Зураач А.Чадраабал "Итали дахь дэлхий урлаг" академийн шагналыг хүртлээ

Уран бүтээлч, зураач А.Чадраабал Итали Улсын Лечче хотод “ Итали дахь дэлхийн урлаг” академи соёлын нийгэмлэгээс олон улсын соёл урлаг, шинжлэх ухааны салбарт амжилт гаргасан эрдэмтэн судлаачид, уран бүтээлчдэд олгодог “Менелао”-гийн нэрэмжит олон улсын урлагийн шагнал авав.

Итали улсын Лече хотын “ИТАЛИ дахь ДЭЛХИЙН УРЛАГ” академи соёлын нийгэмлэгээс зохион байгуулдаг урлаг, шинжлэх ухаан, соёлын салбарын зураач, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдыг алдаршуулах ёслол өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач, Азийн Уран Бүтээлчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь зөвлөлийн дарга, Олон Улсын Урлагийн шагналт, зураач А.Чадраабалын “Infinity Source-Spiritual development-Evolution” цуврал уран бүтээлийг үнэлж, энэ өндөр нэр хүнд бүхий шагналыг олгосон бөгөөд улмаар дэлхийн урлагийн ертөнцөд танилцуулдаг аж.
Энэхүү шагналыг өмнө нь Холливудын од Ричард Бертон, София Лорен, Энтони Куинн, Лиза Миннелли, Шарлотт Рэмплинг, Марчелло Мастроянни, Глория Свонсон, Жеймс Мейсон, Ингрид Бергман, Жанна Моро, Ален Делон нар хүртэж байжээ. Харин Монгол улсаас анх удаа хүртэж байгаа нь энэ.

Тус нийгэмлэг нь жил бүр олон улсын урлаг, соёл, шинжлэх ухааны бүх нийтийн Урлагийн боловсрол ба хүний эрхийн төлөө уран бүтээл судалгаа шинжилгээний бүтээл хийсэн хувь уран бүтээлч нарыг алдаршуулах зорилгоор дээрх шагналыг олгодог байна.
Зураач А.Чадраабал 2022 онд ЛУВРЫН МУЗЕЙН дэргэдэх Carrousel du LOUVRE үзэсгэлэнгийн танхимд дэлхийн 38 орны 130 зураач уран бүтээлчид, олон улсын 54 урлагийн галерей оролцсон “SALON INTERNATIONAL D’ART CONTEMPORAIN’’ олон улсын 30 дахь удаагийн экспо үзэсгэлэнд “ХӨХ МОРЬД’’ цуврал, Итали улсын Венец хотноо "BIENNALE ARTBOX EXPO" Globalise the artworks International Exhibition _Олон улсын үзэсгэлэнд "ОРШИХУЙ " 2022 цуврал 3 бүтээл, Швейцарын Холбооны улсын Олон улсын “ARTBOX” урлагийн байгууллагаас зохион байгуулдаг урлагийн төсөл хөтөлбөрийн хамтарсан үзэсгэлэнд “ХУВЬСАЛ” цуврал уран бүтээлүүдээрээ оролцжээ.

"ДЭЛХИЙН УРЛАГ” олон улсын сэтгүүлийн 10-р сарын дугаарын хавтсыг Швейцар улсын Цюрих хотноо зохион байгуулагдсан Олон улсын үзэсгэлэнд оролцсон А.Чадраабалын “Хувьсал” /2022. Зотон тос. 200х250 см/ зургаар чимжээ.

Итали дахь Элчин сайдын яамны хамт олон А.Чадраабалыг хүлээн авч уулзан баяр хүргэж, цаашдын уран бүтээлийн ажилд нь амжилт хүсчээ.
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе
Сайхан мэдээ байна
Bayar hurgey iluuu tom amjilt husey