Сурвалжилга

Сурвалжилга: Улсын хэмжээнд цор ганц түр хоноглох байранд 25-30 насны залуус олноор ирж байна

Улсын хэмжээнд ганцхан байдаг түр хоноглох газар "Нийгмийн халамжийн тусгай төв". Энд орон гэрээсээ дайжиж олон сар, жилээр гудамжид хоног төөрүүлсэн архины хамааралтай иргэд, хүүхэд асрах төвөөс насанд хүрээд гарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хорих ангиас суллагдаж буй зориод очих гэр бүл, орон байргүй хүмүүс ирдэг.

Бас архины эмчилгээнд орж үйлчилгээ авсан ч хүлээж авах ойр дотны хүнгүй эмчлүүлэгчдийг ийш илгээнэ. Өөрөөр хэлбэл “Нийгмийн хамгааллын тусгай төв”  бол амьдралд алдах, эндэх эрсдэлтэй, ар гэрээсээ хөөгдсөн, ах дүү харах хандах ойр дотны хэн нэгэнгүй иргэдийг хүлээн авч, байрлуулан улмаар амьдралын зөв замд хөтлөн оруулдаг байгууллага юм.

Хоногтоо 150 хүн хүлээн авах хүчин чадалтай энэ төвөөр жилдээ давхардсан тоогоор 1000 гаруй иргэд үйлчлүүлнэ. Сүүлийн найман жилд эднийхээс 250 иргэн хорт муу зуршлаасаа салж, бие даасан амьдралд хүрчээ.

Биднийг зорин очих үеэр тус төвөөс 80 гаруй иргэд үйлчилгээ авч байгаа гэсэн тоон мэдээлэл өгөв. Тэдний ихэнх нь ажил хийхээр гадагш явсан, нэлээд хэдэн хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байгаа гэв.

-Ш.Мөнхцэцэг: Гэр бүлдээ ад болсон бүх л хүмүүс энд цугладаг-

Эхлээд бид Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэгтэй ярилцлаа. 

-Танай ажлын онцлог нь юу байдаг вэ?

-Түр хоноглуулах л үүрэгтэй гээд хэд хонуулаад явуулчхаж болдоггүй онцлогтой. Хүүхдийн асрахаас насанд хүрсэн оюун ухааны хөнгөн хомстолтой биеэ даагаад амьдрах боломжгүй хүүхдүүдийг НХТТ-д өгдөг. Гаргаад явуулчихья гэхээр хүчирхийлэлд өртөх, групп, халамжийн мөнгөө залилуулах гээд зөндөө эрсдэл хүлээж байдаг. Тэр ч байтугай энд байхад нь ээжийг нь олчихлоо гаргаад ирэх үү гэж худлаа ярьсан тохиолдол ч бий. Ер нь архины хамааралтай болон хорихоос суллагдсан, архины эмчилгээ, цагдаагийн ачлагаар ирсэн хэнийг нь ч бай түр хоноглоод яв даа гэх ямар ч боломжгүй. 6-7 жил үйлчилгээ аваад явж байгаа хүмүүс зөндөө л байна.  

-Урсгал нь байнгын хөдөлгөөнтэй юу?

-Байнгын хөдөлгөөнтэй. Цагдаагийн ачлагаар ирнэ, өөрсдөө хаалга нүдээд орж ирнэ. Усанд оруулж, хувцсыг нь сольж, хордлогыг нь тайлаад сайхан болгоод авдаг. Эрх нь хязгаарлагдмал биш учраас орно, гарна. Өглөө ажилд яваад орой ирнэ. Ингээд нийгмийн харилцаанд орохоороо алдаад хальтирдаг. Бид нар чинь орой ажил тарах үед сэтгэл түгшүүртэй болчихдог. Учир нь автобуснаас буунгуут нь л “чи хэзээ ийм болчихсон юм” гээд уруу татдаг байхгүй юу. Тийм учраас бид ажил олгогч, албадан эмчилгээ, хорихуудтай гараас гарт гэсэн гэрээ хийдэг. Хоногтоо 150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Улирлын байдлаас шалтгаалдаг. Зуны улиралд хоногтоо 4-5 хүн хаалга нүдээд ирдэг. Бүр аргаа бараад наашаа зүглэдэг байхгүй юу. Өвөл 11-3 сар хүртэл үнэхээрийн их ачаалалтай. Гадаах 10 гэрт, байрныхаа нэг давхарт аваад ч багтахгүй, өрөөнүүдэд нэмэлтээр наар дэлгэдэг.

