Дарханы замд хагас жилийн дотор 200 гаруй осол гарч, 300 орчим хүн амь эрсэдлээ

Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн залуучууд, иргэдийн төлөөлөл хамтран Дарханаас Улаанбаатар хоорондын 205 километр автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Мөн цаашид энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүүдийн тухай мэдээлсэн юм.
БИД АРАВДУГААР САРЫН 15-НД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ДАРХАНЫ ЗАМЫН АСУУДЛААР ФОТО ҮЗЭСГЭЛЭН ГАРГАНА

Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд:
“Энэхүү замын ажлыг зургадугаар сарын 1-нээс хойш эхлүүлсэн . Гэвч өнөөдрийг хүртэл замын ажлын явц, төрийн хяналт байх тухай эргэлзээтэй асуудлууд байсаар байна. Наадмын дараа хариуцлага бүхий том компаниуд замын ажлын явц 40 хувьтай байна гэсэн боловч дараа нь сэтгүүлчид ярилцлага авахад тодорхой гэрээнүүд хийгдээгүй байна гэж хариулсан. Иймд энэ замын ажилд төрийн хяналт хэрхэн тавьж буй нь тодорхойгүй байсаар ирсэн.
Иргэд цахим сүлжээнд уг замын ажилтай холбоотойгоор өөрт тохиолдсон хүндрэл бэрхшээлийн тухай их бичиж байна. Гэвч үүнийг хэлэлцэх, анхаарал хандуулж ажиллах байгууллага алга. Иймд бид бүхэн “Дарханы зам засвар, иргэдийн хяналт” гэсэн фэйсбүүк грүүп нээсэн. Энэхүү зам дээр эхний хагас жилийн байдлаар автозамын газраас гаргасан хохирлын судалгаагаар 300 гаруй хүний амь эрсэдсэн, 200-гаад авто ослын гэмт хэрэг, 100 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, гэмтэж бэртсэн гэсэн судалгаа бий. Энэхүү асуудалд Ерөнхий сайдын зүгээс яагаад холбогдох хүмүүст арга хэмжээ авахгүй байна вэ? Бид аравдугаар сарын 15-нд Дарханы замын асуудлаар Сүхбаатарын талбайд фото зургийн үзэсгэлэн гаргана.

Өнөөдрийг хүртэл хуулж эхлээгүй энэ замын ажил арваннэгдүгээр сард ашиглалтанд орж амжих эсэх нь эргэлзээтэй . Анх тавьсан түр замаа ахиж шинэчлэн барина гэсэн боловч одоог хүртэл сураггүй. Хүмүүс түүгээр явалгүй хөдөө орон нутгийн замаар тойрдог хэвээр . Гурван яам хамтраад энэ чиглэлийн асуудалд ном гарган, нийт ослын 97,7 хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэй гэж бичиж ард иргэдээ 100 хувь буруутгаж байна” хэмээсэн юм.
ОСЛЫН ШАЛТГААНЫ 99,8 ХУВЬ НЬ ИРГЭДИЙН БУРУУ ГЭЖ ҮЗЭЖ БУЙ НЬ ЯАМ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА

Орхон аймгийн Эрдэнэт хотын иргэн Д.Энхзориг:
“Би 2003 оноос хойш автотээврийн салбарт тасралтгүй ажиллаж буй Монгол улсын зөвлөх инженер зэрэгтэй. Энэхүү номонд 97,7 хувь нь жолоочийн буруугаас, 2,1 хувь нь явган зорчигчийн буруугаас, 0,2 хувь нь замын нөхцөл байдлаас гарсан гэж дүгнэсэн байна.
Замд гарсан саадыг тойрч гарах гэж яваад осол гарах тохиолдол олон . Гэвч яам иргэдийн буруугаас болсон гэж үзсэн байна. Өнөөдөр иргэдийг 100 хувь буруутгаж байгаа нь яамдууд ажлаа хийж чадахгүй байгааг харуулж буй. Түр зам гаргасан боловч иргэд хөдөө орон нутгийн шороон замаар явж байна. Иргэдийн буруу гэхээс илүүтэй мэргэжлийн дүгнэлт гаргаж байхыг хүсэж байгаа юм. Тухайн осолд орсон машиныг бүрэн шалгаж дууссаны дараа дүгнэлтээ гаргалгүй, иргэдийн буруу хэмээн шийдэж буй нь оновчгүй шийдвэр гэж үзэж байна” гэлээ.
АРВАННЭГДҮГЭЭР САР ГЭХЭД ЗАСВАРЫН АЖИЛ ДУУСАХГҮЙ БОЛ ХӨЛДӨӨД, ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРНЭ

Орхон аймгийн Эрдэнэт хотын залуучуудын төлөөлөл:
“Улаанбаатар Эрдэнэт хооронд галт тэрэг явдаг боловч тасалбар нь маш хурдан зарагдаад дуусдаг. Хүрэлцээ хүртээмж багатай байна. Такси автобус үйлчилгээ замтай холбогдуулан 19:00 цагаас хойш явахаа больсон. Эрдэнэт бол иргэд олноор зорчдог хотын нэг. Өглөөд хотод ирж ажлаа амжуулаад оройдоо харьдаг байсан бол одоо боломжгүй болсон. Цахим сүлжээгээр дамжуулан хүн авч явдаг хүмүүс байна. Хуучин Эрдэнэт рүү 20 мянган төгрөгөөр хүргэдэг байсан бол одоо 40-50 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Зам нь тааруухан учраас тийш явах хүн байхгүй болсон.

Наймдугаар сараас хойш замын ажил бага багаар хийгдэж байна. Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт нь орж ирээгүйн улмаас зам засварын ажил удсан бололтой. Завсар хийж эхлэхдээ дөрвөн эгнээ зам тавина гэж ярьсан боловч одоо ажиглаад байхад нэмж хоёр эгнээ тавих нөхцөлгүй харагдаж байна. Хуучин хоёр эгнээ замаа л засч эхэлсэн. Тоос тортог боссон энэхүү замаар шөнө зорчиход үнэхээр хүндрэлтэй байна. Усалгаа нэг ч удаа хийгдээгүй. Мөн иргэд өөртөө тааруулан шинэхэн зам гаргаж зорчих тохиолдол их байгаагаас олон салаа жижиг зам үүссэн. Арваннэгдүгээр сарын нэгэн гэхэд энэхүү зам засварын ажил дуусахгүй бол цас орж хөлдөөд, нэг ёсондоо гамшгийн түвшинд хүрнэ гэж үзэж байна” хэмээв.

С.ХОНГОРЗУЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.