Алдарт “Smash Mouth” хамтлагийн дуучин Стив Харвелл амьсгал хураажээ

АНУ-ын алдарт “Smash Mouth” хамтлагийн дуучин Стив Харвелл амьсгал хураасан байна. Тус хамтлагийн менежер Роберт Хейс өмнө нь Харвеллийг элэгний дутагдлын эцсийн шатанд орсон учир гэртээ хэвтэн эмчлүүлж байгаа гэж мэдэгдсэн юм.
Түүний өвчин эцсийн шатандаа орсон байсан тул Харвелл Айдахо муж дахь гэртээ амьсгал хураасан гэж Хейс сая мэдэгджээ. “Smash Mouth” хамтлаг нь 1990-ээд оны төгсгөл болон 2000-аад оны эхлэлээр “All Star”, “Walkin’ on the Sun” болон “I’m a Believer” нэртэй уран бүтээлүүдээрээ олонд танигдсан билээ.

Хейс гаргасан мэдэгдэлдээ “Стив дүүрэн амьдралаар амьдарсан. Амьсгал хураахаасаа өмнө орчлон ертөнц даяар гэрэлтсэн” гэж бичжээ. Харвелл 2021 онд бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэндэд үүссэн асуудлын улмаас хөгжийн карьераа дуусгасан.
Тэрбээр согтууруулах ундаанаас хамааралтай болж, үүнтэйгээ тэмцэж ирсэн ч 2013 онд кардиомиопати буюу зүрхний булчингийн дутагдал өвчнөөр оношлогджээ. Түүний өвчин даамжирч зүрхний дутагдал болон мэдрэлийн өвчин үүсгэсэн байна.
“Smash Mouth” хамтлагийн менежер “Стивийг поп оддын оргилд хүрэхийн тулд анхаарлаа төвлөрүүлж, хүсэл тэмүүлэлтэй, шийдэмгий байдлаар нь санан дурсах хэрэгтэй” гэж мэдэгдлээ дуусгажээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.