УЛС ТӨР

Ш.Адьшаа: Гадаадын банк оруулж ирэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Төслийг Засгийн газраас хоёр хоногийн өмнө өргөн мэдүүлж, хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөлд зааснаар арилжааны банкууд ирэх зургаадугаар сард нээлттэй хувьцаа гаргаж борлуулж эхлэх байсныг нэг жилээр сунгах, өөрөөр хэлбэл банкуудын IPO-г 2023 оны зургаадугаар сар болтол сунгах юм.

Эл хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Миний хувьд төслийг дэмжиж байна. Банкны тухай хууль зөв байсан, компанийн засаглал сайжрах, олон нийтийн хяналтыг банкинд нэвтрүүлэх гээд давуу тал үүснэ. Бүр больё гээгүй, хугацааг нэг жилээр сунгая гэж байна. Өнөөдөр эдийн засаг биднээс хамаарахгүйгээр хүндрэх нөхцөл байдал үүслээ. Олон улсын банк, санхүүгээс өгсөн зөвлөмжийг хэдийгээр бүрэн зөвшөөрөхгүй ч дүгнэлт хийх ёстой. Дотоодынхоо банкуудыг хамгаалж, валютын урсгалаа нэмэх талд ажилламаар байна. Ядаж Оюутолгойн хөрөнгө оруулагчид уул уурхайн баялгаас олсон мөнгөө дотоодын банкаар дамждаг байх хэрэгтэй.

Энэ асуудалтай холбогдуулаад валютын нөөц бүрдүүлэх, банк санхүүгийн салбарыг шинэчлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд гаднын банк, санхүүгийн байгууллагыг оруулж ирэх нь чухал. Би энэ талаар чуулганы хуралдаан дээр олон дахин хэлж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдад таатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхгүй бол ямар ч хүн хөрөнгөө оруулж ирэхээргүй байна” гэв.

Ташрамд, тус хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын чуулганаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
5 сар 12, 2022 22:21

Gadaadin bankgui gants uls n bhaa..

Холбоотой мэдээ

Back to top button