Хүйтний улиралд хөлдөлт осголтоос сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд гэр оронгүй тэнэмэл архины хамааралтай хүмүүсийг энд авч ирдэг. Тэгээд дээрээс нь хорихоос, асрахаас, Мааньтын архины эмчилгээнээс ирнэ. Бид түр хоноглуулаад аргацаагаад явуулах биш хорт зуршлаас нь салгаад, гэр бүлд нь эргэж нэгтгэх, амьдралд биеэ даасан зөв иргэн болгож гаргах зорилготой учраас хүмүүс харилцан адилгүй эндээ амьдардаг.

Дундаас нь хальтарна, эргээд орж ирнэ, буцаад явна, байнга байсаар байгаад сайхан амьдралд хөл тавих нь ч бий. Тийм учраас байнгын хөдөлгөөнтэй, ирж очоод бужигнаж байдаг. Бид нар ачуулаад хүчээр ирэхээсээ илүүтэй өөрөө зориод ирж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхийг хүсдэг. Тийм учраас манай ажилтнууд төвөөс үзүүлдэг 12 үйлчилгээгээ жижигхэн цаасан дээр хэвлээд энэ хэдийнхээ байрладаг түүхий эдийн цэг, худалдааны төвийн ойролцоох байр зэргээр явж тараадаг.

Тэгээд бүр аргаа барахаараа нөгөө цаасаа тас атгачихсан намайг ирээрэй гэсэн гээд хаалга нүддэг. 2023 онд өөрөө хүсч ирсэн үйлчлүүлэгчийн тоо нэмэгдсэн. Тэгж ирсэн хүн чинь арай өөр зорилго тэмүүлэлтэй, ирээдүйдээ санаа зовсон би зогсоох ёстой гэсэн хандлага ажиглагддаг.

Харин ачуулаад ирсэн хүмүүс оргох юмсан, зугатах юмсан гэх хандлагатай.  Манай төв анх 2003 онд “Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төв” нэртэй үйл ажиллагаа эхэлсэн. Энэ нэрээрээ хүмүүс илүү сайн мэддэг. Тэгээд гудамжид бие биедээ Амьдрах ухаан дээр очоорой, хөлдөж үхэхгүй шүү гэж дамжуулдаг. Манай найз танайд очоорой гэсэн гээд орж ирнэ.   

-Хамгийн тэвчишгүй зүйл нь юу байдаг вэ?

-Нийгмийн хамгийн амаргүй салбар. Гэр бүлд нэг архины хамааралтай хүн байхад яаж л залхаадаг билээ. Тэгээд яв зайл чамтай амьдрахгүй гээд явуулчихсан тэр олон хүн энд цугларч байна гэсэн үг.  Хорихоос суллагдсан, архины өндөр хамааралтай, зан төлөв сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс ч байна. Эд нартай ажиллана гэдэг тоосго өрөхтэй адил зүйл биш шүү дээ. Бидний ажил шүдийг нь угаалгаж, уучлалт гуйлгаж, талархал илэрхийлж сургахаас эхэлдэг. Манай 19 ажилтнаас гурван жижүүр, хоёр нийгмийн ажилтан эрэгтэй бусад нь эмэгтэй. Би бол хамт олноо энэ цагийн баатрууд гэж хэлнэ. Цагдаа нар та нар байнгын ийм үнэрт яаж ажилладаг юм бэ гэдэг. Тэвчээд үлдсэн хүмүүс л энд бий. Зар тавиад хүн ирэхгүй. Цалин сайн биш, нийгмийн баталгаа найдвартай биш. Бид нар агсам тавиулна, элдэр үгээр хэлнэ, бүр хазаад цохиод авч байсан тохиолдол ч бий.

