ДЭЛХИЙНИЙГЭМ

“Эбола” вирус хүний биед таван жилийн турш амьдрах чадвартай

Эбола вирусийн халдвар авсан хүмүүс халдвар авснаас хойш хэдэн жилийн дараа ч халдварын вирус нь хэвээр үлддэг гэсэн дүгнэлтийг Францын Монпелье Их Сургуулийн эрдэмтэд 2021 онд Гвиней улсад “Эбола” вирусийн халдварын тархалтыг судалж үзэсний эцэст гаргасан байна.

Үүнээс өмнөх судалгаануудад “Эбола” вирус нь хүний ​​биед удаан хугацаагаар “унтаа” байдалтай нуугдах чадвартай болохыг тогтоосон байсан. Вирус цусанд биш харин эд эсэд шигддэг тул шинжилгээгээр үүнийг илрүүлэх боломжгүй байсан гэнэ.  

Тухайн үед “Эбола” вирус хүний биенээс нэг хоёр жилийн дараа алга болдог гэж үзэж байв. Гэтэл, шинэ судалгааны зохиогчид вирусийн “урт наслалт”-ын талаар шинэ дээд амжилтыг тогтоов.

“Эбола” вирус нь нэгэн эмэгтэйн биед таван жил байсан бөгөөд үүний дараа шинээр халдвар авах хангалттай идэвхитэй байсан гэнэ.

Гвиней улсад 2021 онд “Эбола” вирусийн халдварын 16 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас баржээ. “Эбола” вирусийн эх үүсвэрийг олж тогтоохын тулд эрдэмтэд өвчтөнүүдээс дээж авч, вирусийн геномд шинжилгээ хийсэн аж.

Ихэнхи тохиолдолд “Эбола” вирус амьтнаас хүнд халдварладаг. Гэсэн ч, энэ тохиолдолд дүн шинжилгээ хийснээр вирус нь 2013-2016 оны давалгааг үүсгэсэн вирустэй тун төстэй байсан гэнэ. Хэрэв тэр цагаас хойш вирус нь олон нийтийн дунд идэвхитэй тархаж байсан юм бол тодорхой тооны мутаци хуримтлагдсан нь мэдээж. Гэсэн ч, үүнд ердөө 12 мутаци орсон гэх бөгөөд энэ нь тооцоолж байснаас хавьгүй бага байсан аж.  

“Унтаа” байдалтай байсан вирус хэдийд “сэрж” дахин амь ордог  болохыг эрдэмтэд одоог хүртэл тогтоогоогүй байгаа юм. Магадгүй хүний биеийн дархлаа буурахад “амилдаг” байх гэж таамаглаж байна. Ихэнхи өвчтэй хүмүүсийн хувьд эсрэг биетийн өндөр титр нь өвчнөөс хойш таван жилийн дараа ч хадгалагддаг аж. Гэсэн ч, эрт орой хэзээ нэгэн цагт “унтаа” байгаа вирус сэрснээр дахин халдвар авах боломжтой.

“Эбола” вирусийн халдвар авсан хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг байнга хянаж байх ёстой гэж шинжээчид онцолсон байна. Халдварын эх үүсвэр нь вирусийн халдвар авсан ч өвчний шинж тэмдэггүй халдвар авсан хүмүүс байж болох талтай ажээ.

Эрдэмтэд өмнө нь, 2014-2015 онд “Эбола” вирусийн хамгийн том тархалт сарьсан багваахайнаас үүдэлтэй болохыг нотлох баримт олсон. Либери Улсад нэгэн хаягдсан уурхайн ойролцоохон халдвар тээгч байж болзошгүй сарьсан багваахай барьж байжээ.

(Эх сурвалж: mir24)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button