
Италийн цагдаа нар “Google Maps” буюу газрын зургийн тусламжтайгаар 20 орчим жилийн турш оргон зайлсан зартай мафийн гэмт этгээдийг баривчилсан гэж Италийн мөрдөн байцаагч лхагва гараг /2022.01.05/-т “Рёйтерз” агентлагт мэдээлжээ.
Хоёр жил үргэлжилсэн мөрдөн байцаалтын эцэст 61 настай Жоаккино Гаммино гэх этгээдийг Испанийн Галапагар хотод хуурамч нэрээр амьдарч байхад нь олж илрүүлсэн аж. Тус хот нь нийслэл Мадридтай ойрхон хот. Хотын жимсний дэлгүүрийн өмнө түүнтэй төстэй эрэгтэйг дүрсэлсэн “Google Maps” гудамжны зураг мөрдөн байцаалт явуулахад гол үүрэг гүйцэтгэсэн аж. Италийн мафийн эсрэг цагдаагийн албаны /DIA/ дэд захирал Никола Альтьеро “Фотограмм нь бидний уламжлалт аргаар мөрдөх ажиллагаанд нэлээд том тус хүргэлээ” хэмээв.
“Стидда” хэмээн Сицилийн мафийн бүлгийн гишүүн Гаммино нь 2002 онд Ром хотын Ребиббиа шоронгоос оргожээ. 2003 онд харин түүнд олон жилийн өмнө хүн амины хэрэг үйлдсэнийх нь төлөө бүх насаар нь хорих ял оноосон байсан. Альтьеро хэлэхдээ, Гамминог одоогоор Испанид саатуулсан ба хоёрдугаар сарын эцэс гэхэд түүнийг Итали руу авчрахаар төлөвлөж байгаа аж. “Рёйтерз” агентлаг энэ хэргээр тайлбар авах гэж оролдсон ч Гамминогийн бие төлөөлөгчийг олж чадаагүй байна.
(Эх сурвалж: Reuters)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.