Гэтэл нийгмээрээ юуг нь хооллож ундалдаг юм гэж шүүмжилдэг. Бид нар өөрсдөө ч ялгаварлан гадуурхагдах үе олон. Нэг үйлчлүүлэгч дагуулаад эмнэлэг рүү орно. Чи энийг группт оруулаад мөнгийг нь авч идэх гэж байна уу гээд гаргаж байсан. Өөр бусад газраар явахад ч хувцас хунар нь ийм тийм гээд ялгаварласан хандлага мэдрүүлнэ. Хүн чинь ялгаварлагдаад ирэхээрээ өнгийх биш улам ганцаардаж, шаналал нь нэмэгддэг. Тэгэхээр энэ ганцхан манай төвийн ажил биш, бүхий  л талын хамтын ажиллагаа хэрэгтэй. Дан ганц архины хамааралтай бус үр хүүхэд нь харж хандахаа больчихсон ахмад насны бус хүмүүс, архи уудаггүй ч гэр нь шатаад гэргүй болчихсон, хорих ял эдлээд суллагдахад нь тосч авах ойр дотны хэн нэгэнгүй хүмүүс гээд л монголчууд нэгнээ гэж анхаарахаас өөр аргагүй амьдралын тохиолдлууд байна шүү ээ.  

-Гэр бүл нь ирээд аваад явдаг тохиолдол хэр вэ?

-Маш цөөн. Бид аль болохоор ар гэртэй нь ажилладаг. Нэг айлыг хүүхдийг нь асрамжид, ээж, аавыг нь энд бөөгнүүлчхээд бид нар ажил хийж байна чадаж байна гэж хэлэхэд учир дутагдалтай. Гэр бүлд нь буцаад нэгтгэх гэж л үзнэ. Зарим нь бол үнэхээр гомдчихсон, хамт баймааргүй байна наанаа л учрыг нь ол гээд шуудхан хэлнэ. Энэ олны дунд чинь эд хөрөнгө, орон байр бүх юмаа гэр бүлдээ үлдээгээд өөрийгөө золиослоод гараад ирсэн хүмүүс ч бий. Эргээд гэр орныхон нь харж ханддаггүй. Групп, тэтгэврийн мөнгийг нь авч идчхээд өөрийг нь энд байлгадаг  хүүхдүүд байна. Бид нар хамгийн түрүүн ах дүү хамаатан садан ар гэр бүл рүү холбогддог. Сэтгэлтэй гэр бүл мэр сэр байна. Хамтраад групп-т оруулчихья, эмнэлэгт хэвтүүлчихье гэхэд гүйгээд ирнэ. Тэгээд нэг эгч байлаа гэхэд энэ хүнээ ав гэж хэлэх бас хэцүү. Ирээд уулзаад ярилцахад олуулаа түрээсийн байранд амьдардаг ч гэдэг юмуу бас л зовлонгоо ярина.

-Гэр оронгүй тэнэмэл иргэдийн нас залуужиж, төвөөр үйлчлүүлэгчдийн дийлэнх нь 25-30 насныхан байна-

Оройхон болж төвийн үйлчлүүлэгчид “гэртээ” ирцгээж байна. Эгнүүлэн барьсан гэрүүдээс чангаар ярилцах нь сонсогдоно. Төв байрны үүдээр жижиг тортой зүйл барьсан залуухан эрэгтэйчүүд орж ирцгээж байна. Тэд өөр өөр газар ажил хийгээд ирдэг юм байна. Ажил хийх чадамжгүй, төвийн асаргаанд байгаа гэртээ үлдсэн бусаддаа ойр зуурын хүнс, амттан авч ирж өгөх аж. Хамгийн гол нь тэдний ихэнх нь залуус. Төвийнхөн “Ирж байгаа хүмүүс улам залуужаад байгаа нь харамсалтай” гэж хэлсэн үг бодогдов. 

Төв байрны нэг давхрыг тэр чигээр нь үйлчлүүлэгчид зориулжээ. Эрэгтэй, эмэгтэй өрөөнүүд, гал тогоо, угаалгын хэсэг. Нэг өрөөнд 6-20 хүн амьдрах боломжтой. Харин эмэгтэйчүүдийн өрөө цөөн ортой харагдав. Асрах төвөөс энд шилжиж ирсэн залуухан эмэгтэй оюун ухааны бэрхшээлтэй. Түүнтэй хамт энд ирж, арваад жил найзалсан найзыг нь хэдхэн хоногийн өмнө төрсөн гэр бүл нь аваад явж. Төвийнхэн найзыгаа санаад, ганцаардаад жаахан гунигтай байгаа гэж тайлбарлав. Түүнтэй хамт тус төвөөр долоо дахь жилдээ үйлчилгээ авч буй эмэгтэйтэй ярилцлаа.

