“Эгүүр” брэндҮйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: 1000 эмэгтэйг ажлын байртай болгох хоёр бүсгүйн мөрөөдлийн цэг "MONGOL MADE"

Дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг хангаж, 1000 эмэгтэйг ажил, орлоготой болгох зорилготой MONGOL MADE”. Энэ өгүүлбэрийг уншигт та хаа нэгтээгээс харж, сонсож, бүр хэдийн танил болсон ч байж магад.

Еguur.mn” сайт олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Үйлдвэрлэгч” буландаа эх орныхоо хөрсөнд ургадаг, хүний биед ашиг тустай өвс, ургамлын найрлагатай савангаар хангахыг зорьж яваа “Mongol made” нэгдлийг онцоллоо.

Брэндийн нэр: “Мongol Made”

Компанийн нэр: “Мongol Made” ХХК

Үүсгэн байгуулагч: Гүйцэтгэх захирал Б.Солонго, Б.Пунсалмаа

Сошиал хуудас: Фейсбүүк хуудас “Mongol made”, www.mongolmade.mn

Холбогдох утасны дугаар: 83010140

Өнөөдөр савангийн 95 нь импортоос шууд хамааралтай. Энэ хэрээрээ сүүлийн жилүүдэд бяцхан үрсийн арьсны харшлын асуудал өндрөө авч байна. Нефтийн хаягдал тосоор хийсэн импортын хямдхан савангуудаас шалтгаалаад шүү дээ. Иймд Б.Солонго, Б.Пунсалмаа гэх хоёр бүсгүй гар нийлж, зориг шулуудан нэгдүгээрт, дотоодын ядаж 50 хувийг байгалийн эрүүл органик, хямд савангаар хангая. Хоёрдугаарт, гэртээ саван хийж байсан туршлагатай эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахыг эрмэлзэж явна.

Ингээд тэд ХААИС-ийн эрдэмтэн, докторуудын олон жилийн судалгаа шинжилгээнд суурилан, импортоор орж ирдэг саванг орлохуйц брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг эхлүүлжээ. Өдгөө тэд яг нэг жилийн ойтойгоо золгож байна.

“Mongol Made” төслийн эрүүл органик бүтээгдэхүүнүүдийг Б.Солонго, Б.Пунсалмаа гэх хоёр бүсгүйгээс салгаж ойлгох аргагүй. Өнөө цагт нийгэмдээ үйлдвэрлэгч, бизнесмен эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон эрүүл органик саван хийх санаагаа хэрхэн олж, үйлдвэрлэлээ яаж эхлүүлж байсан бэ?

-ГАНЦХАН ЖИЛИЙН ДОТОР 100 ЭМЭГТЭЙГ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОСОН ЭХЛЭЛ-

Энэ тухай үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Солонго “2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр “Mongol Made” нэгдлийг анх өөрийн найз Б.Пунсалмаатай хамт үүсгэн байгуулж байлаа. Анхнаасаа зорилгоо тод томруунаар төсөөлсөн нь 1000 эмэгтэйг ажлын байртай болгох, Монголын савангийн хэрэглээний 50 хувийг дотооддоо үйлдвэрлэх байв. Монгол Улсын хатуу савангийн жилийн хэрэглээ 15 сая ам.доллар.

Энэ хэрэглээний 50 хувийг дотооддоо хангаснаар нефтийн хог хаягдлаар хийсэн савангийн хэрэглээг байгалийн цэвэр эрүүл бүтээгдэхүүнээр солих. Нөгөө талаар байгальд ихээр хаягдаж буй өөх тосыг бүтээгдэхүүн болгон гаргах нь нэгдүгээрт, байгальд ээлтэй.

Хоёрдугаарт олон эмэгтэйг ажилтай, орлоготой болгох ирмүүн хүсэл тээж эхлүүлсэн. Гурван жилийн дотор 1000 эмэгтэйг ажлын байраар хангах зорилготой төсөл өнөөдөр 100 эмэгтэйг ажилтай, орлоготой болгочихсон, 25 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлчихсэн амжилттай үргэлжилж байна” хэмээлээ.

