
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Венесуэлийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ зөөлрүүлж, газрын тосны олборлолт болон экспортын хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. Ийнхүү Украины нутаг дэвсгэрт Оросууд түрэмгийлэн довтолсноор Венесуэл улс ашиг хүртэх нь гарцаагүй боллоо.
Энэ талаар өчигдөр гуравдугаар сарын 8-нд Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Си-Эн-Эн” /CNN/ агентлагаас иш татан мэдээлэв.
Жо Байдены эл шийдвэр нь дэлхийн эдийн засгийн Оросын газрын тосноос хараат байх явдлыг бууруулахад чиглэх аж. Түүнчлэн, АНУ ийм арга замаар ОХУ болон түүний Латин Америк дахь гол холбоотон Венесуэл хоёрын хооронд үл ойлголцол үүсгэхийг оролдож байна хэмээн шинжээчид дүгнэж эхэлжээ.
“Си-Эн-Эн” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Засаг захиргааны төлөөлөгчид Венесуэлийн нийслэл Каракас руу Жо Байдены хоригийг зөөлрүүлэх төлөвлөгөөний талаар хэлэлцээр хийхээр аль хэдийн явсан ажээ.
Өмнөх үйл явдлыг эргэн сануулахад, 2019 оны эхээр АНУ-ын Засаг захиргаа Венесуэлийн газрын тосны “PDVSA” компанийн эсрэг хориг арга хэмжээ тогтоосон. АНУ-ын эл хориг арга хэмжээний гол зорилго нь Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Америкийн эсрэг авч хэрэгжүүлж буй бодлогыг эсэргүүцэх юм. Хоригийг 2019 оны зургадугаар сард улам чангатгасан удаатай.
Ташрамд сануулахад, одоогоор газрын тосны үнэ нэг баррель нь 120 ам.доллароос аль хэдийн даваад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Оросын болон Барууны шинжээчид Оросын газрын тосны үнийг үе шаттайгаар царцааснаар нэг баррель нь 300 ам. доллар буюу түүнээс дээш үнэд хүрнэ хэмээн анхааруулж, басхүү болгоомжилж эхлээд байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
манай улс бас ингээд хожих хэрэгтэй
orosoos odoo dutuug ni mongoloos sanhuujuulj uguh heregtei