Тэр 49 настай. Архины хамааралтай болоод 20 гаруй жил өнгөрчээ. Тэрбээр "Яагаад ийм замаар орсноо үргэлж боддог. Жаргал нь дэндсэн байх. Хоёр хүүхдээ 3, 5 настай байхад аавд нь орхиод тэнэж эхэлсэн. Эмэгтэй хүн гудамжинд амьдрах ямар олиг байхав. Тэгээд бүр тартагтаа тулаад наашаагаа ирдэг. Тэгээд бас өөрийгөө удирдаж чадахгүй дахиад л явна. Энэ төв байгаагүй бол өөрийгөө яаж амьдрах байсныг төсөөлдөггүй. Манай багш нар надад боломж олгоод нэг хэсэг төвдөө ажилласан. Засрах гэж хэчнээн хичээсэн ч энэ архи гэдэг зүйл бол хүнийг үнэхээр бүрэн эзэлж, хайртай бүхнээс нь холдуулдаг гэдгийг биеэр мэдрээд явж байна" гэлээ.

-Төвийнхөө оёдлын цехэд ажиллаж, хүүхдүүддээ хэрэгтэй зүйлсийг нь авч өгдөг болсон-

Эднийх дотроо оёдлын цехтэй. Үйлчлүүлэхээр ирсэн иргэдээ ээлжээр сургаж ажиллуулдаг. Жилдээ тус цехэд 10-12 хүн ажилладаг байна. Тэд тор, төрөл бүрийн цүнх оёж, өөрсдөө хүргэлтээ хийнэ. Дотроо үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгох нь үйлчлүүлэгч хорт зуршлаасаа салах хамгийн боломжит шийдэл болдог байна. Учир нь тэд үйлчилгээ авах хугацаандаа гадагш гарахаараа эргээд архины хүрээлэлд хөл тавьчих нь олонтаа. Энэ удаад оёдлын цехэд гурван эрэгтэй, нэг эмэгтэй ажиллаж байлаа. Тэд мөн л маш залуухан.

Тэдний нэгэнтэй ярилцахад "Гэрээсээ гараад арваад жил болж байна. Энэ төвд ирээд 2 жил боллоо. Сайхан хамт олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар муу бүхнийг ардаа орхисон. Анх энд суга таягтай ирж байсан. Эхнээсээ багш нар маань хүлээж аваад надтай ярилцаж, миний санаа бодлыг сонсож нийлээд төлөвлөгөө гаргасан. Би өөртөө итгэлгүй байсан учраас архинаас гарах хугацаагаа нэлээд удаан байхаар төлөвлөсөн. Ер нь энд ирж байгаа хүмүүстэй манай багш нар ингэж ажилладаг. Өөртэй нь ярилцаад өөрчлөгдөх төлөвлөгөөг хүссэн хугацаагаар нь гаргадаг. Би одоо архинаас холдсон, хагалгаанд орж таягнаас салсан, эндээ ажиллаж орлоготой болж орхиод гарсан хоёр хүүтэйгээ холбогдож, хэрэгтэй зүйлийг нь авч өгч чаддаг болсон. Сая яриад машин захиж байна. Эхнэр маань өөр амьдрал зохиосон. Би ханиа хэзээ ч буруутгахгүй. Ажил хийж хэдэн төгрөг олоод архи ууж, хань ижлийнхээ хэлсэн үгэнд гоморхож хаалгаа савж гараад гудамжны амьдралд өөрөө хөл тавьсан. Одоо харин огт өөрөөр амьдарна. Энэ сэтгэлзүй, хүч чадлыг надад Нийгмийн хамгааллын тусгай төвийн хамт олон өгсөн" гэлээ.

