"Howo" машинаар 12 тээврийн хэрэгсэл мөргөсөн жолоочийг цагаатгажээ

Иргэн Б.Г “Howo” загварын том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, 12 хүний авто машиныг мөргөж, нийт дүнгээр 100 гаруй сая төгрөгийн хохирол, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулжээ.
Прокуророос уг үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн ч анхан шатны шүүхээс Б.Г-г гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэн цагаатгажээ.
Харин давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг буруутгаж, хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Иргэн Б.Г-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Улсын дээд шүүх хэргийг хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, зөв гэж дүгнэжээ.
Учир нь прокурор иргэн Б.Г-г яллахдаа Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан буюу жолооч зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан бол тухайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид эд хөрөнгийн хохирол дангаар хамаарахгүй, харин уг заалтад “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэмт хэрэг гэж тооцохоор заасан байна.
http://www.supremecourt.mn/printc?id=35199
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.