НИЙГЭМ

Өнөөдрийн сэдэв: Тоггүй болсон гурван аймаг эмнэлгээ мотор асааж ажиллуулж байна

Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт 110 кВт-ын Хархорин-А, В Цахилгаан дамжуулах агаарын шугамын 24 ширхэг тулгуур энэ сарын 25-ны өдөр буюу өчигдөр унажээ. Улмаар Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь зэрэг долоон аймгийн 62 сумд тог тасарсан байна. 

Урьдчилсан байдлаар дуу цахилгаантай аадар бороо, хүчтэй салхи шуурганы улмаас унасан байж болзошгүй хэмээн тодорхойлоод байгаа аж. 

Сэргээн босголтын ажиллагаанд Улаанбаатар, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн ЦДАШ-ын засварын 120 гаруй хүн 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байна. Засварын ажил дуусахад 3-5 хоног шаардагдах урьдчилсан тооцоо гарчээ. 

Бид тог тасарсан зарим аймгуудаас нөхцөл байдлыг нь тодрууллаа. 

-Архангай: Тог тасарч, ус шахагч генератор эвдэрснээр иргэдийн усны хэрэглээг хязгаарласан-

Архангай аймгийн УСУГ газрын холбогдох ажилтнаас тодруулахад, “Манай аймагт ундны усны нэг эх үүсвэр байдаг. Тог тасарсантай холбоотойгоор ус шахагч генератор шатсан. Улмаар аймгийн төв Эрдэнэбулган сумын иргэдийн ундны хэрэглээг хязгаарлаад байна. 

Одоогоор засварын ажил хийж байгаа бөгөөд хурдан хугацаанд засаж дуусвал ус таслахгүй, удааширвал ундны ус тасрах төлөвтэй байна. Хэрэв ус тасарвал иргэдийг Ганц модны болон Хоёр модны, Жамганы булаг, Урд тамирын голоосоо усаа тээвэрлэхээс өөр сонголтгүй болно” хэмээв.

-Баянхонгор: Хүүхдийн спортын их наадмыг хэвийн зохиохын тулд дизель мотор ашиглаж байна-

Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан “Аймгийн хэмжээнд тог тасраад 24 цаг болж байна. Дан ганц манай аймаг бус зургаан аймаг 62 сумдад эрчим хүчний дутагдал үүслээ. 

Манай аймагт Хүүхдийн спортын их наадам болж буй. Тус наадмын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд бүх нөхцөл байдлыг хангаж ажиллаж байна. Ингэхдээ дизель моторын тусламжтайгаар эрчим хүчний зохицуулалт хийж байгаа.  

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хувьд аваарын дизель мотортой байдаг юм. Тиймээс үйл ажиллагаа хэвийн байна. Одоогоор эрсдэлтэй нөхцөл байдал үүсээгүй. Хэрэв моторын нөөц бололцоо дутагдвал эрсдэл үүснэ. Хурдан хугацаанд засварлаж, иргэдийг эрчим хүчээр хангаасай хэмээн хүсэх байна” гэв.  

-Өвөрхангай: Эмнэлгийн байгууллагын эрчим хүчийг нөөц тэжээлийн үүсгэврээр хангаж байгаа-

Өвөрхангай аймгийн Цахилгаан түгээх газрын ажилтантай холбогдоход, “Эрчим хүч сэргэхэд тодорхой хугацаа зарцуулахаар байна. Намагтай газруудаар машин, техник явах боломжгүй болсноор зарим засварын ажил саатах нөхцөл үүслээ.  

Нэгдүгээр зэргийн хэрэглэгч буюу эмнэлгийн байгууллагын эрчим хүчийг нөөц тэжээлийн үүсгэврээр хангаж ажиллаж буй. Өрхийн хэрэглээний тог цахилгаанд үүсгэвэр гаргах боломж байхгүй. Хэрэглэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгчид цахилгааны хэрэглээгээ өөрсдөө хангах шаардлага гараад байна.  

Дээрх гурван аймгийн хувьд эрчим хүчний хэрэглээгээ нөөц тэжээлийн үүсгэвэр болон дизель моторын тусламжтайгаар хангаж буй. Эмнэлгийн байгуулагын хувьд аваарын мотортой байдгаас эрчим хүчний доголдол үүсээгүй. Улмаар шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг хэвийн олгож байгаа аж. 

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 26, 2023 15:56

3 ширхэг аймаг, 62 ширхэг сум, 120 ширхэг гаруй хүн, 30 гаруй ширхэг машин бичих ёстой

Зочин
Зочин
6 сар 26, 2023 16:53

Тоггүй болох, мотор асаах гэнэ үү. Хэвлэлийн байгууллага байж монголоор бичиж болохгүй байна уу. Эрчих хүч, хүчдэл, Цахилгаан үүсгүүр гэх мэт үг би дээ.

Холбоотой мэдээ

Back to top button