ДЭЛХИЙНИЙГЭМ

Орос-Украины гурав дахь хэлэлцээгээр улс төрийн тохиролцоонд хүрч чадсангүй

Беларусийн Беловежская Пуща хотод Орос-Украины төлөөлөгчдийн гурав дахь шатны хэлэлцээ өндөрлөсөн талаар Беларусь дахь ОХУ-ын Элчин Сайдын Яам мэдээллээ. Хэлэлцээ гурван цаг гаруй үргэлжилсэн аж.

ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский хэлэхдээ, талууд өмнөх шатнуудын хэлэлцээгээр ярилцсан сэдвийн хүрээнд ярилцжээ. Үүнд, Украины дотоод улс төрийн байдлыг зохицуулах, олон улсын хүмүүнлэгийн асуудал, цэргийн зохицуулалтын талаар ярилцсан байна. Оросын төлөөлөгчийн хэлснээр,  Украинтай хийсэн энэ удаагийн хэлэлцээрээс мөн л Оросын талын хүлээлт биелээгүй гэдгийг онцлов.

Оросын тал хүмүүнлэгийн коридор нээх асуудлыг шулуухан тавьсан ба үүний хариуд Украины тал маргаашнаас эхлэн ажиллаж эхэлнэ хэмээн мэдэгджээ. Киевийн төлөөлөгчид Оросын талаас ирүүлсэн бүх бичиг баримттай танилцахаар авч явсан гэдгийг төлөөлөгчдийн тэргүүн нэмж хэлэв.

Украины төлөөлөгчдийн гишүүн, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайло Подоляк хэлэхдээ, хүмүүнлэгийн коридорын ложистикийг сайжруулахад эерэг өөрчлөлтүүд гарч байна гээд “Твиттер” хуудсандаа “Гурав дахь шатны хэлэлцээ өндөрлөлөө. Хүмүүнлэгийн коридорын ложистикийн асуудлыг сайжруулахад бага зэрэг эерэг ахиц ажиглагдлаа. Гал зогсоох, аюулгүй байдлын баталгаа зэрэг улс төрийн үндсэн заалтуудын талаар зөвлөлдөх уулзалтууд эрчимтэй үргэлжилж байна” хэмээн бичжээ.

ОХУ-ын төлөөлөгчдийг Владимир Мединскийгээс гадна Гадаад Хэргийн дэд сайд Андрей Руденко, Батлан ​​Хамгаалахын дэд сайд Александр Фомин, Төрийн Думын Олон улсын харилцааны хорооны тэргүүн Леонид Слуцкий нар оролцсон байна.

Украины талаас Михайло Подоляк, Батлан ​​Хамгаалахын сайд Алексей Резников, “Ард түмний зарц” фракцийн тэргүүн Давид Арахамия, Ерөнхийлөгч Володимир  Зеленськийн ажлын албаны даргын зөвлөх Олексий Арестович нар оролцлоо.

Хүмүүнлэгийн коридор бий болгох асуудалд тодорхой өөрчлөлт, дэвшил гарч байна. Харин улс төрийн хувьд ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй, гэрээ хэлцэл үргэлжилж байна хэмээн Михайло Подоляк мэдэгдлээ.

Эх сурвалж: DW; Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button