Нийгэм мэдээ

Баян-Өлгий, Дорноговь, Дорнод: Гэртэй чацуу цас орсон, мал ихээр хорогдож байна

Энэ жилийн хувьд манай улсад 1944 оны бич жилийн зудтай дүйцэхүйц хэмжээний зуд нүүрлээд байна. Нийт 20 аймгийн 100 орчим сум цагаан зудтай байгаа бөгөөд хөдөө орон нутгийн 90 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Цас хатуурч, мөстөж, мал бэлчих боломжгүй болсныг шилэн зуд, төмөр зуд гэдэг. Арваннэгдүгээр сарын сүүл үеэс эхлэн ихэнх нутагт цас их хэмжээгээр орж, малын тоо хорогдож эхэлсэн.

Иймд өвөлжилт хүндэрсэн аймгуудтай холбогдож, одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал: Аймгийн хэмжээнд 16900 гаруй мал хорогдсон

-Одоогоор танай аймгийн хэдэн сум зудтай байна вэ?

-Манай аймгийн хувьд Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх сумдуудад тэвштэй тэрэг болон, монгол гэрийг давсан их цас орсон.

-Зуднаас үүдэж хэд орчим мал хорогдсон бэ?

-Нийт аймгийн хэмжээнд 209 мянга орчим мал бүртгэгдсэнээс 16,900 гаруй мал хорогдсон байна. Цас орж, ихээр шуурч байгаагаас үүдэн аймгийн хэмжээнд 150 орчим хүнийг эрэн хайж, эндэгдэлгүй олсон. Дэлгэрэх сумын хувьд түргэн тусламжийн хоёр автомашинтай бөгөөд тус машиныг эрэн хайх ажиллагаанд хэрэглэж байгаа. Эрүүл мэндийн чиглэлээр ашиглах боломжгүй болсон. Чанарын шаардлага хангахаа больсон. Нэн яаралтай алсын дуудлагад л явж байгаа.

-Алслагдмал сумдад хэрхэн ажиллаж байна вэ?

-Алслагдмал сумд руу очих зам гараагүй, маш их хэмжээний цас орсон. Манай Онцгой байдлын албанаас зам гаргахаар ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нөөцөлсөн өвс, тэжээлээсээ аль болох алслагдсан сумд руу явуулахыг хичээж байгаа.

Аймгийн онцгой комиссоос малын хивэг, тэжээлийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй олгож байна. Энэ байдлаараа цас их хэмжээгээр орвол хавар мал төллөх үеэр мал зутруухан, нэлээн муу онд орох шинжтэй.

Дорнод аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга н.Мөнхбаяр: Сүхбаатар аймгаас олон тооны адуу Мэнэнгийн талд уруудаж ирсэн

-Аймгийн хэмжээнд хэдэн сум зудын эрсдэлтэй байна вэ, танай аймгаас оторт гарсан малчид бий юу?

-Өнөөдрийн байдлаар Халх гол, Дашбалбар, Булган, Цагаан-Овоо, Матад зэрэг суманд цагаан зудтай байна. Сүхбаатар аймгаас олон тооны адуу уруудаж, Мэнэнгийн талд ирсэн. Үүнтэй холбоотойгоор Отрын штаб байгуулсан.

-Энэ өвлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хийгдсэн бэ. Өвс тэжээлээ хангалттай сайн бэлтгэсэн байсан уу?

-Энэ жилийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажилд 200 тонн өвс, 70 тонн тэжээл нөөцөлсөн. Засгийн газрын 281-р тогтоолоор зудын үнэлгээ хийснээр зудтай сумдад 100 тонн өвс болон тэжээлийг хүргүүлсэн. Зудтай сумдад өвсний үнийг буулгаж дөрвөн мянган төгрөгөөр худалдаж байгаа. Харин цас зуд бага сумдад өвс 7-12 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа гэсэн мэдээлэл авсан.

-Малын хорогдол хэр байна вэ. Одоогоор нэгдсэн тоо гарсан уу?

-Долоо хоног тутам малын хорогдлын мэдээллийг авч байгаа. Нийт аймгийн хэмжээнд 7000 гаруй малын хорогдолтой байна. Энэ тоо цаашлаад улам нэмэгдэх төлөвтэй. Иргэдийн хувьд малынхаа араас явж байгаад төөрч, бид цаг тухай бүрд нь эрэн хайх баг гаргаж ажиллуулж байна.

 Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга З.Азат: Баруун аймгуудын зуд хаврын улиралд л эхэлдэг

-Танай аймгийн хувьд, өвөлжилт ямархуу болж байна. Цас хэр их орж байна вэ?

-Тал газарт цасны зузаан 8-14 см, уулаараа 30-60 орчим см зузаантай байна. Сагсай, Булган, Алтай сумын нутагт 80-90 хувьд нь өвөлжилт хүнд байна. Булган сумын хувьд аймгийн төвөөс урагш 300 гаруй км-ын алслагдмал. Тиймээс машин зам хаагдсан, өвс тэжээл хүргэх боломжгүй байна.

-Өвлийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан бэ?

-Малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 40-50 хувийг хэрэглэсэн учраас нэмэлтээр өвс тэжээл авахаар бэлдэж байна. Нийт аймгийн хэмжээнд 504 тонн тэжээл, 262.5 тонн өвс нөөцөлсөн.

Хоёрдугаар сарын дундуур малчид өвөлжөөндөө буух төлөвлөгөөтэй байгаа. Баруун аймгуудын хувьд хаврын улирлаас эхэлж зуд хүндэрдэг, тэгэхээр ирэх сараас эхлэн манай аймгийн зудын нөхцөл байдал илүү хүндрэх байх. Бид хаа хаанаа бэлтгэлээ маш сайн бэлдэж, бэлтгэж байна.

-Зудын эрсдэлтэй сумдын иргэд оторт явсан уу?

-Өвөлжилт хүндэрсэн 705 өрхийн 13397 мал Ховд аймгийн болон, отрын бүсэд оторлож байна. Ховд аймгийн хойд хэсэг, Увс аймгийн зүүн хэсгээр ихэвчлэн оторт гарсан.

-Малын хорогдол хэр байна вэ?

-13 сум нэг тосгоны нийт 10315 өрх 21 сая гаруй мал өвөлжиж байна. Нийт малын зүй бус хорогдол нь одоогийн байдлаар 2.02 хувьтай байна.

-Малынхаа араас гарсан иргэн төөрч, улмаар эрэн хайх ажиллагаа явуулсан дуудлага хэр их байгаа вэ?

-Өнгөрсөн сард эрэн хайх дуудлага, цөөн тоогоор ирсэн. Эндэгдэлгүй эсэн мэнд олсон. Харин энэ сард голын мөс цөмөрсөн гэх дуудлага ихээр ирж байгаа. Зудаас гадна голын мөс цөмрөх л нэлээн асуудал болж байна. Иргэд машинтайгаа явж байхдаа цөмрөх тохиолдол гарахвы гэсэндээ Онцгой байдлын алба хаагч нарыг байнгын эргүүлд гаргаж байна.

Бидний холбогдсон гурван аймгийн хувьд өвөлжилтийн нөхцөл байдал нэлээн хүнд байгаа тухай хэлж байлаа. Оторлож яваа айл өрхүүд, анхаарал болгоомжтой зорчихыг энэ ташрамд сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button