Нийгмийн

"Хоригдлуудын ялаасаа хасуулах шагналын хоногийг улаан шугамын шийтгэлээр хасдаг"

Нэгдсэн Үндэснийн Байгууллагын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг манай улсад ажиллаж, энэ хугацаанд хорих ангиудад ажиллаж, нөхцөл байдалтай нь танилцжээ. 

Ажлын хэсгийн ахлагч Элина Штайнерте "Монгол Улсад ял шийтгүүлсэн хоригдлууд ажил хийх бололцоогоор хангагдаж, ажилласан хугацаанаасаа хамаарч шагналын хоног авдаг юм байна. Сайн ажиллаж, дэг журмаа сайн баримталсан бол ял эдэлж буй 30 хоног тутам шагналын 10 хоног өгч байгаа нь сайшаалтай. Улмаар хоригдол жилд 120 хүртэл шагналын хоног хуримтлуулж, биеэр эдлэх ялын хугацааг богиносгох боломжтой. Гэтэл энэ хоногийг сахилгын зөрчил гаргалаа гэж хасах тохиолдол байгаа ба албан ёсны журам байдаггүй.  Хорих ангиудад мөрддөг хатуу дүрэм гэж байна. Тухайлбал, бүх хорих ангид хоригдол ба хянагч нарын зайг заалгахын тулд ялтны өрөө тус бүрээс нэг метрийн зайд улаан зураастай. Энэ зураасыг аюулгүй байдлын зураас гэх бөгөөд хоригдол түүн дээр гишгэж болохгүй, үргэлж хана дагаж явдаг. Шугам давбал шийтгэнэ гэж байнга сануулдаг. Түүнээс гадна улаан шугам дээр гишгэлээ гэж шийтгэх арга болгож ашигладаг гэж олон хоригдол ярьсан. Шийтгэл нь шагналын хоногоос хасах үр дагаварт хүргэдэг. Засгийн газарт хандан хоригдлуудыг улаан шугам давлаа гэж шийтгэдэг байдлыг халах, Ажлын хэсгийнхэнтэй ярилцсан хоригдлуудаас хэнийг нь ч хэлмэгдүүлэхгүй байхад анхаарахыг хүсэж байна. Цаашид улаан шугамыг бүх хорих ангиудаас арилгах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзэж байна" гэлээ.

Түүнчлэн НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Монголын хорих ангиуд нөхцөл байдлаа сайжруулахаар чармайлт гаргаж байгаа хэмээн урьдчилан дүгнэжээ. Гэхдээ сайжруулах, анхаарах ёстой асуудал байгааг ч дурьдав. Тодруулбал, ажлын хэсгийнхний очиж танилцсан хорих ангиуд долоо хоногт нэг удаа махтай хоол, бусад өдрүүдэд малын гэдэстэй хоол өгдөг бөгөөд хоолны тэжээллэг чанар муу байгаад санаа зовниж буйгаа дурдаад, хоригдолтой харьцах тухай Нельсон Манделагийн дүрмийн 22 дугаар заалтын хэрэгжилтийг ханган ажиллахыг Засгийн газарт уриалсан байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button