Top StoriesЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

2024 оны Улсын төсвийн 4 хувь буюу 1.2 их наядыг зээлийн хүүгийн зардалд зориулна

Ирэх жил УИХ-ын 2024 оны сонгууль болно. Тиймээс одоогийн парламентын энэ бүрэлдэхүүнээрээ хийгээд 76 гишүүнтэй ажиллах сүүлийн жил билээ. Ирэх жилийн сонгуулиас хойш 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.

Сонгуулийн жилийн төсөв учраас хүн бүр анхаарлаа хандуулсаар. Тэгвэл Эгүүр мэдээллийн агентлаг өргөн барьсан ирэх жилийн Улсын төсвөөс онцлох тоон мэдээллүүдйг та бүхэнд задалж, хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаад зээл, тусламж, зээлийн хүүд хэр хэмжээний мөнгийг төсөвт суулгасан талаар хүргэе.

-Ирэх жил 25.3 их наядын орлого олж, 27.3 их наядыг зарцуулна-

2024 онд 25.3 их наяд төгрөгийн орлого олж, 27.3 их наядыг зарцуулна гэж тооцсон. Нүүрс, зэсийн үнээ өөдрөг төсөөлсөн билээ. Тухайлбайл, зэсийг ирэх жил 9000 ам.доллароор тооцоолсон. 2023 оны улсын төсвийн зардлыг үүнээс даруй 5 их наяд төгрөгөөр бага буюу 21.8 их наяд гэж тооцон баталж байв.

Харин манай улс одоогоор алдагдалтай төсөв баталсаар байгаа. Гэсэн хэдий ч үүнийгээ бууруулахыг зорьсон гэдгийг онцолсон. Төсвийн нийт алдагдлын хэмжээ бол хоёр их наяд төгрөг билээ. Харин өнгөрсөн жилийн хувьд төсвийн алдагдал 3.6 их наяд төгрөг байсан юм.

-Зээлийн хүүд ирэх жил 1.2 их наядыг зарцуулна-

Нийт 27.3 их наяд төгрөгийн төсвийн дөрвөн хувь буюу 1.17 их наяд төгрөгийг бид ирэх жил хүүгийн зардалд зориулах юм.

Тэгвэл уг хүүгийн зардлыг ирэх жилийн Сангийн сайдын мэдлийн 4,557,661,000,000 буюу 4.56 их наяд төгрөгт багтаажээ. Түүний нийт зарцуулах төсвийн 26 хувь нь зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт зориулагдаж байна.

-Ирэх жил 1.2 их наядын зээл, 558 тэрбумын тусламж авахаар тусгажээ-

Манай улс ирэх жил 1.23 их наяд төгрөгийн зээл, 558 тэрбумын тусламж авч ашиглахаар төсөлд тусгасан байна. Нийт 1.7 их наядыгг төсөвлөсөн гэсэн үг. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй тэнцэхүйц тооцоо ажээ.

Уг төсвөөр 2024 оны гол бодлого болох Хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд орон нутгийн томоохон дэд бүтэц, авто зам, зарим авто замын засвар, арчлалтын зардлыг шийдвэрлэхээр тусгасан байна. Ирэх жил нийт 130 төсөлд дээрх мөнгөн төсвийг зарцуулах аж.

Уг төслүүдээс хамгийн том зургаан төсөл нь,

  • Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл - 150
  • Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл - 334
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц - 150
  • Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих - 80
  • 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл - 50
  • Улаанбаатар-Дарханы чиглэлд нэмэлт хоёр эгнээ зам барих төсөл - 80 тэрбум төгрөгийг зарцуулах юм байна.

Дээрх төслүүдийн төсөв нь ирэх жилийн гадаадын зээл тусламжийн нийт мөнгөн дүнгийн 47 хувийг эзэлж байгаа юм.

-Азийн хөгжлийн банк ирэх жилийн зээл тусламжийн дийлэнх буюу 26 хувийг бүрдүүлнэ-

Ирэх онд ашиглах нийт зээл тусламжийн 40.7 хувийг олон улсын байгууллага, 59.3 хувийг өхгжлийн түнш орнуудын эх үүсвэрээс бүрдүүлэх юм. Энэ жилийн адилаар Азийн хөгжлийн банкны санхүүжилт ирэх ч өндөр хэвээр байх нээ.