Мөн “М-ойл”-ын захирал Б.Пунсалмаа бизнесийн салбарт 20 гаруй жил ажилласан. Дэд бүтцийн салбарууд дээр маш олон жил ажилласан туршлагатай. Энэ утгаараа нийгмийн ач холбогдолтой төсөлд илүү бүтээлч байх, нэмүү өртөг шингэсэн ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох вэ гэдгийг өргөн утгаар нь харсан. Бид ажил төрлийн холбоогоор анх гурван жилийн өмнө уулзаад удалгүй “саван хийе” гэдэг саналыг надад тавьсан. Би олон нийтийн харилцааны салбарт ажиллаж байсан учир үйлдвэрлэлийн тэр тусмаа савангийн салбарын төсөөлөл харьцангуй бага байлаа.

-"НЕФТИЙН МАГНАТ НЕФТЭЭ Л ЗАР" ГЭХ СӨРӨГ ХАНДЛАГЫГ СӨРЖ ЯВАА АМЖИЛТ-

“Ковид-19” цар тахлын нөлөөгөөр ахуйн хэрэглээ, ариутгалын бүтээгдэхүүний зах зээл огцом тэлсэн. Хүмүүс өмнөхөөсөө хоёр дахин гараа угаадаг болчихлоо. Нөгөө талаар импортын бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах зэрэг бүх таатай нөхцөл тохироо бүрдсэн. Ингээд л бүх цаг хугацаа, зүрх сэтгэлээ зориулаад орсон доо. Бүх зүйл бодож төсөөлж байсны дагуу болсон. Нэг жилийн хугацаанд маш их зүйлийг амжуулж чадсан гэж дүгнэж байна” гэж онцоллоо.

Ингэж амжилттай эхлүүлсэн тэд саараасаа илүү сайхан магтаалууд илүү ихийг сонсож яваа. Харин “Нефтийн магнат нефтээ зараач. Гэртээ саван, банны бөмбөлөг хийж буй өрхийн үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн орон зайг битгий булаа” гэдэг дайралтууд мэр сэр ирэх болжээ.

Гэхдээ мянга мянган эмэгтэйчүүд гэртээ савангийн үйлдвэрлэл эрхлэлээ гэхэд тэр нь Монгол Улсын бүх дэлгүүрийн лангууг дүүргэж чадахгүй юм. Учир нь үндэсний хэмжээний үйлдвэрлэл эрхэлж байж дотоодын хэрэгцээг хангаж чадна гэдэг нь маргашгүй үнэн билээ. Тиймээс өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн өмнүүр орж, бизнесийг нь булаасан асуудал огтоос биш гэдгийг энд зориуд онцолмоор санагдав.

-ШИНЭЭР АЖИЛД ОРСОН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ГУРАВХАН ХОНОГИЙН ДОТОР-

-Нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, ажил хөдөлмөр эрхлэлт, карьер зэргийг харахад маш эмзэглэмээр тоо харагддаг. Энэ утгаараа та хоёрын хувьд эмэгтэйчүүдийг ажлын байраар хангана гэж зорьж яваа тань илүү их анхаарал татлаа?

-Бид оршин буй нийгэм, хүрээлэлдээ тодорхой хэмжээний манлайлал үзүүлж яваа эмэгтэйчүүд. Энэ манлайллыг илүү өргөн, илүү тархацтай болгохын тулд савангийн салбарыг түшиглэж явна. Саван хийхэд өндөр мэдлэг, чадвар шаардагдахгүй. Мэдээж технологи, иноваци, бизнес менежмент талаасаа ур чадвар шаардлагатай. Арга аргачлалыг нь заагаад өгчихвөл эмэгтэй хүн бүр хийж чадах үйлдвэрлэл юм. Тэр битгий хэл өрхийн үйлдвэрлэлийн түвшинд ч хийгээд явах боломжтой.

