УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Чуулган: Нэг л гишүүн эсэргүүцсэнээр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар улираан томиллоо

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Үүгээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар батламжилж байгаа юм. Үдээс өмнө

  • УИХ-ын дэд даргаар Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа нарыг
  • Бүлэг байгуулж, даргыг сонгох буюу МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг батламжилсан юм

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

НЭМЭЛТ: 18.21 цаг

104 гишүүний 103 дэмжсэнээр Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг улираан томиллоо

УИХ-ын гишүүд үг хэлж дууслаа. Улмаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг баталъя гэсэн саналыг томъёоллоор санал хураав.

Санал хураалтад УИХ-ын 104 гишүүн оролцсоноос 103 нь дэмжсэнээр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар улираан томиллоо.

Эсэргүүцсэн нэг гишүүн нь Ч.Лодойсамбуу байв.

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрыг Хөшигийн хөндий рүү нүүлгэж, Нийслэлтэй холбосон гүүрэн байгууламж барина

Ерөнхий сайдаар улиран томилогдсон Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы индрээс үг хэллээ.

Тэрбээр,

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ. Мөн эрхэм монголчууд аа.

Юуны өмнө ардчилсан Монгол Улсын иргэн танд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцсонд талархъя.

Монголчууд бид ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ес дэх удаагийн УИХ-ын сонгуулиар нутаг дэвсгэрт суурилсан 76 гишүүнтэй парламентыг түүх болгон жаазлан үлдээж, олон нам, нийгмийн  бүлгүүд, салбар салбарын дуу хоолой болсон 126 төлөөлөлтэй цоо шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна.

Сонгуулийн өглөөг 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараах өдрүүдтэй, шинэ өглөөтэй ард түмэн маань зүйрлэн ярилцаж угтлаа.

Энэ удаагийн парламент олон намын төлөөллөөс бүрдэж, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, нийт гишүүдийн 25 хувь болсноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давлаа.   

Мөн хамгийн олон инженерүүд, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн профессорууд, мэргэжлийн экспертүүд, эмч багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хилийн чанадад амьдарч буй монголчуудын төлөөлөл, нийгмийн зөвшилцлийн байгууллагууд Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл болон дөрөв дэх засаглалын дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ч бүрэн хангагдсан байна.

Энэ парламентад 81 гишүүн шинээр сонгогдсон нь нийт гишүүдийн 64 хувийг бүрдүүлж байна.

Тийм ч учраас энэ бол ард түмний ялалт, шинэ 30 жилийн эхлэл болж чадлаа.

1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар Монголын ард түмэн картын бараатай ч, ирээдүйдээ итгэлтэй байсан.

Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх ёстой хэмээн эрх ашгийг эрэмбэлж байсан.

Харамсалтай нь С.Зоригийн хүсч мөрөөдсөн, манай ахмад зүтгэлтнүүдийн итгэж, тайван замаар төрийн эрхийг шилжүүлсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол авлига.

Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нар "Шинэ эргэлтийн бодлого" гэж тодорхойлж байсан.

Харин өнөөдөр Монголын ард түмэн ардчилсан хувьсгалыг анхдагч үнэт зүйл дээр нь авчрахыг, авлигын тогтолцоог бүрэн нураахыг хүсч л энэ сонголт хийгдсэн билээ.

Тангараг өргөж, бүрэн эрх бас үүргээ хэрэгжүүлж эхэлсэн, ард түмний төлөөлөл болсон УИХ-ын эрхэм гишүүд, шинэхэн УИХ-ын дарга, журмын нөхөр Д.Амарбаясгалан танд баяр хүргэж, амжилт хүсье.

Энэ удаагийн сонгууль зөвхөн парламентын хувьд шинэ 30 жилийг эхлүүлэх бус нийгэм, удаан хугацаанд хуримтлагдсан суурь асуудлыг шийдвэрлэхэд чухал цаг хугацаа байна гэдэгт итгэж байна.

Улс орон бол хүний биетэй адил амьд организм. Эд эс, эрхтэн бүхэн эрүүл байж, цусны эргэлт хурдасч, дархлаа хэвийн байж эрүүл, эрч хүчтэй байдаг шиг улс орны хөгжил цогц ойлголт бөгөөд шинж тэмдэгтэй зууралдах биш амьд организмыг доголдуулж буй шалтгааныг зөв оношилж, суурь реформ хийх ёстой.

