НИЙГЭМНийгэм мэдээ

Редакцын судалгаа: Мэдээллийг 80 хувь нь Фейсбүүкээс авч, 63 хувь нь аналитик материал уншихыг хүсдэг

Эгүүр мэдээллийн агентлаг мэдээ мэдээлэл хүлээн авагч иргэд, хэрэглэгчдийн хандлагын өөрчлөлтийн судалгааг авсан юм.

Судалгааг түүврийн аргаар 306 хүнээс авлаа. Эл судалгааны зорилго нь хэрэглэгчид мэдээллийг ямар хэлбэрээр, хаанаас, хэрхэн хүлээж авдаг хийгээд ямар төрлийн мэдээг хэвлэл мэдээллийн салбараас хүсдэг талаар судлахад оршино.

Мөн уг судалгаа нь иргэдийн олонхыг бүрэн гүйцэд төлөөлж чадахгүй юм.

Судалгаанд оролцогчдын 64 хувь нь интернет платформуудаас мэдээллийг хүлээж авдаг ажээ. Тэр дундаа 80 хувь нь мэдээллийг Фейсбүүк орчноос авч байна. Мөн нийт судалгаанд оролцсон иргэдийн 63 хувь нь анализ, тоймлосон хийгээд харьцуулсан мэргэжлийн бүтээлийг уншиж, судлахыг хүсэж байгаа юм.

Редакцаас хийсэн судалгааны дэлгэрэнгүйг доор харуулъя.

НЭГ. Судалгаанд оролцогчдын дийлэнхийг 26-35 насныхан бүрдүүлж байна

Эл судалгаанд оролцогчдын дийлэнх хэсгийг 26-35 насныхан эзэлсэн юм. Тэдний хувьд судалгаанд хамрагдагсдын 32.7 хувийг бүрдүүлж байв. Харин,

  • 27.8 хувийг 36-45
  • 24.5 хувийг 16-25
  • 11.1 хувийг 46-55
  • 3.9 хувийг 56-65 насныхан эзэлж байсан юм. Судалгаанд 66-аас дээш насны иргэд хамрагдаагүй байна.

ХОЁР. Интернэт платформ ашиглаж мэдээлэл авдаг иргэд 64 хувийг нь бүрдүүлж байна

Судалгаанд оролцсон 306 иргэний дийлэнх буюу 64 хувь нь Фейсбүүк, Инстаграм, Твиттер тэргүүтэй цахим платформууд ашиглаж, мэдээлэл авч буй үр дүн гарлаа. Үүний дараагаар мэдээллийн сайт жагсаж байгаа юм.

ГУРАВ. Судалгаанд оролцогчдын олонх нь Фейсбүүкээс мэдээлэл авдаг

Судалгаанд оролцсон 306 иргэний 80.3 хувь нь Фейсбүүк платформоос мэдээлэл авдаг байна. Үүний дараагаар Инстаграм, Твиттер, Гүүглийг хамгийн ихээр ашиглаж, хүссэн мэдээллээ олж авдаг хэмээн хариулжээ. Мөн мейл хаягаараа сайтуудад бүртгүүлж, шаардлагатай мэдээллийг шууд мейл хаягтаа авч ашигладаг ажээ.

ДӨРӨВ. Мэдээлийг эх хэл дээрээ түлхүү уншдаг

Судалгаанд оролцсон нийт хүний 72.8 хувь нь эх хэл дээрээ мэдээлэл хүлээн авдаг байна. Харин 2.9 хувь нь дан гадаад хэлээр мэдээлэл авдаг хэмээн хариулжээ. Мөн бусад орны хэл болон монгол хэл дээрээ хослуулан мэдээлэл авдаг хүмүүс судалгаанд оролцогчдын 24.1 хувийг бүрдүүлж байгаа юм.

ТАВ. Мэдээллийг видео хэлбэрээр түлхүү хүлээн авдаг

Судалгаанд оролцсон нийт иргэдийн дийлэнх буюу 40 хувь нь видео хэлбэрээр мэдээлэл авахыг илүүд үздэг байна. Эл судалгааг олон сонголтот байдлаар авсан бөгөөд давхардсан тоогоор 306 иргэн 412 санал өгчээ.

ЗУРГАА. Судалгаанд оролцсон иргэдийн 82.7 хувь нь бичвэр хэлбэрээр мэдээллийг хүлээж авдаг

Судалгаанд оролцсон нийт 306 хүнээс 53 нь буюу 17.3 хувь нь бичвэрээс бусад хэлбэрийн контентоос хангалттай мэдээлэл авдаг хэмээн хариулжээ. Тиймээс цаг гаргаж бичвэр хэлбэрийн мэдээлэл уншдаггүй байна.

Харин үлдсэн буюу 82.7 хувь нь ямар нэгэн байдлаар цаг гаргаж, бичвэр хэлбэрээр мэдээллийг хүлээн авч уншихыг илүүд үздэг ажээ.

ДОЛОО. Мэдээллийн үнэн бодит эсэхийг албаны эх сурвалжаар нягталдаг

Иргэд хүлээн авч буй мэдээллийнхээ үнэн бодит эсэхийг нягтлахдаа албаны эх сурвалжаас түлхүү нягталдаг байна. Судалгаанд оролцогчдын 70.8 хувь нь дээрх байдлаар эх сурвалжаа нягталдаг ажээ.

Харин хүлээн авч буй мэдээллээ нягталдаггүй иргэд судалгаанд хамрагсдын 7.5 хувийг бүрдүүлж байв.

НАЙМ. 47.5 хувь нь мэдээллийн агентлагийн захирал, мэргэжлийн шинжээчийн хувь хаягаас мэдээлэл авахыг илүүд үздэг

Судалгаанд оролцсон иргэдийн 49.5 хувь нь мэдээллийн хэрэгслүүдээс авсан мэдээлэлд итгэдэг хэмээжээ. Харин 47.5 хувь нь мэдээллийн агентлагийн захирал, сэтгүүлч, судлаач, шинжээчийн хувь цахим хаягийг дагаж, мэдээлэл авдаг аж. Мөн судалгаанд оролцогсдын 0.7 хувь нь сошиал инфлюнсерийг дагаж, мэдээлэл авдаг байна. 0.3 хувь нь шар сайтуудаас мэдээлэл авдаг ажээ.

ЕС. Олон нийт анализ, тоймлосон, харьцуулсан материал уншихыг хүсдэг

Судалгаанд оролцсон 306 хүний 62.4 хувь нь анализад суурилсан, тоймлосон, харьцуулсан буюу илүү мэдээлэлтэй сэтгүүл зүйг хүсдэг байна.

Редакцаас авсан дээрх судалгааны үр дүнд олон нийт анализ бүхий мэдээ мэдээллийг уншихыг хүсдэг байна. Мэдээ мэдээллийг цахим платформуудаар, тэр дундаа Фейсбүүкээс авч буй. Цахим платформоос мэдээлэл авч буй болгоныг хуурамч, чанаргүй мэдээлэл хэмээн үзэж болохгүй. Шалтгаан нь мэргэшсэн шинжээч, судлаач, сэтгүүлчдийн цахим хаягаас авч буй мэдээлэлд олон нийт итгэж байгаа юм. Мөн ямар нэгэн байдлаар бичвэр хэлбэрийн мэдээлэл уншихад цаг хугацааг зориудаар зарцуулдаг хэмээн дээрх судалгаанд гарав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-03 08:11

Ямар аятайхан дүн гараа бэ

Стар
Стар
2023-05-03 11:12

Филтергүй сэвээний мэдээ хэн хэндээ х�##�тай

Холбоотой мэдээ

Back to top button