ОХУ-ын хээрийн түймэр Увсын Сагил сум руу орж ирлээ
Өчигдөр буюу 10 дугаар сарын 16-нд гурван аймгийн дөрвөн суманд ой, хээрийн түймэр гарчээ.
Дорнод аймгийн Дашбалбар суманд хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 дугаар сарын 16-ны өдрийн 15:06 цагт хүлээн холбогдох алба хаагчид авсан байна. Тус түймэр нь Гурванзагал сумын Цагаанхошуу багийн “Байшинт” гэдэг газар тархан шатжээ. Холбогдох алба хаагчид хээрийн түймрийг унтрахаар ажиллаж 18:53 цагт цурамд оруулж, 20:45 цагт бүрэн унтраажээ.
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн “Хөхнуур” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 10 дугаар сарын 16-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унртаахаар ажиллаж 21:20 цагт цурамд оруулсан бөгөөд 22:10 цагт унтраасан байна.
Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Гулзадын-Эх” гэдэг газар ОХУ-аас Монгол Улсын хилийн 92-ын 1 дүгээр тэмдэгтээс 92-ын 2 дугаар тэмдэгтийн чиглэлээр хээрийн түймэр орж ирсэн байна. Энэ тухай дуудлагыг 10 дугаар сарын 16-ны өдрийн 19:17 цагт хүлээн авсан байна. Улмаар хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 21:40 цагт унтраажээ.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Их хатуу” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 дугаар сарын 16-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 10 дугаар сарын 17-ны өдрийн 00:20 цагт цурамд оруулсан талаар ОБЕГ мэдээллээ.
С.СУВДАНСОНДОР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.