АНУ-д “КОВИД-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 600,000 давсан.

“Question of Science Institute”-ийн бичил амь судлаач, доктор Наталья Пастернак Тасчнер хэлэхдээ Бразил дахь нас баралт буурах шинж бага байна хэмээсэн аж. Тэрбээр хэлэхдээ “Бразил иргэд коронавирусээс залхаж байгаа, мөн тэд нас баралтыг энгийн зүйл мэт үзэж эхэлсэн тул нөхцөл байдал дээрдэхэд хол байна. Хүмүүсийн хандлагыг өөрчилж, амны хаалт зүүж, хөл хорионы дэглэм тогтоон вакцинжуулалтаа хурдасгахгүй бол нөхцөл байдал хяналтаас гарна” гэжээ.
Бразил улс одоогийн байдлаар хүн амынхаа 15 хувийг бүрэн вакцинжуулсан. Мөн тус улсын Ерөнхийлөгч Жаир Болсонаро хөл хорионы дэглэм тогтоохоос татгалзаж байгаа. Бразилын нийслэл Рио Де Жанейро хотод Болсонарог эсэргүүцсэн иргэд “Болсонаро огцор” гэх мэт уриа лоозон барьж жагсаал хийсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.