Алт олборлогчдын нууж байсан техник хэрэгслийг илрүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Сэлэнгэ аймагт хийсэн хамтарсан хяналт шалгалтын явцад тус аймгийн Хүдэр, Ерөө сумын нутаг Толгойт, Агуйт зэрэг газрын ууланд нууж далдалсан экскаватор болон бусад техникийг илрүүлсэн байна. Дээрх техникүүдийг зарим бичил уурхай хууль бусаар алт олборлохдоо ашиглажээ.
Шалгалтыг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналт болон цагдаагийн газар, БОАЖГ, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Гадаадын иргэн харьяатын хойд бүс дэх газар, Хүдэр сумын Засаг дарга, хэсгийн мөрдөгч, байгаль орчны хяналтын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хийж байна.
Хяналт шалгалтын явцад зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар алт олборлоход ашигласан техник хэрэгслээ нуун далдлах, эзгүй хаяж зугатах зэрэг зөрчил илэрсэн.
Эдгээр зөрчлүүдийн эзэн холбогдогчийг тогтоох, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийг шалган хариуцлага хүлээлгэх ажил үргэлжилж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.