Түүхий эд хямд, хөрс суурь нь бэлтгэгдчихсэн. Талх шиг өдөр бүр хэрэглэгддэг бүтээгдэхүүн бол саван. Энэ утгаараа саван үйлдвэрлэлийн салбарт хамгийн олон эмэгтэйг ажлын байраар хангах боломж байна гэдгийг бид олж харсан учраас зорилгоо хэрэгжүүлэхээр урагшаа зүтгэсэн. Бидний тооцоо алдаагүй, зөв байсан гэдэг нь нэг жилийн дараа харагдлаа.

-Ажилд авч буй эмэгтэйчүүддээ ямар шаардлага, шалгуур тавьдаг юм бэ?

-Б.Пунсалмаа бид хоёр өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд саван хийдэг бүх эмэгтэйчүүдтэй уулзсан. 200, 300 гаруй ярилцлага хийсэн. Тэдэнд тулгарч буй зовлон бэрхшээл юу вэ, эцсийн бүтээгдэхүүн гараад дэлгүүрийн лангуун дээр хүртэл эмэгтэйчүүдийн оролцоо юу байх вэ гэдгийг нэг бүрчлэн судласан. Аливаа зүйлийг урвуугаас нь эхэлнэ гэдэг шиг нэгжээс ерөнхий рүү биш ерөнхийгөөс нэгж рүү орох ёстой гэдгийг маш сайн ойлгосон. Эрдэмтдийн судалгаа, ноу хау, мэргэжлийн дизайн, хими технологи зэргээс буюу дээрээс нь эхэлсэн. Бүрэн зураглалаа зурчхаад доошоо нэвтрэхгүй бол доороосоо бүхнийг эхэлбэл хөл толгой нь олдохгүй явах байлаа. Одоо ажиллаж байгаа 100 хүн дараагийн 1000 хүнээ бэлтгэх, чадавхжуулах гол цөм нь.

-21 аймаг, 9 дүүрэгт салбараа нээхээр зорьж байгаа юм билээ. Орон нутагт ажилд орж байгаа эмэгтэйчүүдээ чадавхжуулах тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Мэргэжлийн баг очиж чадавхжуулна. 5-10 хүний бүрэлдэхүүнтэй баг гурван өдрийн сургалт орж, аюулгүй ажиллагааг нь зааж өгөөд ирж байгаа. Орон нутагт нээгдсэн хоёр салбарт яг ингэж ажилласан. Цаашид болж өгвөл нийслэл дэх үйлдвэртэйгээ танилцуулна.

-ЦАР ТАХЛЫН ХҮНД ҮЕД САВ, БАГЛАА БООДОЛ СААТАЛГҮЙ 25 НЭР ТӨРӨЛ МЭНДЛЭВ-

-Бүтээгдэхүүнээ хөдөө орон нутагт борлуулаад эхэлчихсэн үү?

-21 аймгаас 15 онцгой эрхт борлуулагчаа авчихсан. Орон нутгийн борлуулалт хотынхоос давж байгаа нь бидний анхаарлыг татаж байна.

-Одоо 25 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа гэсэн. Цаашид нэр төрлөө нэмэгдүүлэх үү?

-Бүтээгдэхүүний төрөлжилт маш чухал. Ганцхан ширхэг бондгор барааны савантай байвал зах зээлийг бараихгүй. Тиймээс шингэн саван төдийгүй ахуйн цэвэрлэгээ, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү тэлэлтээ хийсэн. Удахгүй лаа хүртэл хийж худалдаанд гаргана.