Нийт 130 төсөлд 18 хөгжлийн түншээс 1.7 их наяд төгрөгийг зарцуулна. Хөгжлийн түншүүдээс,

  • АХБ - 57 төсөлд - 468.4
  • АНУ-ММС- 1 төсөлд - 334.1
  • БНХАУ - 14 төсөлд - 326.6
  • БНЭУ - 2 төсөлд - 162.0
  • ЕСБХБ - 13 төсөлд - 122.7
  • Дэлхийн банк - 16 төсөлд - 108.4
  • БНСУ - 7 төсөлд - 102.7
  • ХБНГУ - 3 төсөлд - 48.5
  • Австри - 4 төсөлд - 26.3
  • Польш - 2 төсөлд - 24.4
  • ЕХОБ - 2 төсөлд - 16
  • БНФУ - 2 төсөлд - 15
  • Япон - 1 төсөлд - 15
  • Боловсролын дэлхийн түншлэл - 1 төсөлд - 9.5
  • Люксембург - 1 төсөлд - 2.7
  • Кувейт - 1 төсөлд - 0.5
  • ХААХОУС - 1 төсөлд - 0.1
  • Беларусь - 2 төсөлд - 0.02 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлж байна.

-Засгийн газрын өр ирэх жилд 35.2 их наяд-

Энэ жилийн төгсгөлд Засгийн газрын нийт өр 32.1 их наяд төгрөгтэй тэнцэнэ хэмээн тооцоолжээ. Харин ирэх жилийн хувьд даруй гурван их наядаар илүү байна гэж үзсэн байна. Ингэснээр ирэх жил 35.2 их наяд төгрөгийн Засгийн газрын өртэй байхаар тооцоолсон аж.

Түүнчлэн ирэх онд нэмж Засгийн газрын өрийн баталгаа гаргахгүй, 2023 онд Хөгжлийн банкны Самурай бондыг Засгийн газрын өрийн баталгаа гаргахгүйгээр төлөхөөр тооцоолжээ.

Харин 2021-2023.09.30-ний өдрийн байдлаар нийт 11.9 их наяд төгрөгийг өрийг төлсөн байна. Тодруулбал,

  • Өрийн зохицуулалтаар 4.9
  • Төлсөн үндсэн төлбөр 4.5
  • Төлсөн хүүгийн төлбөр 2.5 их наядыг тус тус зарцуулжээ.

Үүнээс харахад зөвхөн хүүгийн төлбөрт 2.5 их наяд төгрөгийг зарцуулсан гэдэг нь нийт өр төлбөрийн 26 хувийг эзэлж байна.

ТЭМДЭГЛЭЛ: Гадаадын зээл, тусламжаар бид томоохон бүтээн байгуулалтыг барьдаг боловч угтаа их хугацаа шаардагдаж, олон жилийг дамжин үргэлжилдэг. Энэ нь өөрөө төслийн нэгжид, зээл олгогчдод ихээхэн давуу тал үүснэ гэсэн үг. Хүүгийн төлбөрт Улсын төсвийн дөрвөн хувь буюу 1.2 их наяд төгрөгийг төсөвлөнө гэдэг бол их тоо. Эргүүлээд бид жил бүрийн улсын төсөвт нэг их наяд төгрөгийг зөвхөн хүүгийн төлбөрт зориулж, үүнийгээ ч татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг билээ.

Товчхондоо бол манай улсад авлигын эсрэг үр дүн муу байдаг шалтгаануудын нэг гэж хэлж болно. Улсын төсөв дэх ийм их хэмжээний мөнгийг зүгээр л хүүгийн төлбөрт урсгаж буй нь авлига үргэлжлэх нэг асуудал хэмээн үзэх хангалттай үндэслэл болох боломжтой. Ямар сайндаа л бүтээн байгуулалтын ажлууд хий дэмий царцаж байх билээ.

Хамгийн энгийн жишээ бол ирэх жилийн төсөвт алдарт Дарханы замын бүтээн байгуулалт дахиад л багтсан. "Мянгуужингийн үлгэр" болсон. Энэ оны наймдугаар сарын байдлаар гэхэд л 60 хувьтай үргэлжилж байна хэмээн мэдээлж байв. Хэдийн 10 жилийн нүүр үзэхээр зэхэж буй уг зам ч ийнхүү дараагийн сонгуультай зэрэгцэж байна.

Холбоотой өмнөх мэдээллүүдийг доорх холбоосоор орж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 5, 2023 10:04

Эгүүр сайн байна

Холбоотой мэдээ

Back to top button