Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятад болон Япон улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятад улсад төрийн айлчлал хийхээр болжээ. Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны арваннэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд улс төрийн айлчлал хийх юм.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ы дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцох ажээ.
Мөн айлчлалын үеэр "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хоёр улсын хамтарсан мэдэгдэл" гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 27-28-ны өдрүүдэд Хятад улсад айлчлал хийснийхээ дараа Япон улсад айлчлах ажээ.
Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан арваннэгдүгээр сарын 29-нөөс ирэх сарын 2-ны өдрүүдэд төрийн айлчлал хийх юм байна.
Энэ үеэр Япон улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхиод бараалхаж, тус улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Японы Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи нарыг хүлээн авч уулзах ажээ.
Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа болж буй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яасан их тэнэдэг хулгайч вэ.Эсвэл тэр Данхаа сугавчлаад Ганхүүг дагаад явна уу даа!Гэхдээ өөрийнхөө мөнгөөр шүү.Өөрийн мөнгөөр бол чадахгүй л дээ Данх та 2!!!