Ираны цөмийн хэлэлцээр зогссоноор нийлүүлэлт тасалдаж, газрын тосны үнэ өслөө

Оросын арми Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээлэл цацагдаж, Барууныхан ОХУ-ын эсрэг авах хоригийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж эхэлсэн. Үүнтэй яг зэрэгцээд, Ираны цөмийн хэлэлцээр зогсонги байдалд орсноор нийлүүлэлт тасалдах эрсдлийг улам нэмэгдүүлж, өчигдөр /2022.04.05/ өглөөний байдлаар газрын тосны үнэ өсөхөд хүргэлээ.
Брент төрлийн газрын тосны үнэ 1.58 ам.доллароор буюу 1.5 хувиар өсөж, нэг баррель /торх/ нь 109.11 ам.доллар, “WTI” төрлийн газрын тосны үнэ 1.61 ам.доллар буюу 1.6 хувиар өсөж, нэг баррель нь 104.89 ам.долларт хүрчээ.

Түүнчлэн, Японы Аж үйлдвэрийн сайд Хагиүда Коичи хэлэхдээ, Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг /IEA/ стратегийн газрын тосны нөөцөөс хоёр дахь удаагаа газрын тос гаргаж авах төлөвлөгөөг боловсруулаад эхэлчихсэн хэмээн мэдэгдсэний дараа газрын тосны үнэ богино хугацаанд нэг баррель нь хоёр ам.доллароор өсжээ.
Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Wood Mackenzie” компани даваа гараг /2022.04.04/-т Европын Холбооны гишүүн орнууд болон Өмнөд Солонгос, Япон зэрэг Азийн хөгжингүй орнууд өдөрт 650 мянган баррель Оросын газрын тосыг ижил хэмжээгээр “своп” хийж магадгүй гэсэн тооцооллыг хийсэн.
Тус компанийн зөвлөх Алекс Сун Оросын “Урал” газрын тосны үнэ огцом хямдарсан нь худалдан авах боломжийг бий болгосныг онцлоод хөгжингүй орнууд болон хөгжиж буй орнуудын хооронд “своп” хийснээр дэлхийн газрын тосны худалдаа тэнцвэржиж, Хятад улс буурч байгаа стратегийн нөөцөө нөхөх боломжтой гэдгийг тодотголоо.

Алекс Сун: “Бид Европын холбоо болон Өмнөд Солонгос, Япон зэрэг хөгжингүй орнуудад өдөрт 650 мянган баррель Оросын газрын тос /400 мянган баррель “Урал” тос, “ESPO” 170 мянган баррель, Зүүн Оросын тос 80 мянган баррель/-ыг Ойрхи Дорнод буюу Хятад, Энэтхэгээс худалдан авсан ижил хэмжээтэй газрын тосоор солилцоо хийн авах боломжтой гэж тооцоолсон”.
Энэтхэгийн төрийн мэдлийн “Mangalore Refinery and Petrochemicals Ltd” компани нэг сая баррель Оросын “Урал” газрын тосыг ирэх тавдугаар сард ачуулахаар худалдаж авсан нь Орос багагүй хэмжээний үнийн хөнгөлөлт үзүүлсэнтэй холбоотой гэж дүгнэжээ.
Өмнө нь, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хориг арга хэмжээний шинэ багцыг нэвтрүүлэхийг уриалж, Оросоос газрын тос импортлоход хязгаарлалт хийж болзошгүй гэж мэдэгдсэн.
Гэсэн хэдий ч, Европын Холбоо Оросын эрчим хүчний эх үүсвэрээс бүрмөсөн татгалзах магадлал тун бага байгааг шинжээчид ярьж байгаа юм.
“Европын Холбоо Оросын газрын тос, байгалийн хийн импортыг хориглох магадлал бага хэвээр байн. Учир нь, аль болох богино хугацаанд өөр нийлүүлэлтийн эх үүсвэр эрэлхийлэх нь боломжгүй зүйл, ийм алхам нь эцэстээ эдийн засгийн ноцтой үр дагаварт хүргэнэ гэсэн үг юм” хэмээн “Commerzbank”-ийн шинжээч Карстен Фрич ярьсныг “Wall Street Journal” эш татжээ.
Эх сурвалж: Wall Street Journal
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.