
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэвлэлийн бага хурлын үеэр коронавирусийн халдварын шинэ хувилбар болох “Омикрон”-ыг түгшүүр төрүүлж, санаа зовоох хувилбар ч гэлээ сандрах шалтгаан биш гэж мэдэгдлээ. Түүний энэ мэдүүлгийг Цагаан ордон цахим хуудсуудаар дамжуулан нэвтрүүлжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ “Омикрон” хувилбарыг хүн төрөлхтөнд нүүрлэсэн шинэ аюул гэж зарласан даруйд Өмнөд Африк зэрэг Африкийн найман улсын иргэдийг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг хориглосон гэж Америкийн Төрийн тэргүүн онцолсон.
Жо Байдены хэлснээр, хязгаарлалт тогтоох шийдвэр нь “КОВИД-19”-ийн шинэ хувилбарт халдвар гарч, тархахаас урьдчилан сэргийлж хамгаалах арга хэмжээ авах цаг хугацааг хожсон гэж үзэв.
“Бид энэ хувилбартай ямар ч эмх замбараагүй байдал, төөрөгдөлгүйгээр шинжлэх ухаанчаар, чадварлаг аргаар мэргэжлийн түвшинд тэмцэх болно” гэж Байден хэлэв.
“Омикрон” хувилбар бол 2021.11.11-нд Өмнөд Африкт илэрсэн “B.1.1.529” кодтой шинэ төрлийн коронавирусийн шинэ мутацилагдсан хувилбар бөгөөд Европын улс орнуудад эл хувилбарын халдварын тохиолдол илэрсэн нь бүртгэгдсэн.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ энэ хувилбарыг аюултай гэж үзээд “Омикрон” нь өмнө нь “КОВИД-19”-ийн халдвар авсан ч эдгэрсэн хүмүүс халдвар авах эрсдэл өндөр байж болзошгүйг анхааруулсан билээ.
(Эх сурвалж: Lenta)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.