Хууль: Цагийн ажилтан үндсэн ажилтантай нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ

Цагийн ажилтан ажил олгогч хоёрын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан “Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ”-г хийдэг.
Цагийн ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажлын бүтэн цагаар ажиллах ажилтны нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ.
Ажлын бүтэн бус цагаар ажиллах хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана:
- ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг;
- ажил үүрэг гүйцэтгэх байршил;
- цалин хөлсний хэмжээ;
- хөдөлмөрийн нөхцөл.
Дараах нөхцөлийг нэмж тусгаж болно:
- ажил, амралтын цаг;
- цалин хөлс олгох журам;
- хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл;
- хөдөлмөрийн сахилга, гомдол гаргах журам;
- ажлын байранд тавигдах ур чадвар, чадамжийн шаардлага, долоо хоногт, эсхүл сард ажиллах нийт цаг, ажил эхлэх, дуусах цагийг тусгайлан тохирно.
Ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болно.
Ажил олгогч түр ажил үүргийг гүйцэтгүүлэхээр ажилтныг цагаар ажиллуулж, гүйцэтгэсэн ажил, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгож болно.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.