"Сайжруулсан түлшний агууламжид өөрчлөлт ороогүй, эхүүн утаа их галлагаатай холбоотой"
Өчигдөр /2023.11.01/ өдрөөс эхлэн нийслэлийн утаа улам эхүүн үнэртэй болж, хот тэр чигээрээ униартаж байлаа.
Агаарын бохирдлын мэдээллээс харахад 17:00 цагийн орчимд баруун дөрвөн зам, бөхийн өргөө, зүүн дөрвөн зам орчим хамгийн их бохирдолтой тэмдэглэгээнд хүрч байв. Нийгмийн сүлжээнд хотын төвийн орон сууц, албан байгууллагууд цонх онгойлгох төдийд хоолой хорсож байна хэмээсэн.

Бид энэ талаар холбогдох газруудаас тодруулан асуухад,
ОБЕГ: Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж, үүнээс улбаалан хотын төв орчимд утаа нэмэгдсэн. Өөр бусад төрлийн мэдээлэл бидэнд одоогоор ирээгүй байна.
“Тавантолгой түлш” ХХК: Нүүрсний агууламжид ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Шахмал түлшний 95 хувийг мидлинг, нүүрс барьцалдуулагч таван хувийг эзэлдэг. Одоо худалдаалагдаж буй түлшний найрлагад өөрчлөлт ороогүй. Өнгөрсөн жил худалдаалсан түлшийг энэ жил ч түлж байгаа.
Олон нийтийн зүгээс хагас коксон түлшний туршилтын ажил эхэлсэн байх вий хэмээн сэрдэж байгаа. Тэгвэл холбогдох эх сурвалжуудаас лавлахад хагас коксон түлшний санхүүжилт байхгүй тул эл түлшийг хэрэглээнд гаргаагүй гэв. Мөн "Тавантолгой түлш"-ийн агуулахад хагас коксон түлшний үлдэгдэл бага хэмжээтэй байгаа бөгөөд худалдаалах боломжгүй гэх мэдээллийг өгсөн юм.
Ташрамд дурдахад 2022 онд дэлхийн 131 улс орноос манай улс агаарын бохирдлоороо 28 дугаарт жагссан байна.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.