Ярилцлага

О.Батбаяр: Хөөрөглөвөл коронавируст халдвараар хамгийн хурдан өвчилнө

Цагаан сарын баярыг хоёр жил өнжсөн монголчууд энэ удаа хуучных шигээ өргөн дэлгэр биш ч тодорхой хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл базааж байна. Харин баярын хүрээнд хөөрөг солилцон тамхилдаг, золгохдоо үнсэж, үнэрлэдэг болон бага насны хүүхдээ дагуулаад айлаар зочилдог зэрэг нь коронавируст халдвар дамжуулах эрсдэлтэй байгаа талаар УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлж байна.

Түүнтэй товч ярилцаж, мэдээлэл авлаа.

-Цагаан сараар монголчууд хөөрөглөж, мэндээ мэдэлцдэг. Гэвч энэ нь халдвар дамжуулах зам болох вий гэсэн болгоомжлол байна л даа, хэр үндэслэлтэй вэ?

-Үндэслэлтэй. Монголчууд хөөргөөр хоёр янзаар тамхилдаг шүү дээ. Нэг бол тамхиа халбагаар хутгаж аваад, хумсан дээрээ тавиад татдаг. Ингэхдээ мэндчилж буй хүнтэйгээ хөөргөө зөрүүлж, сольж аваад татаж байгаа. Хоёрт, хөөрөгний толгойг дутуу нээж байгаад үнэрлэж татдаг. Энэ хоёр хэлбэр нь хоёулаа, зөвхөн коронавирус ч гэлтгүй бусад халдварыг дамжуулах өндөр эрсдэлтэй байгаа юм.

-Халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, Цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлэхэд чиглэсэн өөр ямар сэрэмжлүүлэг байна вэ?

-Золгохдоо нэг нэгийнхээ хацрыг үнэрлэдэг ч юм уу үнсдэг уламжлал маань ч халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа үйлдэл мөн л дөө. Үүн дээр ч анхаармаар байгаа юм.  Түүнчлэн бага насны хүүхдийнхээ хамт айлаар хэсэх нь халдвар тараах эрсдэл бий болгож байгаа.

-Яагаад юм бол?

-Сүүлд хийгдсэн гадаадын болон дотоодын судалгааг харахад 12-оос доош насны хүүхдүүд халдвар авах нь элбэгээс гадна шинж тэмдэггүй өвдөж байна. Мөн гэртээ 12-оос доош насны хүүхэдтэй гэр бүлийн бүх гишүүд халдвар авах нь их байгаа юм байна. Үүнээс, насанд хүрсэн хүмүүс хүүхдээсээ халдвар авч байна гэсэн дүгнэлт гарч ирж байгаа юм.

Тэгэхээр бага насны хүүхдээ дагуулаад айл хунараар зочлох нь энэ утгаараа халдвар тараах бас нэгэн эрсдэлийг бий болгож байна.

-Цагаан сарын үеэр халдвар эрс нэмэгдвэл эмнэлгүүдийн хүчин чадал хэр хэмжээнд бэлтгэгдээд байгаа вэ?

-Цагаан сарын баяр эхлээгүй байгаа боловч эмнэлгүүдийн ор дүүрэх хандагатай болчихлоо. Өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүс коронавирусийн шинэ хувилбараар өвчилж, хүндэрч, эмнэлэгт  ихээр хэвтэх болсонтой холбоотой. Түүнчлэн Омикрон хувилбарын BA.2 гэсэн шинэ мутац дэгдэж байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ хувилбар хурдан тархацтайн дээр вакцинд тэсвэртэй байгааг судлаачид анхааруулж байна. ВА.2 мутац АНУ-д элбэг тархаад байгаа бөгөөд тэндээс ирсэн монголчууд хүн ам дунд эл мутацыг тараах эрсдэл байгааг ч онцлох хэрэгтэй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button