НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

“Дэлхийн залуучуудын өдөр”-ийг тохиолдуулан “Залуучуудын хөгжлийн сарын аян” эхэллээ

Өнөөдөр “Дэлхийн залуучуудын өдөр” тохиож буйтай холбоотойгоор “залуучуудын хөгжлийн сарын аян”-ий цахим нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Манай улсын хувьд энэ наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Тийм ч учраас наймдугаар сарын 12-25-ны өдрүүдэд “Залуучуудын хөгжлийн аян”-ыг 2003 оноос хойш улс даяар зохион байгуулж байгаа юм.

Тус өдөртэй холбоотой дэлхий даяар жил бүр тодорхой уриан дор үйл ажиллагаа явуулдаг. Харин энэ жил дэлхий даяар хүнсний тогтолцоог өөрчлөх зорилгоор “Хүний болон хүрээлэн буй орчны эрүүл ахуйд залуучуудын оролцоо, инновацийг дэмжих нь” уриаг дэвшүүлж байгаа юм. Манай улсын хувьд дээрх хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад залуучуудын оролцоо хувь нэмрийг онцолж буй олон улсын чиг хандлагатай уялдуулан үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөөд байна. 

Залуучуудын хөгжлийн  сарын аяныг эхлүүлэх, тухайн жилийн онцлог арга хэмжээ, хүлээгдэж буй үр дүнгийн талаар олон нийт, залуучуудад мэдээлэл хүргэх, талуудын оролцоог нэмэгдүүлэх үүднээс зохион байгуулдаг нээлт энэ жил цахимаар болох болж байна. Оролцогчдын зүгээс дараах байр суурийг илэрхийлж байгаа юм.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд сайд А.Ариунзаяа

Жил бүр өөр өөр уриан дор энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн. 2019 онд “боловсролын шинэчлэл” уриаг дэвшүүлж байсан бол 2020 онд “дэлхий нийтийн үйл хэрэгт залуучуудын оролцоо” уриан дор дэлхий даяар залуучуудын оролцоо, хөгжлийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулж байсан юм. Манай улсын хувьд 2003 оноос хойш дээрх урианууд дор нэгдэн ажиллаж байсан. Энэ жил ч мөн тэгэх болно. 2021 оны хувьд Монгол Улсад “Залуучуудын байгууллага” үүсэж хөгжсөний 100 жил тохиож буйгаараа мөн онцлогтой. Тийм ч учраас энэ жил илүү өргөн хүрээнд тус өдрийг тэмдэглэж, НҮБ зэрэгтэй хамтрахаар зорьж байна. Монгол улс салбар салбарт залуусын оролцоо муу байгааг шүүмжилдэг. Харин саяхан залуучуудын ТББ-уудтай зохиосон уулзалтаар тэд “Бид мэдээллээс хоцорч байна. Манай улсад залууст мэдээллийн хүртээмж муу байна” гэж мэдээлсэн. Ийм ч учраас залуусын оролцоог нэмж, мэдээллээр хангах нь чухал байгааг онцолмоор байна. Монгол улсын хөгжилд иргэн бүрийн оролцоо чухал юм.

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра

Энэ жил оюутан залуучуудын бүтээч байдал, технологийн шийдлийг нь ашигласнаар хүнсний тогтолцоог өөрчлөх боломжтой болж байгаа юм. Өмнө жил тэдэнтэй хийсэн уулзалтаар Монгол залуусын гаргаж буй энэ чиглэлийн санаануудыг сонсоод энэ боломжийг бид олж харсан юм. Монгол залуучуудад идэвх оролцооны хувьд олон эерэг хандлага гарч буй ч эмзэг давхарга, нийгмийн цөөнх мэдээллээс хоцорч гадуур үлдэх хандлагатай байгааг бид харж байна.

Тийм ч учраас хүйсийн тэнцвэртэй байдал, хэнийг ч гадуур үлдээдэггүй нийгэм бүтээхэд бид хамтран ажиллах болно. Зөвхөн энэ өдрийг тэмдэглээд зогсохгүй Монгол улсын залуусын хөгжил, эрүүл мэндийг дэмжих тал дээр тодорхой төлөвлөгөө гаргахаар бид хамтран энэ үйл ажиллагааг эхлүүлж байна. Соёл болон хүнс хөдөө аж ахуйн яамд, бусад түншүүдийнхээ хамтаар дээрх үйл ажиллагааг эхлүүлж байна.

Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг:

-Хүнс нь хүний идэж, уух энгийн хэрэгцээнээс гадна амьдралын төвшин, орчинг тодорхойлогч, соёлын нэг хэсэг болж байдаг учир манай яамны зүгээс хүнсний тогтолцоонд шинэчлэл авчрахаар зорьж буй энэ үйл ажиллагаанд баяртай байна. Соёлын яамны зүгээс энэ сарын 25-ны өдрөөс Монгол соёлоо сурталчлах соёлын давлагааг 21 аймгаар эхлүүлэх гэж байна. Үүнд соёлын салбарын залуучууд голчлон оролцох юм. Бид энэхүү үйл ажиллагаагаараа дээрх уриан дор хамтран ажиллах болно.

ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн:

Манай яамны зүгээс “Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр”-өөр дамжуулан тэдний оролцоо, хөгжлийг дэмжиж байна. Залуучуудын хооллолтын зарчмыг төлөвшүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажил өрнүүлсээр буй. Мөн салбартаа ажиллах хүсэлтэй залуучуудыг сургах, туршлага судлуулах, гадаадад сургах ажил явуулж байгаа юм. Манай улсын нийт хүн ам, ажил эрхлэх боломжтой иргэдийн ихэнхийг залуучууд бүрдүүлдэг. Тийм ч учраас цар тахлын үед хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чухал ажилд залуусын оролцоо ихээхэн шаардлагатай байгаа. 

Бид салбартаа ажиллах залуусын оролцоог нэмэгдүүлж, чадавхжуулах чиглэлээр ажлаа үргэлжлүүлэх болно. Залуус бол манай салбарын манлайлагч, ирээдүйн залах залуур нь юм. Бид бүх бололцоогоо дайчлан тэднийг дэмжиж ажиллана.

НҮБ-ын хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава

Залуучууд бол манай байгууллагын гол чиг үүрэг. Учир нь аливаа улсын ирээдүй бол залуус учир тэдний оролцоог хангахгүйгээр хөгжилд хүрэх боломжгүй. Тэр тусмаа өсвөр насныханд эрүүл зохистой байдлыг хангах нь чухал. Монгол улс шийдвэр гаргах төвшинд залуучуудын оролцоог хангах тал дээр дутагдалтай байгаа. Залуусын эрх мэдэл, оролцоо эрүүл мэндийн чиглэл сул байна. Бидний зүгээс “Залуучуудын төв”-ийг орон нутагт байгуулах ажлыг явуулж байна. Одоогоор Өмнө-говь аймгийн  хоёр суманд 

Дээрх төвийг байгуулсан. Үүгээр дамжуулан залуус сумын төвшинд хүртэл хөгжилтэй холбоотой үйлчилгээ авч, тэднээр дамжуулан бидний үйл ажиллагаанд хамтран ажиллах боломжтой юм. Үүнээс бид урт хугацаанд эерэг үр дагавар гарна гэж найдаж байна. Монгол улс хүн амын бүтэц нь залуу учир тогтвортой хөгжлөө хангахын тулд залууст оролцох боломж, нөхцөлийг олгох хэрэгтэй.

НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа

Дэлхий дахинд гарч буй ядуурал, цар тахал болон цаг уурын өөрчлөлт зэргийн шалгаан нь тод төвшинд хүнсний тогтолцоотой холбоотой. Монгол улсын хувьд тариалж, боловсруулж буйтай холбоотой хүнсний аюулгүй байдлын ноцтой гэмээр асуудлууд байсаар байна. Таргалалт өсөж байгаа нь цаашлаад хавдрын тохиолдлыг нэмэгдүүлж, улсын эдийн засаг, иргэдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх юм.

Монгол нь дэлхийд хамгийн өргөн бэлчээр, эко системтэй орнуудын тоонд багтдаг ч одоо биологийн төрөл зүйл багасаж, цөлжилт газар авч байгаа нь асуудал болж байна. Залуус ийм ирээдүйг өвлөж авахыг хүсэхгүй байна. Монгол залуустай уулзаж ярилцахад улсын ирээдүй их өөдрөгөөр харагдаж байгааг онцлох хэрэгтэй. Тэд асуудалд их нухацтай ханддаг бөгөөд их бүтээлч. Залуус улсынхаа асуудлыг мэддэг ч бодлого боловсруулах үйл явцад оролцож төдийлөн чаддаггүй. Тийм ч учир тэдний оролцоог нэмэгдүүлж, хөгжүүлэх нь маш чухал байгаа юм.

О.ЭНХЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button