Өнөөдөр пропейнтэй лааны үнэр хорт хавдарын үүсгэвэр болж байна. Гэтэл Сэлэнгийн зөгийчдөө дэмжээд зөгийн лавыг нь худалдан аваад үнэтэй ч хамаагүй лаа үйлвэрлэх ёстой. Үнэтэй ч хамаагүй эко, органик бүтээгдэхүүнийг авч хэрэглэх ёстой гэдэг ухамсрын тойрог руу оруулах гээд оролдож байна.

Цагаан сарын борлуулалтаас харахад хүмүүсийн хэрэглээнд дороо л нэврэх шинжтэй. Итгэл найдвар ч төрлөө. Ингэлээ гээд 40, 50 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй. Одоогоор 25 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоод байгаа. Нэмж тавыг гаргана. Тэгээд ерөнхийдөө 30 бүтээгдэхүүний тогторжуулалт дээр анхаарна.

-Түүхий эдээс гадна, сав баглаа боодол хил дээр гацсаны улмаас дотоодын үйлдвэрлэгчдийг сөхрүүлж буй тохиолдол маш их гарч байна. Танайх сав баглаа боодлын асуудлаа хэрхэн шийдсэн бэ. Хүндрэл, бэрхшээл тулгарав уу?  

-Бид яг үнэндээ дотооддоо цаасны үйлдвэртэй болж байж сав, баглаа боодлын асуудлаа шийднэ. Сав баглаа боодлоо таслахгүйн тулд заримдаа онгоцоор ч тээвэрлэлт хийх шаардлага гардаг. Бид Францын дэлхийн шилдэг брэндүүдийн дизайныг хариуцан ажилладаг Messieurs агентлагтай хамтран ажиллаж байна. Гүйцэтгэлийг Хонконгийн том компани хариуцаж буй. Энэ утгаараа сав баглаа боодол, үнэр, орц найрлагаар ялгардаг.

Хямралын үед түүхий эдээ маш сайн татсан учир үйлдвэрлэл зогсолтод орох, хохирол амсах, шоконд орох зэрэг асуудалтай тулгараагүй.

-БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГ-

Бүтээгдэхүүний гол давуу тал нь Монгол орны хөрсөнд ургадаг, хүний биеийг анагаах ашиг тустай өвс, ургамал, жимс жимсгэнийн орц найрлагатай. Халгай, ганга өвс, багваахай цэцэг, арц гэхчлэн. Малын цэвэршүүлсэн өөх тос, амьтан ургамлын гаралтай тос манай саванд тодорхой харьцаагаар ордог. Химийн бодисоос зөвхөн натрийн шүлт ордог. Жирийн савангаар угаахад арьс хуурайшдаг бол “Mongol made”-ийн саван хуурайшуулахгүй онцлогтой. Саван бүр өөр, өөрийн үйлчилгээтэй. 

БАГВААХАЙТАЙ САВАН: Ямааны тос, наргил модны самрын тос, чидун жимсний тос, наранцэцгийн тос, шүлт, нэрмэл ус, багваахайн ханд гэсэн орц найрлагатай. Багваахай цэцгэнд агуулагддаг апигенин ба апигенин 7-О бетта глюкозид нь арьсны гүн давхарга руу нэвтэрч хөгшрөлтөөс үүдэн буурдаг коллаген уургийн нийлэгжих явцыг эрчимжүүлж арьсыг гүн цэвэршүүлж, өнгийг сэргээн үрэвсэл болон арьсны меланом үүсэхээс хамгаалдаг байна. Арьсыг хортой нөлөөнөөс хамгаалах антиоксидант үйлчилгээтэй. Харин хлорофилл нь нянгийн эсрэг үйлчилгээтэй шарх шархлааг анагаахад тустай холбогч эд үүсэх, нөхөн төлжих үйл явцыг дэмждэг гэнэ.

