Л.Оюун-Эрдэнэ: Яамгүй гурван сайд салбар дундын зохицуулалт хийнэ
УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганы хуралдааны үеэр О.Цогтгэрэл сайдуудын суудал нэмэгдээд, төсөв мөнгө хэрхэхийг асуув.
Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нэг ч яам нэмэгдээгүй. Өмнө нь баталсан Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам байгуулагдаад өмнө нь татан буугдсан нь Сангийн яамтайгаа зөрчилдсөнтэй холбоотой. Бүтэц бүрэлдэхүүнээ хуваах тал дээр нэгдсэн удирдлагаар хоорондоо зохицож чадаагүй асуудал байсан. Эдийн засаг, хөгжлийн яам хэт хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг татаж аваад, асуудал орсон байсан. Тиймээс цаашдаа энэ яам бодлого төлөвлөлтийг хийнэ.
Эрхлэх асуудлын хүрээнд яамгүй гурван сайд байгаа. Энэ сайд нар яамгүй, холбогдох үндэсний хороогоор дамжуулж, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын зохицуулалтыг хийнэ.
Өнөөдөр бид нийслэлийн түгжрэлтэй холбоотой алдаж байгаа цаг, нэг яамгүй сайдаас хэд дахин илүү үнэтэй. Ер нь манай төрийн бүтэц бол их хөгшин. Би тулгамдаж буй асуудлаа маш богино хугацаанд даван туулах бүтцээ гаргаад явах ёстой. Энэ асуудал шийдэгдвэл бүтцээ бид татан буулгаад явах учиртай гэж боддог. Өнгөрсөн хугацаанд бид салбар дундын зохицуулалт дээр их алдаа гаргасан. Ер нь бол ерөнхийгөөс тодорхой руу орох цаг болсон.
Би аймгийн зарим удирдлагуудад ч гэсэн хатуу сануулга өгч байгаа. Монгол Улс бол нэгдмэл улс. Холбооны улс биш. Дураараа авирладаг цадиггүй дарга нартай анхан, дунд шатанд хариуцлага тооцох цаг болсон гэж бодож байгаа. Улс орны хувьд явуулах ёстой төсөл хөтөлбөрүүд улс төржилтөөс хараат бусаар явах учиртай. Хоосон улс төр хийж зогсвол алдагдсан боломжийн өртгийг тооцож, хариуцлага нэхэх ёстой. Энэ агуулгаар нь хандаж байна гэж ойлгож байна" гэсэн хариулт өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.