Харуй бүрий болж, төвийн үйлчлүүлэгчид ам бүлээрээ цуглаж эхлэв. Эхний өрөөнд жараад насны эрэгтэй амрахаар зэхэж байлаа. Тэр архи уудаггүй, орон гэргүй болоод Баянхонгор аймгаас тус төвийг зорьж ирсэн гэв. Өдөртөө ажил хийдэг. Энд тухтай байна гэснээс өөр зүйл ярихыг хүссэнгүй. Харин дараагийн өрөөнд хэд хэдэн залуус байсан ч камер хараад гарч явцгаав. Ганцаар үлдсэн хижээл насны эрэгтэйтэй ярилцлаа. Тэрбээр "Би хүн амины хэргээр шоронд ороод 16 жил суугаад суллагдсан. Энд ирээд арваад хонож байна. Бага залуугаасаа л орох оронгүй тэнэж яваад хэрэгт орсон. Тэндээс гараад очих газаргүй учир нийгмийн ажилтан маань НХТТ-тэй ярилцаад энд авч ирсэн. Хоол, халуун ус, бүх юм бэлэн сайхан л байна. Одоо нэг алдчихгүй шиг амьдарна даа л гэж бодож сууна".

Уг төв хашаан дотроо жижиг үйлдвэрлэл эрхэлдэг цехүүд, хүлэмжтэй байжээ. Гэвч ковидын хөл хорионы үеэр орон гэргүй иргэдийг энд төвлөрүүлж, нийслэлээс 10 гэр барьж өгч, жижиг цехүүдийг буулгажээ. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал өөрчлөгдсөн ч гэрүүдийн ачаалал буурсангүй. Их таван ханатай эдгээр гэрүүдэд 5-6 орыг угсран байршуулж, төвхнүүлжээ.

Бидэнд өөрийгөө алдартай уран бүтээлчийн хүүхэд гэж танилцуулсан дөч эргэм насны залуу амьдралаа ярьж, дуулж өгөв. Ганц өргөмөл охинтой тэр маань том болоод гадагшаа сурахаар явсан гэсэн. Эхнэр маань хүнтэй суугаад хөдөө явсан тухай сураг сонссон. Гэрээсээ гараад найман жил, энд ирээд хоёр жил боллоо. Төвийнхнийхээ буянаар нүдний хагалгаанд орж, сайн хардаг болсон. Би өөрөө төрсөн талаасаа өргөгдсөн учраас тэд нараасаа хол хөндий өссөн гээд нулимс унагав.

Ийм чиглэлээр үйлчилгээ явуулж буй улсдаа цор ганц газар эднийх. Тэд дээр дурьдсан нөхцөлөөр иргэдийг хүлээн авч дараах үйлчилгээг үзүүлнэ. Нэгдүгээрт, түр хоноглуулах байр. Гудамж, орц хонгилоор хоноглодог архины хамааралтай тэнэмэл иргэдийг халуун хоол, дулаан хувцас, байр орноор хангаж, эрсдэлээс сэргийлнэ. Хоёрдугаарт, нийгмийн үйлчилгээ үзүүлж хордлого тайлна, түлэгдсэн, хөлдсөн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад шилжүүлнэ. Сэтгэлзүйн зөвлөгөө өгч, бичиг баримтжуулах, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Гуравдугаарт, цаашид бие даан амьдрахад бэлдэнэ. Ар гэртэй нь холбогдоно. Хэрвээ хүлээж авахгүй гэвэл шинэ амьдрал эхлүүлж, бие даан амьдрахад нь тусалж, бүхий л талаас нь дэмжиж ажиллана. Ингээд үнэлгээ хийснээр шинэ амьдралд нь хөл тавьдаг байна. Үйлчлүүлэгчдийн 90 хувь нь архины хамааралтай бөгөөд 80 хувь нь эрэгтэй, 20 хувь эмэгтэй. Харин 10 хувь нь асрамжийн газар, хорих анги, архины албадан эмчилгээний төвөөс ирнэ. 20 жилийн түүхтэй энэ төвд хамгийн удсан хүн нь 12 жил болж буй.

