УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нийгмийн сүлжээг зохицуулах хуулиар хараал, цахимжилтаар магтаал хүртэгч

Цахим хөгжил, харилцаа холбооны яам энэ жилийн хамгийн сайн ажиллаж буй яам хэмээн дурдах хүмүүс бий. Учир нь энэ он гарснаас хойш хуулийн дагуу ил болох ёстой ч төдийлөн олонд хүртээлгүй мэдээллүүдийг "Шил" ажиллагааны хүрээнд задалсан. Түүний ачаар ч төлөгдөөгүй зээлүүдээ хувь хүн, аж ахуйн нэгжүүд төлж эхэлсэн байдаг. Иргэд ч нээлттэй мэдээллийг ашиглах боломж бүрдэж эхэлсэн.

Ямартай ч нэг ч гэсэн яам ажлаа хийдэг гэдгээ иргэдэд харуулж байна. Долоо хоног бүрийн даваа гарагт гэхэд л ЦХХХ-ны сайд Н.Учрал олон нийтэд мэдээлэл хийдэг. Ингэхдээ цахимжилттай холбоотой шинээр хийж буй ажлаа олон нийтэд тайлагнадаг билээ.

Товчхондоо бол энэ хавар Нийгмийн сүлжээг зохицуулах хуулийг хоёр хоногийн дотор батлуулахаар зэхэж, олон түмний "хараал" идсэн түүний нэртэй хамт үлдэх магтаал бол төрийн үйлчилгээг цахимжуулахад шуурхай ажилласан явдал болж таарна.

Манай улсын цахимжилт бол сайшаахаар зүйл мөнөөс мөн. Учир нь энэ хавраас хойш манай улсад зохион байгуулсан олон улсын шинж чанартай томоохон форумуудаар бусад улс орноос ирсэн зочид, төлөөлөгчид цахим шилжилтийг сайшаасаар. Айлчлалаар ирэх гадаадын сэтгүүлчид ч үүнийг магтах жишээтэй.

Тухайлбал, Эгүүр мэдээллийн агентлаг анх удаагаа Монгол Улсад зохион байгуулсан Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтыг сурвалжлах үеэр Филиппин улсын Мэдээллийн технологи, бизнесийн үйл явцын холбооны бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Селеста Илаган манай улсын цахимжилтын нөхцөл байдлыг онцолж байсан юм.

Тэрбээр ярилцлага өгөхөөсөө урьтаж "Монголд ирээд хамгийн ихээр гайхсан зүйл бол цахимжилт байсан. Ази дундаа Монголын цахим үйлчилгээ үсрэнгүй хөгжиж байгаа нь мэдээлэл технологийн үед маш том давуу тал болно" хэмээн хэлсэн юм. Тиймээс тэрбээр кибер аюулгүйн байдлыг хангах нь чухал учраас зөвлөгөө өгч байв. /Бизнес эрхлэгчид болон кибер халдлагатай холбоотой түүний ярилцлагыг ЭНД дарж уншина уу/

Түүнчлэн Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францисийн айлчлалаар ирсэн чөлөөт сэтгүүлчид дунд 10 жилийн өмнө манай улсад ирж байсан сэтгүүлч байсан юм. Пап Францисын намтрыг бичиж байсан чөлөөт сэтгүүлч Кристиан Мартини Грималди мөн 10 жилийн хугацаанд хамгийн их өөрчлөгдсөн зүйлсийг ярилцлагынхаа дараа хэлэхдээ агаарын бохирдол, барилгажилт болон цахимжилт байсныг онцолж байв. /Айлчлалтай холбоотойгоор өгсөн түүний ярилцлагыг ЭНД дарж уншина уу/

Товчоор бол богино хугацаанд цус урсгалгүй Ардчиллыг цогцлоож чадсаны адилаар богино хугацаанд цахимжилтыг үйлчилгээнд нэвтрүүллээ. Энэ эрчээ л алдалгүй ажиллах шаардлагатай. Чухамдаа энэ нийгмийн нэг ч гэсэн асуудал шийдэгдэж байгааг хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button