ЯМААНЫ ТОСТОЙ ХҮҮХДИЙН САВАН: Ямааны тос, наргил модны самрын тос, наранцэцгийн тос, шүлт, нэрмэл ус агуулсан. Монгол малын өөх тосыг ашиглан бүтээсэн бөгөөд экологийн цэвэр бүтээгдэхүүн тул арьсанд дараах нөлөөг үзүүлдаг байна. Арьсан дахь нян бактери болон мөөгөнцрийг устгах болон хамгаалах давхрага үүсгэх, үрэвслийн эсрэг, арьсыг нөхөн төлжүүлэх, А, Д, K, Е витаминаар баялаг тул арьсыг нөхөн төлжүүлэх, гадаргуу дахь бактери болон вирусыг устгах үйлчлэлтэй.

АРЦТАЙ САВАН: Ямааны цэвэршүүлсэн тос, наргил модны самрын тос, чидун жимсний тос, шүлт, нэрмэл ус, Завханы Отгонтэнгэрийн ямаан арц гэсэн найрлагатай. Ямаан арцны эфирийн тосны бичил биетний эсрэг идэвхи, мөөгөнцөр, бактери устгах үйлчлэлтэй. Ямаан арцны анхилам сайхан үнэр нь тайвшруулах, идээт шарх, үрэвслийг дарангуйлах үйлчлэлтэй.

Мөн луувантай саван, Шилмүүстэй гарын шингэн саван, Чацарганатай саван, Хусны бионүүрстэй саван гэхчлэн маш олон төрлийн эко саван үйлдвэрлэдэг.

-САВАН ХЭРХЭН ҮЙЛДВЭРЛЭДЭГ ВЭ-

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал С.Сарантуяа савангийн үйлдвэрлэлийн процессыг танилцуулан тайлбарлалаа. Түүний хувьд боловсролын салбарт 39 жил багшилж буй. Хөдөө аж ахуйн их сургуульд сүүлийн 13 жил ажиллахдаа ургамалд агуулагддаг биологийн идэвхт бодисуудын талаарх судалгааг хийжээ. Бүтээгдэхүүний судалгааг арав гаруй жилийн хугацаанд хийсэн гэлээ.  

Савангийн үндсэн түүхий эд нь бог малын гаралтай өөх тос үүн дотроо ямааны цэвэршүүлсэн тос. Мөн ургамлын гаралтай тос.

1.Тосыг шүлтийн тусламжтайгаар гидройлист оруулна

2.Хэвэнд хийхээс өмнө ургамлын түүхий эдүүдээ нэмнэ /халгай, ганга, ямаан арц, багваахай цэцэг, лууван/

3.Ургамлын тосон болон усан ханд нэмээд мөн хэвэнд хийхээс өмнө эфирийн тос хийнэ.

4.Хэвлээд хэвнээс гаргаж хатаана

Ерөнхийлөн дурдвал иймэрхүү технологийн дагуу саван хийх процесс явагддаг гэв.

Хоёр өөр салбарын, тэр тусмаа өөр өөрийн ажил мэргэжлээр замнаж тус тусын амжилтад хүрсэн, хүчирхэг, бардам хоёр эмэгтэй нэг бизнест хамтран 1000 эмэгтэй ажилтай, орлоготой болгохоор зүтгэж яваа ажлын зах зухаас нь сурвалжлахад ийм байна.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 8, 2022 21:08

Их үнэтэй саван.

Хэрлэн
Хэрлэн
3 сар 9, 2022 10:55

Тэмүүлээд байгаарай бүсгүйчүүд ээ. Үндэсний үйлдвэрлэлээ үргэлж дэмжинэ ээ.

Зочин
Зочин
3 сар 20, 2022 19:37

Ёстой мундаг юм аа. Энэ хоёрыг маань төр засаг олж хараад хэдэн зуун сая төгрөг хүссэнээр нь зээлээд м�##�чид нь эх оронч сэтгэл гаргаад м�##�ынхаа өөх тосыг хөл дээрээ бостол нь хандивлаад ч хамаагүй дэмжээд өгөөсэй дээ.

Зочин
Зочин
4 сар 6, 2022 08:29

Hud hud

Холбоотой мэдээ

Back to top button