-НХТТ-ийн ахлах арга зүйч Н.Нэргүй: Энд бурхнаас даалгавартай хүмүүс үлдэн ажиллаж байгаа болов уу-

Нэг сэтгэлзүйч хоёр хоног ажиллаад “Миний байх газар биш байна” гээд явчихсан тохиолдол бий. Маш амаргүй нөхцөл байдалд ажилладаг учраас зүрхшээсэн байх. Ер нь энд цаанаасаа бурхны даалгавартай хүмүүс л үлдэж, бусдын сайн сайхны төлөө явж байгаа болов уу гэж би боддог. Гэхдээ манай үйлчлүүлэгчид массын харж байгаа шиг бүгдээрээ хар бараан биш шүү дээ. Дээд боловсролтой, сайхан амьдралтай, өндөр албан тушаал хашиж явсан хүмүүс ч алдаж, эндээд ороод ирдэг. Ерөөсөө 90 хувь нь архины шалтгаантай энэ нэрийг зүүгээд явж байна. Нөгөө талаас гэр бүлийн нандин харилцаа, монгол ёс уламжлал алдагдсаны нөлөө ч бий. Дэлхий нийтэд гэр оронгүй иргэдийн шалтгаан нь дүрвэгсэд эсвэл хууль бус оршин суугчид л байдаг. Гэтэл монгол хүн монгол нутаг дээрээ гэр оронгүй болчхоод тэнэж яваа нь байж боломгүй зүйл шүү дээ.

Улам залуужиж байна. Шалтгаан нь хүүхэд насны гэрийн суурь хүмүүжил, хойд эцэг эхтэйгээ таарамжгүй байдал ингээд гудамжид гаргадаг. Бид тэгэхээр гэр бүлийн үнэ цэнийг  үнэлэмжтэй болгох, бие биенээ сонсох, хүлээн зөвшөөрөх, нэгнээ сонсож сурч байж үр дүн гарна.

Дотоод итгэл үнэмшлээ хөглөж, сүр хүчээ ашиглаж, эмгүйгээр эмчлдэгдэх арга барилаар олон хүмүүс архинаас гараасай. Бид архины хамааралтай хүмүүсийг гэрэл гэгээтэй замд оруулах зорилготой ч олон жилийн архины хамаарал сэтгэцэд нөлөөлсөн учир амаргүй. Өөрөө хүсээд байгаа ч өвчин нь тэсвэрлэшгүй учраас уучихдаг. Ингэлээ гээд хаячиж болохгүй учраас нэг цикл дотор л яваад байна даа.

-НХТТ-ийн төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан Э.Пүрэвсүрэн: Оёдлын үйлдвэр жилдээ арваад хүнийг ажлын байраар хангаж, цалинжуулдаг-

Зорилтот бүлгийн орлого багатай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, байгаль орчинд ээлтэй даавуун тор, аяллын төрөл бүрийн цүнх хийх уг төслийг Австралийн засгийн газраас санхүүжүүлсэн. Жилд хоёр хүн шинээр сургаж, 10 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Оёдолчид сардаа нэг сая төгрөгийн цалин авч, даатгалд хамрагдаж нийгмийн бусад үйлчилгээг авч байна. Манай гадагшаа явж ажил хийж байгаа хүмүүс замдаа бусдад уруу татагдах эрсдэл өндөртэй. Харин дотроо ажиллаж байгаа хүмүүс гадагшаа гарах шаардлагагүй учраас үр дүн өндөр, хурдан хугацаанд архины хамаарлаас ангижирдаг. Тэгэхээр цаашдаа ажлын байрыг бие даасан байдлаар шийдэх нь үр дүнтэй гэдгийг олж харсан. Манай төвийн шинэ барилга БЗД-т баригдаж байгаа. Тэнд гар урлал, мужаан, оёдлын үйлдвэр болон газар тариалангийн  чиглэлээр үйл ажиллагаагаа өргөсгөж ажлын байраа шийдээд явна.

-Хэн нэгэн тэднийг заавал хайрлах учиртай-

Төвийн ажилтнуудын 70 хувь нь эмэгтэй. Хөлдсөн, хордлогод орсон, ухаан санаа нь самуурсан согтуу хүмүүстэй тэд нүүр тулж ажиллана. Усанд оруулж, хэчнээн хоног тайлаагүй хувцсыг нь солиулж, эмнэлэг, дүүргээр дагуулан нийгмийн үйлчилгээнд хамруулна. Төвийн ажилчдын цалин бага, нийгмийн баталгаа тааруу ч тэд бусдыг гэх сэтгэл зүрхээрээ энд тогтож үлджээ. Тэд бараг бүгдээрээ энд ажилласан зургаагаас дээш жилийн туршлагатай. Хамтдаа хөөгдөж, цугтаа адлагдаж хэдэн үйлчлүүлэгчээ хөтөлж яваадаа тэд сэтгэлээр унасангүй. Учир нь хэн нэгэн тэднийг заавал хайрлах учиртай.