Энэ дөрвөн жил бид боомтын сэргэлт, аялал жуулчлал, цахим засаглал, нефтийн үйлдвэр зэрэг эхлүүлсэн төслүүдээ хэрэгжүүлж дуусгахаас гадна:

  • 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын либералчлалыг цаг алдалгүй хийхэд улс төржилгүй хамтран ажиллахыг Та бүхнээс хүсье. Эрчим хүчний салбарыг эргэн сэргээхгүйгээр хот байгуулах, эдийн засгийг тэлэх гэдэг бол хоосон мөрөөдөл юм.
  • Бүсчилсэн тойргоор анх удаа сонгууль явагдсан тул асуудлыг зөвхөн аймгийн түвшинд биш, бүсийн хэмжээнд харах, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох “ТАВАН ТОЙРОГ” дэд бүтцийн мега төслийн их бүтээн байгуулалтыг илүү эрчимжүүлэх болно.
  • Бид “аж үйлдвэр, уул уурхайн”, “сэргээгдэх эрчим хүчний”, “эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалангийн”, “түүхэн болон байгаль, соёлын аялал жуулчлалын” төрөлжсөн бүсүүдийг бий болгож, бүс бүхэн ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.
  • Уул уурхайн салбарыг байгаль орчинд ээлтэй, иргэдэд хүртээмжтэй, хөрөнгө оруулагчдад тодорхой болгох Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно.
  • Нүүрс, байгалийн баялгийн экспортын дараа манай улсын экспортлох бүтээгдэхүүн, эдийн засгийн салбар юу байх вэ? гэдэгт шийдэл гаргаж эдийн засгийн бусад салбараа дэмжиж ажиллах шаардлагатай байна.
  • Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс улбаалж, нүүдлийн мал аж ахуйд томоохон хэмжээний сорилт үүсч байна. Хоршоолох, цөлжилтийн эсрэг арга хэмжээ, гамшгийн эсрэг менежмент, онцгой байдлын салбарын шинэчлэлийг нэн шинэ түвшинд гаргах шаардлага тулгарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа нь ч эдгээр асуудал бүх нийтийн асуудал болсныг харуулж байна.
  • Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд нийслэлийн их, бага тойруу” буюу 770 га газарт төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, эрх мэдэл салангид байх сонгодог парламентын нийтлэг зарчмын дагуу Засгийн газрыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх тухай 30 жилийн улс төрийн мэтгэлцээн шийдлээ олж чадна гэдэгт итгэлтэй байна.
  • Ингэснээр иргэдэд ээлтэй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг
    20 минутын дотор авах гэр бүл, хүний төлөө шинэ стандарт бүхий “амьд” хот төлөвлөлт хийх боломж үүснэ.
  • Бид Нийслэл болон Богд уулыг тойрсон хурдны замыг барьж, Нийслэл-Хөшигийн хөндийг холбосон гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг энэ жилдээ багтаан эхлүүлэх шаардлагатай.
  • Хот байгуулалтын төлөвлөгөөг бүсчлэн эрчимжүүлж, Хархорум, Шинэ Зуунмод зэрэг шинэ хотуудын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх болно.

Бид тавьсан зорилго зорилтоо хурдтай хэрэгжүүлэхийн тулд инновац, шинжлэх ухааны ололтод тулгуурлан, их өгөгдөл, технологийн дэвшилд суурилан, мэргэжлийн экспертүүдийн зөвлөмжид үндэслэн ажиллаж, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиудын идэвхтэй түншлэлийг Засгийн газар бүх талаар дэмжин ажиллах болно.

Эдийн засгийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд жил бүхэн эдийн засгийн өсөлт багадаа 6-7 хувийн өсөлттэй байх шаардлагатай бөгөөд аж үйлдвэржилт, эрдэс баялгийн хайгуул, ногоон технологийн шилжилт, мэдээллийн технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих болно.

