
Японы Засгийн газар энэ оны арванхоёрдугаар сар гэхэд орон нутгийн иргэдэд коронавирусийн вакцинжуулалтын цахим паспортыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ талаар Японы “Никкэй” /Nikkei/ бизнесийн сонин мэдээлэв.
Ерөнхий сайд Сүга Ёшихидэ тэргүүтэй Засгийн газар энэ шийдвэрээ өнөөдрийн даваа гарагт албан ёсоор зарлана гэжээ. Шинээр хэрэгжүүлэх системийг Засгийн газрын дэргэдэх цахим системд шилжүүлэх шинэ хэлтэс аль хэдийн есдүгээр сарын 1-нээс эхлэн ажиллаж эхэлсэн байгаа аж. Одоогийн байдлаар дархлаажуулалтад хамрагдсан гэдгийг нотлох цаасан гэрчилгээг авах боломжтой болсон. Харин, шинээр гаргах цахим паспортыг Японы иргэд эхний ээлжинд хилийн чанадад зорчихдоо ашиглахаар төлөвлөж байгаа юм.
Долдугаар сарын сүүлчээр тус улсын эрх баригчид коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан японы иргэдэд дархлаажуулалтын тусгай паспорт олгох хүсэлтийг хүлээн авч эхэлсэн. Японы эрх баригчдын үзэж байгаагаар, ийм баримт бичгээр далимдуулан бусдыг ялгаварлан гадуурхах, дархлаажуулалтыг албадаж болохгүй гэжээ. Үүний зэрэгцээ, ийм практик нь гадаадад зорчиж буй хүмүүсийн дунд халдварын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай гэж онцолжээ.
Японы Бизнес Эрхлэгчдийн Холбооноос өнгөрсөн зургадугаар сард тус улсад вакцинжуулалтын цахим паспортыг нэвтрүүлэх талаар холбогдох байгууллагуудад хандсан аж. Энэ нь коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засгийн үйл ажиллагааг хурдан хугацаанд сэргээхэд шаардлагатай гэдэгт итгэлтэй байгаагаа тус байгууллага илэрхийлсэн. Японы бизнес эрхлэгчид мөн вакцин хийлгэсэн хүмүүст кафе, ресторанд хөнгөлөлт үзүүлэх гэх мэт янз бүрийн урамшуулал үзүүлэхийг дэмжсэн байна.
Үүний зэрэгцээ, тус холбооноос вакцинжуулалтын паспортын системийг бий болгохдоо хараахан вакцинжуулалтад хамрагдаж амжаагүй иргэдийг хамгаалсан хатуу дүрмийг мөн тусгах шаардлагатай байгааг онцлов.
Японд дархлаажуулалт хоёдугаар сарын дунд үеэс эхэлсэн. Эхний ээлжинд, эмнэлгийн ажилчид хамрагдсан. Дөрөвдүгээр сарын 12-нд 65-аас дээш насны 36 сая хүнд вакцинжуулалт хийж эхэлсэн бол өнгөрсөн сараас бүх насны хүмүүсийг дархлаажуулж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар вакцины эхний тунг 72,2 сая хүн буюу хүн амын 57,2 хувь, харин хоёр дахь тунг 58,8 сая хүн /46,2 хувь/ хамрагдаад байгаа аж.
(Эх сурвалж: tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.