Нийгмийн Хамгааллын Тусгай Төвийн үйл ажиллагаа, бусад мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
10 сар 30, 2023 09:05

онцгүй орчинтой юм байна. гутраад ахиад архи уух юм бишүү наад газрыг чинь хараад. дэмжих төв гэхэд арай л муу байна

iirgen
iirgen
10 сар 31, 2023 23:01
Reply to  zochin

Өөрсдөө юу ч хийж чадахгүй хэрнээ ландаа юм бологоныг гоочилж чамлаж байдаг хүмүүс байх юмаа.Битгий ийм сэхүүн бай.Амьдр�##� үзээгүй эрх танхи өссөн хүн л ийм үг хэлдэг.

Ззз
Ззз
11 сар 1, 2023 09:34
Reply to  iirgen

Яг үнэн юу ч хийж үзээгүй хүн л элдэвээр гоочилдог.Ажиллаж байгаа хүмүүс нь сэтгэл сайтай юмаа.Ийм хүмүүстэй ажиллах үнэхээр хэцүү хэцүү.Олон зүйл яриад байгаа хүмүүс өөрсдөө ирж дотор нь орж ажиллав�##� л ойлгох байхдаа

Зочин
Зочин
10 сар 30, 2023 13:29
Reply to  zochin

Өөрөө хандив өргөөд очоод тохижуулж болно. Супэр болгоод өг харъя

ЗОЧМН
ЗОЧМН
10 сар 30, 2023 09:58
Reply to  zochin

Үүнээс илүү яаж энхрийлэх юм бэ?? Харинч дэндүү х�##�амжлах тусам даварцгаадаг, Харин ажилчид нь тэвчээртэй ,мундаг юмаа,

Зочин
Зочин
10 сар 30, 2023 09:14
Reply to  zochin

энэ газрыг битгий хэл сургууль цэцэрлэгтээ ч анхаарч засвар үйлчилгээ хийхгүй байхад,

ыбө
ыбө
10 сар 30, 2023 09:45

Нийгмээс тусгаарлагдсан ийм хүмүүсийг дайчилж чиглүүлж өгч байгаад баярл�##�аа

Халтар
Халтар
10 сар 30, 2023 10:07

Мундаг улсууд шүү

Зочин
Зочин
10 сар 30, 2023 10:35

Одоо өвөл болохоор хүйтэн болно тэгээд олон хүн, хүүхэд гудамжинд осгож хөлдөх байдaл үүснэ. Тийм хүмүүст дулаан байр хэрэгтэй. Энэ түр хоноглох байрыг улсаас дэмжиж байх хэрэгтэй.

иргэн
иргэн
10 сар 30, 2023 17:26

Үнэхээр мундаг сэтгэл зүрхтэй ажилтан ажиллагсадтай газар байна. Хүмүүс минь бие биенээ хайрлаж, боломж олдвол энэ гааарт тус�##�ж дэмжиж байхыг хүсэж байна. Төр засгаас ч гэсэн төсөв мөнгийг нь нэмэгдүүлж, ц�##�ин хөлсийг нь сайн болгомоор юм бна. Заав�##� тус�##�наа, бүүр нулимс гарчихлаа

Зочин
Зочин
10 сар 30, 2023 17:33

Баатрууд юм аа, их хэцүү ажил юм.

Энхбат
Энхбат
10 сар 31, 2023 09:45

Хаана байдаг газар вэ? Чин сэтгэлээсээ зөв амьдаръя гэсэн бодолтой нэг хүнийг авч, гэр бүлтэйгээ хамт амьдарч ажиллая гэвэл яах бол?

Зочин
Зочин
10 сар 31, 2023 15:56

Ханын эцэст

Зочин
Зочин
11 сар 1, 2023 13:16

Маш тэвчээртэй мундаг хүмүүс л ийм хүмүүстэй ажилладаг байх, амжидт та бүхэнд

Зочин
Зочин
11 сар 1, 2023 21:19

энэ газар ажилд ормоор бна

Холбоотой мэдээ

Back to top button