НийгмийнСурвалжилга, Нийтлэл

Нэг долоо хоногийн дотор У.Хүрэлсүхийн танхимын ТАВАН САЙД шүүмжлэлээр “бөмбөгдүүлэв”

Өнгөрөгч ажлын өдрүүд У.Хүрэлсүхийн танхимын  хувьд  бүхэлдээ “час” гаригууд байв.Танхимын сайд нар нь ээлж дараалан асуудлын бай болж, олон нийтээс ихээхэн шүүмжлэл хүртэв.

НЭГ: Д.ЦОГТБААТАР САЙД “БИ АСУУДАЛГҮЙ, ДИПЛОМАТЧИД Л БУРУУТАЙ” ГЭХ МЕССИЖИЙГ ӨГӨХӨӨР “УЛАЙРАВ”

Ганц дотооддоо биш дэлхий ч биднийг харж, дүгнэлтээ хийж суулаа, энэ хооронд. Тухайлахад, Монгол Улсын дипломат паспорттой иргэд олон удаагийн үйлдлээр хар тамхи зөөж явсан асуудлыг гадны хэвлэлүүд сөхсөөр байна.

Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ өдрүүдэд “Манай дипломат ажилчид гаднаас ер нь л хар тамхи зөөсөөр ирсэн” гэх мессижийг нийгэмд зориудаар өгч явна.

Үр дүнд нь Д.Цогтбаатар сайдын нэр цэвэр үлдэж болох ч эргээд Монгол Улсын нэр хүнд шалан дээр унахад нь үлэмж нөлөө үзүүлэв. Ийм байдлаар асуудал газар авснаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хорооны хуралдаанаар дипломатчдын хар тамхины хэрэгт орооцолдсон мэдээллийг хаалттай байдлаар сонслоо.

Мэдээлэлд 1992 оноос хойших дипломатчдын бараан,бүгээн түүхүүд  багтсан тул ихээхэн нууцалсан байдлаар өнгөрөөлөө. Д.Цогтбаатар сайдын жолоочоор ажиллаж явсан хүн хүртэл хар тамхины хэрэгт орооцолчихоод байхад тэрээр хариуцлага хүлээх талаар ганц үг ган хийсэнгүй.

ХОЁР: Ч.УЛААН САЙДЫН ЭХНЭРИЙНХЭЭ ДҮҮД МОНОПОЛИ ЭРХ БОЛГОХ МӨРӨӨДЛИЙГ ЕРӨНХИЙ САЙД ЗОГСООЛОО

Нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл хүлээж, яамных нь гадаад  огцруулах жагсаал хүртэл зохион байгуулагдахад хүрсэн хүн бол Ч.Улаан сайд. Тэрбээр, 2017 онд Засгийн газраас баталсан хонь, ямааг амьдаар нь экспортлох зөвшөөрлийг бизнес байдлаар ашиглахаар завдсан гэх шүүмжлэлд өртсөн юм.

Тодруулбал, хонь, ямааг амьдаар нь  экспортлохоор Ч.Улаан сайд эхнэрийн дүү О.Даваасүрэн Замын-Үүдэд томоохон компани байгуулан, бэлтгэлээ базаасан баримтыг манай сайт /ЭНД ДАРЖ уншина уу баримтаар мэдээлсэн. Уг мэдээлэл олон нийтийн дунд ихээхэн түгэж, Ч.Улаан сайд  албан ёсоор тайлбар хийсэн юм.

Тэрбээр тайлбартаа “Манай эхнэр надад хамаатай ч дүүгийнх нь компани хамааралгүй. Тэр компани бизнес чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаараа явуулна” гэсэн юм. Үүний дараахан Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  амьдаар нь хонь, ямаа экспортлох асуудлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн билээ.

Ингэснээр Засгийн газрын хүрээнд олон нийтийн дунд өрнөсөн хүчтэй шүүмжлэлийн улмаас хонь, ямааг амьдаар нь экспортлох асуудлыг цуцална гэсэн мэдээлэл үүсээд байна.