Энэхүү эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн бүтээмжийг эрс дээшлүүлэх шаардлага бий. Сонгодог парламентын засаглалыг бүрдүүлэхэд эрс шинэчлэл хийгдсэн энэхүү суурин дээр Төрийн бүтцийн дахин төлөвлөлтийг сонгодог парламентын засаглал хөгжсөн улс орнуудын нийтлэг жишигт уялдуулах зүй ёсны шаардлага урган гарч байна.

Нэг үгээр хэлбэл төрийн байгууллагуудын бүтэц ерөнхий биш, тухайлсан асуудлыг нарийвчлан хариуцах, хариуцлага хүлээх, үнэлэлт дүгнэлт өгдөг байх тогтолцоонд шилжихэд энэ парламент чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байна.

Ерөнхий сайдын хувьд сонгогчдын санал бүхэнд хүндэтгэлтэй хандаж, дэмжигдсэн хөтөлбөр бүрийн давхцлыг олж, товч, тодорхой, үр дүнтэй хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгох болно.

Энэхүү хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, олон улсын геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэргийг харгалзан дээр дурдсан зарчим, хөтөлбөрийг дэмжсэн тохиолдолд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.

Бид тэрбумуулаа биш ээ. Бид хэдэн зуун саяуулаа ч биш.

Монгол Улс шинэ 30 жилийг эхлүүлж, үсрэнгүй хөгжихэд Монгол хүн бүрийн идэвхтэй оролцоо чухал.

Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай.

НЭМЭЛТ: 17.35 цаг

Ерөнхий сайдаар улиран сонгогдож буй Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Одоо УИХ-ын гишүүд үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин,

"Өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их хүлээгдсэн, гүнзгий орж чадаагүй хэдэн салбар бий. Нэгдүгээрт эрчим хүч. Тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой. Нөгөө талаар бизнесийг тогтвортой явуулах хүчин зүйл. Иймд эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох асуудалд зориг гаргаарай.

Хоёрт дэд бүтэц. Эдийн засгийг жаахан тэлье гэвэл дэд бүтэц, ложистикийн салбарт зоригтой алхам хийгээрэй. Алийн болгон ар талаасаа айж явах вэ дээ.

Гуравт нь хөрөнгө оруулалт. Өмнөх парламент дуусахын өмнө гадны хөрөнгө оруулагчдад салаавч үзүүлсэн шүү. Одоо дэмжих бодлого явуулаад үзээрэй. Тэгэхгүй бол бизнесийн эрх чөлөө байхгүй болсон. Уул уурхай л жаахан явж байж магадгүй. Татварын асуудлаа зоригтой эргэж харах хэрэгтэй байх. Ер нь уул уурхайгаас бусад бизнес дээр ер нь цонх нээвэл яасан юм. Зөнд нь орхиж үзээд. Хамгийн их ажлын байр нэмэгдүүлдэг салбар шүү дээ. Ядаж гурван жил нүдээ аниад үзвэл яасан юм.

Дөрөвт, олон залуус гадагшаа явж байна. Дүлий байдлаа засахгүй  бол үгээ хэлсний, бизнес хэлсний төлөө амьдралаараа хохирдог дүр зураг бий болчихлоо.

Төгсгөлд нь, үнэхээр авлигатай тэмцэх үйл явц хэцүү. Хөрсөөр нь шийдэхээс өөр аргагүй. Домог болсон хүмүүс рүү шүлс үсэргэхээс илүү хажуу хавиргын хүмүүстээ анхаарах ёстой шүү" гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан,

"Ерөнхий сайдад амжилт хүсье. Говийн бүсэд сонгогдсон гишүүний хувьд, үнэт баялаг усыг онцолмоор байна. Танай намын мөрийн хөтөлбөрт ч багтсан. Хэрлэн тоонот орхон онги голын төсөл орсон байна. Говьд ус татах асуудалд анхаараасай. Хэрэв хамтарсан Засгийн газар байгуулбал энэ тал дээр анхааран ажиллаж өгөөсэй.

Та бол сэтгүүлч мэргэжилтэй Ерөнхий сайд. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө алдагдаж байгаа. Нөгөө талдаа хэтэрч, даварч байгаа. Энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн шүү.

Гуравт, Дорноговь, Говьсүмбэр аймагт дарангуйлал тогтоод байна. Б.Дэлгэрсайхан гишүүн сайн мэдэж байгаа. Хамтарч ажиллана.

