Газрын тос дэлхийд: БНХАУ-д эрэлт буурч, ОХУ-д нийлүүлэлт хумигдлаа

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 103.39-113.99 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 100.67-111.34 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.
“Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны тавдугаар сарын 9-ний өдрийн байдлаар 105.31 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 102.78 ам.доллар/баррель болж хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 2.1 хувиар, “WTI” төрлийн газрын тос 2.3 хувиар тус тус буусан үзүүлэлттэй байна.
Газрын тосны гол импортлогч БНХАУ-д коронавирусийн хөл хорио үргэлжилж байгаагаас даваа гарагт “Брент” төрлийн газрын тосны үнэ 6.45 ам.доллар буюу 5.7%-иар буурч, баррель нь 105.94 ам.доллар, харин АНУ-ын “WTI” төрлийн газрын тосны үнэ 6.68 ам.доллар буюу 6.1 хувиар буурч, баррель нь 103.09 ам.долларт тус тус хүрсэн байна.
Хятадын газрын тосны импорт өмнөх сартай харьцуулахад дөрөвдүгээр сард 7 орчим хувиар өссөн үзүүлттэй байгаа ч эхний дөрвөн сарын импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар буурсан байна. Тус улсын Иран улсаас импортолсон газрын тосны хэмжээ 2021 оны сүүл, 2022 оны эхээр дээд цэгтээ хүрсэн ч “Ковид-19” цар тахалтай холбоотой хөл хорио нь газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт буурах, ОХУ-ын хямд үнэтэй импортын эрэлт нэмэгдэхэд нөлөөлж байна.
Өнгөрсөн долоо хоногт Европын Комисс Оросын газрын тосны эсрэг үе шаттайгаар хориг тавихыг санал болгосноор Брент” болон “WTI” маркийн газрын тосны үнэ 113.99 ам.доллар/баррелд хүрч өссөн.
“Rystad Energy” компанийн урьдчилсан таамгаар 2022 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Европын холбооны орнуудад нийлүүлдэг газрын тос өдөрт 3 сая баррелиар буурах төлөвтэй гэж тус компанийн газрын тосны зах зээл шинжээч Bjørnar Tonhaugen мэдэгдэв.
ОХУ-ын Шадар сайд Новак “Оросын газрын тосыг худалдан авах улс орнуудын тоо нэмэгдэж байна, тэр дундаа Азийн орнууд нэмэгдсээр байна. Орос улс "Зүүн Сибирь-Номхон далай" хоолойн системийг ашиглан Азийн орнуудад экспортоо нэмэгдүүлж, газрын тосны гарцыг төрөлжүүлэхийг дэмжинэ” гэж мэдэгдэв.
Европын комиссын ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляйен “Европын холбоо зургаан сарын дотор Оросыг газрын тосны импортыг бүрэн хориглоно” гэж мэдэгдсэн бол Япон улсын ерөнхий сайд Хагита Койчи “Японы хязгаарлагдмал нөөц нь Европын холбоотой шууд хөл нийлүүлэн алхахад хүндрэл учруулж байна. Япон улс тус шийдвэрийг хэрэгжүүлэхгүй” гэж мэдэгджээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.