ГУРАВ: “Ц.НЯМДОРЖ САЙД ОГЦОР” ГЭСЭН УРИА БҮТЭН ДОЛОО ХОНОГ ЦУУРАЙТАВ

Долоо хоногийн улс төрийн хүрээний хэргийн эзнээр Ц.Нямдорж сайдыг нэрлэж болохоор. Учир нь, Хууль, зүй дотоод хэргийн яамны өмнөх талбайд 2-3 өдрийн турш Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардсан жагсаал өрнөлөө. Жагсаал оролцогчид  Ц.Нямдорж сайдыг гэртээ зурагтгүй тул ард түмнийхээ амьдралыг  зурагтаар хар гэж, телевиз  өгөхийг оролдсон нь ихээхэн анхаарал татав.

Гэвч энэ бүх акци, жаглаанын асуудлаар Ц.Нямдорж сайд байр сууриа илэрхийлсэнгүй. Чимээгүй байдлаар жирийн л өнгөрөөв.  Олон нийтийн зүгээс Ц.Нямдорж сайдын хүү Австрали Улсад суух элчингээр томилогдохоор яригдаж буйд ихээхэн шүүмжлэлтэй хандсан билээ.

ДӨРӨВ: Д.САРАНГЭРЭЛ САЙДЫГ ИД ЖУУЛЧНЫ ҮЕЭР УЛСЫН НЭР ХҮНД УНАГААЛАА ГЭЖ БУРУУТГАВ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрөгч даваа гаригт мэдээлэл хийж,  тэмбүү өвчний тархалтын эсрэг улаан тарианы хоёрдугаар аяныг  зарлаж буйгаа мэдэгдэв. Тэмбүү өвчний өвчлөл ихээхэн хүндрэл үүсгэж, эрсдэл дагуулахуйц байгаа нь үнэн.

Гэвч сүрьеэ өвчний дэгдэлтээс үүдэж, Д.Сарангэрэл сайдын эсрэг акци олноор хийгдэж байгаа ийм үед тэмбүүтэй дайн зарласан нь “бай”-гаа онов уу гэдэг нь эргэлзээ төрүүлж эхлэв. Д.Сарангэрэл сайдын мэдэгдлийг гадны хэд хэдэн хэвлэл онцолж, Синхау агенталаг “Монгол Улс тэрбүү өвчинтэй дайн зарлалаа”  гэж мдэээлсэн юм.

Уг нийтлэл олон нийтийн сүлжээнд маш ихээр тархаж, “Дэлхийн талыг эзэлж явсан Монголчууд тэмбүү өвчиндөө ялагджээ” гэхчлэн гадныхан биднийг шоглоод амжсан юм. Урин дулааны  тул жуулчдын асуудал ч энд хурцаар тавигдаж буй. Энэ мэт шалтгаанаар Д.Сарангэрэл сайдын эсрэг чиглэсэн акциуд хүчтэй өрнөсөөр байна.

ТАВ: Н.ЭНХБОЛД ХҮҮГЭЭ ЭЛЧИНГИЙН ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛОГДСОН ЯВДЛЫГ ТАС ӨМӨӨРӨВ

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү, хүргэн хоёр нь БНХАУ-ын Бээжин, БНСУ дахь Элчин сайдын яамдад зөвлөхөөр томилогдсон асуудал мөн л олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Гэвч Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Манай хүү мэргэжлийн хүн. Яамандаа 10 гаруй жил ажиллаж байгаа. Ер нь яагаад болохгүй гэж. Салбар яамандаа мэргэжлийн ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Явдаг журмаараа л явсан. Намайг сайд болохоос өмнө явсан” гэж тас өмөөрсөн юм.

Эцэст нь хэлэхэд, болох бүтэхгүйг нь хэлсэн хэвлэлийнхнийг “захиалгатай” гэж доромжилдог. Олон нийтийн шүүмжээс огт айхаа больчихсон. Микрофоны өмнөөс мэлтийтэл сайхан инээж байгаад, өөрийгөө өмөөрдөг  нь ахмад сайд нарын жишиг болжээ.

Ичиж, улайхаа байсан ахмад сайд нарын эдгээр үйлдлүүд нь эцэстээ Д.Гантулга УИХ-ын бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзсэн, Зам, тээврийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ ёсзүйн хариуцлага хүлээж огцорсон зэрэг нь “шал дэмий” зүйл мэт бодогдуулахад хүргэж буй юм.Тэднээс хэд  дахин том хэрэг тарьсан сайд, гишүүд мэлтийгээд, зүгээр сууж л байдаг болжээ.

Ж.МЯДАГБАДАМ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button