Бизнес мэдээ

Хичээл зүтгэл, итгэл, нөхөрлөл, сорилт, тэмүүлэлтэй өдрүүд...

Шүгэлийн дуу үе үе дуугарч, тамирчдын гүйлдэх, бөмбөг залах, шидэх чимээ заалны шал доргионо. Үзэгчид, алга ташилтгүйгээс нь үзвэл тэмцээн биш бэлтгэл болох нь харагдана.

Ажвал, ижил өнгийн хувцсаар жигдэрсэн дөрвөн хүнийг гараараа дохих, зааварлах өнгө аясаас нь харвал дасгалжуулагчид болох нь тодорхой мэдэгдэх аж.

Тийм ээ, энэ бол “Чэндү 2021” дэлхийн оюутны универсиад наадамд оролцохоор бэлтгэлээ хийж буй Монгол Улсын оюутны сагсан бөмбөгийн шигшээ багийнхан юм.

МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГИЙНХАН 2023 ОНЫ 06 ДУГААР САРААС БЭЛТГЭЛЭЭ ЭХЛҮҮЛСЭН

Дэлхийн оюутны универсиад наадамд Монголын оюутны шигшээ баг өмнө нь 2 удаа оролцож байсан. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад 2021 онд зохион байгуулагдах байсан энэхүү тэмцээн хойшилж, 2023 онд БНХАУ-ын Чэндү хотод зохион байгуулагдаж буй.

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны хувьд энэхүү тэмцээнд 2020 оноос хойш бэлтгэл ажлаа эхлүүлж, #Би_биш_Бид гэсэн уриан дор зарчмын томоохон ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүний нэг нь 2022-2023 оны Үндэсний дээд лигийн аварга багийн ерөнхий дасгалжуулагчаар ажилласан Грек улсын иргэн Vassilis Fragkias-г шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажилуулсан явдал юм. Ингээд Монгол Улсын шигшээ баг 2023 оны 6 дугаар сараас бэлтгэлээ эхлүүлсэн бөгөөд нийт 50 гаруй хоногийн хугацаанд бэлдэж энэхүү тэмцээндээ оролцлоо.

Ийнхүү Vassilis Fragkias шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж, багш дасгалжуулагч болон залуучууд дэлхийн сагсан бөмбөгийн системээс суралцах боломжийг өгчээ. Энэ нь Монголын сагсан бөмбөгт оруулсан томоохон хөрөнгө оруулалтын нэг юм гэж спортын хүрээнийхэн дүгнэж байна. Түүнчлэн шигшээ багийн дасгалжуулагчийн багт бие бялдар болон сэтгэл зүйн гээд нийт 5-6 мэргэжлийн хүн ажилласныг дурдах нь зүйтэй.

МОНГОЛЫН 5Х5 САГСАН БӨМБӨГИЙН СПОРТ ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ ТҮВШИНД ХҮРСЭН ГЭДГИЙГ ТАНИУЛЛАА

Монголын оюутны 5x5 сагсан бөмбөг 20 гаруй жилийн түүхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд оюутны сагсан бөмбөгийн дотоодын тэмцээний чанар сайжирч, оролцох их, дээд сургуулиуд нэмэгдэж байна. Энэхүү тэмцээнд 27 хүртэлх насны АНУ, Бразил, Литв, Чех, Япон, БНХАУ зэрэг сагсан бөмбөгийн төрлөөр дэлхийд тэргүүлэх улсын шигшээ баг оролцсон.

Монгол Улсын шигшээ багийн тамирчдын тухайд дундаж нас 21.8 байгаа (хамгийн ахмад нь 25, хамгийн залуу нь 18 нас) бөгөөд дараа дараагийн удаагийн тэмцээнд оролцох эхлэлийг бүрдүүллээ.

2025 онд Дэлхийн оюутны Универсиад наадам ХБНГУ-д зохион байгуулагдах бөгөөд бид энэхүү тэмцээнд оролцох бэлтгэлээ өнөөдрөөс эхлүүлсэн гэж хэлж болно. 

Монгол Улсын шигшээ баг Чэндү хотод 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр очсон бөгөөд шигшээ багийн камп-д байрлаж, өдөр бүр бэлтгэл сургуулилалтаа хийхийн сацуу, бусад улсын шигшээ багийн тамирчидтай танилцаж, хамтарсан бэлтгэл хийж гүйцэтгээд байна.

Энэхүү тэмцээнд Монгол Улсын оюутны сагсан бөмбөгийн шигшээ баг Румын, Аргентин, ӨАБНУ, БНХАУ, Азербайджаны зэрэг улсын шигшээ багуудтай нийт 6 тоглолт хийснээс 3 хожиж, 3 хожигдол хүлээж, чансаагаараа 13-р байранд жагслаа. Эдгээр тоглолтуудаас Аргентин болон БНХАУ-ын хийсэн тоглолтууд маш ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн юм. Энэ нь Монголын 5х5 сагсан бөмбөгийн спорт дэлхийд өрсөлдөхүйц түвшинд хүрсэн гэдгийг таниулсан чухал үнэт зүйлс юм. Бид дараа дараагийн тэмцээнд амжилттай улам ахиулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо /МОСБХ/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button