БНХАУ болон ЕХ-ны гаалийн татварын маргаан худалдааны дайнд хүргэнэ

Товч агуулга: Европын холбоо БНХАУ-ын цахилгаан автомашинд маш өндөр гаалийн татвар оногдуулахаа мэдэгдсэн. Энэ нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг хүргэн хариу арга хэмжээ авч, Европоос орж ирж буй гахайн махыг шалгах ажлыг эхлүүлсэн юм. Ингэснээр Европын холбоо болон БНХАУ-ын хооронд худалдааны дайн үүсэхэд тулаад байна.
Энэ сарын эхээр Европын холбоо БНХАУ-аас орж ирэх цахилгаан автомашинд 38 хүртэлх хувийн татвар ногдуулах төлөвлөгөөтэй байгаагаа Бээжинд мэдэгдсэн. Энэхүү алхам нь жилд 2 тэрбум еврогоос давсан татвар ногдуулж, Хятадтай худалдааны дайн эхлүүлэх магадлалтай гэж шинжээчид үзэж буй.
Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмын дагуу татварыг ирэх сараас эхлэн түр хугацаагаар хэрэгжүүлнэ.
Энэ хугацаанд БНХАУ импортын цахилгаан автомашинд татвар ногдуулах Европын холбооны үндэслэлийг эсэргүүцэх боломжтой. Долоодугаар сараас эхлэн БНХАУ-д эсэргүүцлийн баримт бичгээ мэдүүлэх дөрвөн долоо хоногийн хугацаа үүсэх юм.
Европын холбоо есөн сарын турш шалгалт явуулж, Хятад цахилгаан машины компаниуд засгийн газраасаа шударга бус дэмжлэг авдаг гэдгийг илрүүлсний дараа ийм шийдвэр гаргажээ.
БНХАУ-ын төрийн дэмжлэг нь Хятад машинуудын үнийг хиймлээр доошлуулдаг тул эдгээр машиныг импортлох нь Европын үйлдвэрлэгчдэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж ЕХ мэдэгдэж байсан юм.
Шинээр мэдэгдсэн татвар ЕХ руу импортолсон автомашинд ногдуулдаг 10 хувийн татвар дээр нэмэгдэх тул Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд нийт 48 хүртэлх хувийн татвар ногдуулах боломжтой.
Хятад компаниудад оноох татварыг задалж нь авч үзвэл БНХАУ-ын хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD”-д 17.4 хувь, “Geelу”-д 20 хувь, “SAIC”-д 38.1 хувийн татвар оноох болсон байна.
БНХАУ-ын хариу арга хэмжээ
Энэхүү татварын эсрэг БНХАУ шууд хариу мэдэгдэл гаргаж "Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэсэн байна.
Хятадын Худалдааны яам энэхүү алхмыг бодит баримт, хууль зүйн үндэслэлгүй протекшионист үйлдэл гэж шүүмжилжээ.
Үүний дараа Европын холбооны хүнсний компаниуд Хятадын хариу арга хэмжээнд өртөх вий гэж эмээх болсон юм.
БНХАУ амласнаараа хариу арга хэмжээ авч Европын холбооноос орж ирэх гахайн махыг шалгахаа мэдэгджээ.
Хятадын Худалдааны яамнаас зарласан тэрхүү мөрдөн байцаалт нь өнөөдрөөс /2024.06.18/ эхлэх юм. Энэхүү шалгалт нь Испани, Нидерланд болон Дани улс руу чиглэсэн алхам.

Испани бол Европын холбооноос БНХАУ-руу гахайн мах экспортолдог хамгийн том үйлдвэрлэгч юм. Тус улсын гахайн мах үйлдвэрлэгч “Interporc” компани Хятадын мөрдөн байцаалтад бүрэн хамтарч ажиллана гэдгээ мэдэгджээ.
Гахайн мах үйлдвэрлэгч Европын орнууд БНХАУ-аас мөрдөн байцаалт явуулж байх хугацаанд экспортоо ямар нэгэн асуудалгүй хийж болох юм. Хятадын Худалдааны яам шалгалт 2025 оны зургаадугаар сарын 17 гэхэд дуусна хэмээсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2024.06.21/ Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек БНХАУ-д айлчилсан. Үүнтэй зэрэгцэн Бээжин мэдэгдэл гаргахдаа цахилгаан автомашинаас болж үүссэн маргаан Европын холбоотой худалдааны дайн үүсэж болзошгүйг анхааруулжээ.
БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч “Европын тал худалдааны маргаанаа хурцатгасаар байгаа. Энэ нь худалдааны дайнд хүргэж магадгүй. Энэ бүхний хариуцлагыг Европын тал үүрнэ” гэсэн юм.
Яагаад Европ татвар тавих болов
Европын холбоо цахилгаан машинд татвар оногдуулах болсон нь БНХАУ засгийн газраас тэдгээр компаниудад олгож буй татааснуудтай холбоотой.
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид улсын зүгээс өгч буй их хэмжээний дэмжлэг, татаас, хямд зээл, татварын хөнгөлөлт болон бусад санхүүгийн урамшууллуудаас ашиг хүртэж байна гэж Европын комисс үзэж буй.
Эдгээр татаас нь БНХАУ-ын компаниудад цахилгаан машинаа илүү хямд үнээр борлуулах боломжийг олгодог. ЕХ-ны үзэж байгаагаар энэ нь шударга бус нөхцөл байдлыг бий болгож, Европын үйлдвэрлэгчдэд хохирол учруулж байгаа юм.
Үүнээс гадна Европын холбоо машин үйлдвэрлэл зэрэг стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрлэлүүдийнхээ бие даасан байдлыг хадгалж үзэх хүсэлтэй. Мөн Европын холбоо, БНХАУ-ын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах зорилготой юм.
БНХАУ яагаад цахилгаан машины компаниуддаа татаас өгч байна вэ
Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах болсон. Өнгөрсөн жил тус улс эдийн засгаа 5 хувь өсгөх зорилгодоо арай хийн хүрсэн билээ.
Эдийн засгийн өсөлтийнх нь ихэнх хэсгийг бүрдүүлсэн Хятадын үл хөдлөхийн салбар уналтад орж, сэргэх шинжгүй байгаа. Ийм учраас эрх баригчид эдийн засгийн өсөлтөө сэргээх шинэ тактик баримталсан нь үйлдвэрлэлээ дэмжих юм.
БНХАУ-ын сангийн яам тайлан гаргахдаа “Үйлдвэрлэлийн салбарын суурийг сэргээн босгож, өндөр чанартай үйлдвэрлэлийг дэмжихэд” 10.4 тэрбум юань (1.45 тэрбум ам.доллар) зарцуулна гэсэн байдаг.
Үйлдвэрлэлийг дэмжихдээ технологид өмнөх жилтэй харьцуулахад илүү анхаарал хандуулах болсон байна. Ялангуяа цахилгаан машины салбарт БНХАУ-ын манлайллыг тогтоох талаар тусгажээ.
Ийм учраас Хятадын засгийн газар цахилгаан автомашины салбартаа их хэмжээний татаас олгож байгаа нь эдийн засгийн өсөлтөө сэргээх стратегийнх нь томоохон хэсэг юм.
Эх сурвалж: Euro News, Reuters, CNBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрвээ хятад улс байхгүй дэлхийн бусад улс орнуудын хүмүүс идэх хоолгүй өмсөх дотоожгүй хөхөвчгүй оймсгүй л явцгаах байхдаа. Иймд европын орнууд хятадын бараанд татвар тавьж солиорхооо болиочээ.