НийгмийнСПОРТ

Жүдоч Л.Отгонбаатар, Д.Төмөрхүлэг нар үндэсний бөхийн мэргэжлийн лигт барилдана

Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн арваннэгдүгээр сарын барилдаанд зодоглох 81  бөхийн нэр тодорлоо. Энэ удаагийн барилдаанд улсын харцага цолтой хоёр, улсын начин 14, аймгийн арслан 27, аймгийн заан долоо, аймгийн харцага зургаа, аймгийн начин 17, сумын заан долоо, сумын начин нэг бүртгүүлжээ.

Тэдний дунд жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Лхагвасүрэнгийн Отгонбаатар, ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг нар багтсан нь олны анхаарлыг ихээхэн татав.

Монголын өнөө цагийн хамгийн шилдэг жүдочдын нэг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны бөх Л.Отгонбаатар аймгийн арслан цолтой. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь тэрбээр бөхийн удамтай. Аймгийн алдарт уяач Н.Лхагвасүрэнгийн хүү түүний төрсөн ах нь улсын начин Л.Шинэбаатар, аймгийн арслан Л.Үйтүмэн нар юм.

Л.Шинэбаатар 2016 онд улсын начин цол хүртсэн бол Л.Үйтүмэн төрийн наадамд хоёр удаа зодоглохдоо тус бүрт нь гурав давж, нэгд нь улсын арслан Х.Мөнхбаатарт, нөгөөд нь улсын аварга Д.Сумъяабазарт өвдөг шороодсон. Улсын гарьд Б.Гончигдамба түүний хүргэн ах бол үеэлүүд нь аймгийн цолтой Ц.Нямдорж, Ц.Баасандорж нар билээ.

Монголын жүдо бөхийн хөнгөн жингийн нэгэн тод өнгө нь болж явсан Д.Төмөрхүлэг сүүлийн жилүүдэд тэмцээнд төдийлөн оролцохгүй байгаа. Олимп, дэлхийн медальтан болох хамгийн өндөр магадлалтай явсан цаг саяхан.

Сүүлд буюу 2019 онд Загребын гран пригээс хүрэл медаль хүртсэнээсээ хойш томоохон амжилт төдийлөн гаргаагүй тэрбээр Азийн АШТ, Азийн наадмын аварга. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь Д.Төмөрхүлэг сумын заан цолтой. Түүний аав нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат бөх, улсын харцага Ч.Даваадорж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button