НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Үргэлжилсэн борооны дараах НИЙСЛЭЛИЙН ГУНДУУ ТӨРХ

Улаанбаатарт гурав хоног усархаг бороо орсноос зам талбай ихээхэн эвдэрсэн дүр зураг нүдэнд илхэн. Хэд алхаад л тогтоол ус, шалбааг хаа сайгүй.  

Ойр ойрхон гэнэт орох усархаг бороонд яваа хүмүүсийн дотор усны гутал, өнгө өнгийн борооны цув, шүхэр барьсан бэлтгэл сайтай хүмүүсээс гадна өндөр өсгийттэй, нимгэн хувцастай, шалба норсон хүмүүс ч цөөнгүй.

Их ус тогтсон зам талбайг бага насны хүүхдүүд өндөр настнууд тойрч, үсэрч харайж чадахгүйн улмаас шууд л гутлаараа шал шал хийтэл туулаад гарч байв. Зарим нэг нь “хоёулаа норохоор нэг нь норъё” гээд найзыгаа үүрээд зам гарах аж. Түүнчлэн пүүз, гутлаа норгохгүйн тулд гялгар уут өмсөж амжсан сэргэлэн хүмүүс хэд хэд харагдав.  

Жолооч нар замын хажуугаар тогтсон борооны усыг тоолгүй хурдтай өнгөрснөөс явган хүн рүү ус цацарч, хувцас эд зүйлийг нь бохирдуулахад хүмүүс орилолдон ийш тийш болцгоох нь ч харагдана. Ийм тохиолдолд албаны утсанд мэдэгдэж, торгууль, шийтгэл ноогдуулж болно гэх мэдээллүүд цахим орчинд хөврөх авч, начир дээрээ тэр нь худал. Тиймээс ч замтай ойрхон явж, шавхай цацуулсан иргэний хохь болон үлдэх нэгэн дүр зураг.  

Гудамжинд тоглож байгаа хүүхдүүдээс “Бороо орох гоё байна уу? гэж асуухад” , “Гоё байна усаар тоглоод” хэмээн шуугилдан гүйлдэнэ. Тэдний заримынх нь хувьд дугуйгаар шалбааг усыг туулах мөн чиг сонирхолтой байх шиг. Гэвч гэр хороололд орсон их борооны улмаас зарим айлын жорлон дүүрч бохир нь хальжээ. Хүүхдүүд хөрс, усны бохирдолтой энэ орчинд өдрийг өнгөрүүлж, хөгжилдөн тоглоно. Энэ л дүр зураг гэдэсний халдварт өвчин тарах үүр уурхай болсон байх юм. Гэвч томчууд бид тоолгүй өнгөрч буй бас нэгэн дүр зураг.

Хүүхдүүдээс гадна настнууд “Ийм бороо ус ихтэй үед гэр хороолол руу таксинууд явдаггүй. Зам муу мөн шавар шалбааг бохир ихтэй, “Хаашаа явах юм гэж асуучихаад л яваад өгнө шүү дээ” хэмээн зовлонгоо учирлан, шавар шавхайгаа тойрох аядан алхана.

Үргэлжилсэн их борооны дараах нийслэлийн нэгээхэн хэсгийн дүрийг ийн товч зураглав.    

Д.ЦЭРЭНЧИМЭГ

 ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button