
АНУ-ын анхны хар арьст Төрийн нарийн бичгийн дарга, генерал Колин Пауэлл өчигдөр даваа гараг /2021.10.18/-т 84 насандаа “COVID-19”-ийн хүндрэлийн улмаас таалал төгссөн талаар түүний гэр бүлийнхэн мэдэгджээ.
“Бидний гайхалтай, хайртай нөхөр, аав, өвөө, агуу америк иргэнээ алдлаа” хэмээн Пауэллийн гэр бүлийнхэн “Фэйсбүүк” хуудсанд нийтлэхийн сацуу түүнийг вакцины бүрэн тунд хамрагдсан гэж онцолжээ.
Тэрбээр Штабын дарга нарын нэгдсэн хорооны даргын албыг хашиж байсан анхны Африк гаралтай америк хүн байв. 2001 онд түүнийг Ерөнхийлөгч Жорж Бушийн дэргэдэх Төрийн нарийн бичгийн даргаар санал нэгтэйгээр баталж, өнөөг хүртэл тус улсын хар арьст иргэдийн хамгийн өндөр албан тушаалтан хэвээр байв. Колин Пауэлл залуу наснаасаа гучаад жил АНУ-д цэргийн алба хааж генерал цол хүртсэн билээ.
2003 онд Пауэлл Саддам Хуссейнийг үй олноор хөнөөх зэвсэгтэй байсан гэж мэдэгдэж, Ирактай хийсэн АНУ-ын дайныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн өмнө хэлэлцэх үед түүний нэр хүнд ихээхэн уналтанд орж байсан удаатай. Тухайн үед тэрбээр үй олноор хөнөөх химийн зэвсэг олдсон хэмээн зүтгэж байсан ч ямар ч зэвсэг олдоогүй юм. Гэсэн ч тэрбээр Иракийн дайнд дэмжлэг үзүүлнэ гэсэн бодлоо тууштай хамгаалж байсан нэгэн байв.
Түүнийг нас нөгчсөнд Ерөнхийлөгч асан Жорж Буш болон түүний гэргий гүн эмгэнэл илэрхийлжээ.
(Эх сурвалж: cgtn)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.