БНСУ-ын ерөнхийлөгч төрөлт бага байгааг үндэсний онц байдал хэмээн зарлав

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл лхагва гарагт /2024.06.19/ хүн ам нь буурч байгаа тул “хүн ам зүйн онц байдал”-д улс нь орсон гэдгийг зарлажээ.
Тэрбээр төрөлт хэт бага байгаатай тэмцэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргахыг амласан юм.
Юн Сок Ёл “Өнөөдөр би үндэсний хэмжээнд хүн ам зүйн онц байдал зарлаж байна. Төрөлт бага байгаа асуудал шийдэгдэх хүртэл засгийн газар цогц хариу арга хэмжээ авна” гэжээ.
БНСУ-ын төрөлтийн түвшин буюу эмэгтэй хүн амьдралынхаа туршид төрүүлж буй хүүхдийн дундаж тоо 2023 онд дахин унаж 0.72 болсон юм. Эрдэмтэд хүн амын тоог тогтвортой барихад төрөлтийн түвшин 2.1 байх ёстой гэж үздэг.
Өмнөд Солонгосын засгийн газар сүүлийн 10 жилийн хугацаанд төрөлтийг дэмжихийн тулд янз бүрийн арга хэмжээ авсан.
Гэсэн хэдий ч орон сууцны өндөр үнэ, боловсролын зардал, ажлын урт цаг гэх мэт олон хүчин зүйлээс болж залуус гэр бүл зохиож хүүхэдтэй болохоос татгалзсаар байна.
Юн Сок Ёл ажил амьдралын тэнцвэрийг сайжруулах, хүүхдийн халамжийг нэмэгдүүлж орон сууцны хүртээмжтэй байдлыг сайжруулах гурван үндсэн чиглэлээр ажиллахаа мэдэгдсэн юм.
Тэрбээр эцэг, эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэх болон амралтыг нь уртасгах, хүүхэд асрах зориулалттай чөлөө авч буй хэмжээг 6.8 хувь байгааг 50 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилго тавьжээ.
Мөн уян хатан ажлын цаг, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд ажлын цагийг бууруулах хүүхдийн насны хязгаарыг сунгах, хүүхэд асрахаар чөлөө авсан ажилтныг түр орлох хүн ажилд авсан аж ахуйн нэгжүүдэд татаас олгох зэрэг арга хэмжээ авах юм.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.