“Зуны халуунд ходоод хөрдөг тул хүнд хоол боловсруулж чаддаггүй”

Монгол улсын гавьят эмч, анагаах ухааны доктор, дэд профессор Г.Одонцэцэг эмчийн зөвлөгөө "Зуны халуунд ходоод хөрдөг" зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
Зуны халуун өдрүүд үргэлжилж байгаа энэ үед хүний биеийн арьсны шар үсний сүвүүд нээгдэж биеийн дотоод илч гадагшаа алдсан байдалтай байна. Энэ үед хүний биеийн галын илчний эх ундарга орших ходоодны галын илч буурч ходоод хөрж, шингээлтийн хүч доройтно. Үүнийг дагаад нарийн гэдэс, бүдүүн гэдэс гээд хоол боловсруулах эрхтнүүдийн галын илч ч буурна. Тиймээс халуун өдрүүдэд махан хоол зэрэг хүнд хоол, их хэмжээтэй хоолыг хүйтэн ходоод боловсруулж болгож чадахгүй.
Их халуун өдрүүдэд махан хоолыг ганц удаа маш багаар хэрэглэх, зарим өдрүүдэд хэрэглэхгүй байх нь зөв. Мөн шарын махбод хурж байгаа тул архи дарс ууж болохгүй. Ходоодоо халаах гээд хэрэггүй, амраах хэрэгтэй.
Харин үхрийн сүүний тараг, хярам, ааруул, ээзгий, өрөм, бяслаг, сүүтэй цагаан будаа, сүүтэй кааш, гүүний айраг зэрэг цагаан идээг хэмжээг нь тохируулан багаар хэрэглэж хэвшээрэй.
Мөн энэ үед хий хуйсагнаж байснаа хөдөлдөг. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын 7-ноос зуны дунд сар гарч эхэлмэгц хий хөдлөөд яс үеэр өвдөх, чих шуугих, зүрхээр хүчтэй хатгуулах, үе мөч хөшиж татах, унаж татах, хэвлийн хөөж дүүрэх зэрэг хийн хүндрэлийн шинжүүд илэрч хөдлөнө. Энэ нь зуны адаг сарыг дуустал буюу 8 сарын 4 хүртэл үргэлжилнэ.
Тиймээс эдгээр саруудад хийн бэлгэ чанарыг тэгшитгэх будаатай борцтой сүүтэй цай, сүү цагаан идээ, банштай цай, хуушуур, хонины махтай гурилтай цөл зэрэг бүлээн шимтэй хоол ундаа тохируулж хэрэглээрэй. Сэтгэлээ хангалуун тайван байлгаж, байгалд алхаж, бэлгийн үйлийг багасгаж, их ярих, нойр алдах зэргээр хийг хямраахаас сэргийлээрэй. Түүнчлэн хийн бэлгэ чанарыг тэгшитгэх уламжлалт амарлиулах болон арилгах эм тан, эмчилгээ хийлгээрэй.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.