Хүний нөөцийн яам байгуулах гэж байгаа гэж сонслоо. Тийм бол байгуулаарай, дэмжинэ.

Таны авлигатай тэмцэх ажлыг дэмждэг. Зарим зүйлд шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Цочроо чинь гарсан Ерөнхий сайд гэдэгт итгэж байна.

Өнөөдөр тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл сонгогдсон. Үнэмлэхээ ч авч чадсангүй, одоо өрөөгүй байна. Засгийн газрын бүтцэд мөн тусгай хэрэгцээт иргэдийн төлөөллийг оруулж ирэх талаар бодоорой гэж хэлмээр байна. Хамт хулгай хийх Засгийн газар бүрдүүлэх бол дуугүй сууж чадахгүй гэдгээ үүгээр хэлье" гэлээ.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр, Чуулганы танхимд

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг,

"Л.Оюун-Эрдэнэ гурван жил шахуу ажиллалаа. Цар тахлын үед ажиллалаа, намаа удирдаад сонгуульд орлоо. Сая хэтэрхий мөнгөний сонгууль болжээ гэдгийг хэлмээр байна. Намын даргын чинь хувьд хэлж байна. Таны хийсэн тогтолцооны шинэчлэл гэдэг мөнгөн дээр ирээд л нурж унаж байна. 1990 оны гоё юмыг муухай юм болгож болохгүй. Энэ удаагийн парламент та бүхний зүтгүүлсэн ажлаар тодорхой хэмжээнд дээрдсэн гэж үзэж байна. УИХ доторх цөөнхийг хяналтын функцээр нь дэмжээд өгөөч. Хяналтын үүргээ сайн гүйцэтгэмээр байна. Хяналтын түр хороо байгуулъя гэхээр дутаад, нурдаг байсан. Одоо 32 хүнээр энэ хороог байгуулж болж байна. Гэх мэт олон боломж бий. Үүнийг сайн ажиллуулаад өгвөл таны толгойлох гэж байгаа Засгийн газар сайн ажиллана. Бид болохгүй юмыг чинь гаргаад өгнө. Түр хороонуудаа цөөнхөд өгчих. Юм хийх гэж чардайсан. Ерөнхий сайдын ажил амаргүй, би мэднэ. Одоо амыг чинь асууж, баалахаас аргагүй юм байна. Тэр бол тэмцлээ тэмцлээ гээд авлига чинь нэмэгдээд байгаа парадокс асуудал. Хулгайлж, идээд байгаа гол үр үндсийг таслах ажил хийгээч, би дэмжиж ажиллахад бэлэн байна.

УИХ дээр орж мэдээлэл хийж бай л даа. Би 14 хоног тутам мэдээлэл хийдэг байсан. Өнгөрсөн хугацаанд та харагдаагүй шүү.

Хоёрт, эдийн засгийн бодлого дээр өөр хүмүүс ажиллуулаач ээ. Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлангаас өөр хүн байхгүй" гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара,

"Амжилт хүсье. Өөрчлөлтийн дагуу миний бие ч парламентад орж ирж чадлаа. Ерөнхий сайд улирч томилогдсоноор Засгийн газрын мөрийн хөтөлбөр үргэлжлэх үү, шинэчлэгдэх үү. Наадмын дараа намар гэдэг. Иргэдийн айдас бол Улаанбаатар хотод сайжруулсан түлш дээр бий. Чанар стандартаас болсон уу, амь насаа алдаад байгаа. Иймд цаашид Ерөнхий сайд маш их анхааралд аваасай. Энэ талаар хөндөж өгөөч гэж иргэд надад захисан. Дөрвөн жилд ийм олон хүн амь насаар хохирлоо. Түүхий нүүрсээ эргэж түлье гэж иргэд санал дэвшүүлж байна. Иргэддээ баталгаа гаргах хэмжээний ажил хийгээсэй гэж хүсэж байна. Мөн нийт гишүүддээ гэр бүлийн тухай хуулийг батлах чиглэлд хамтарч ажиллаарай гэж захимаар байна" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "ХЗХДЯ-ыг англи хэлээр Шударга ёсны яам гэж орчуулдаг. Энэ олон улсын жишиг нэршил нь. Иймд одоо ХЗДХЯ-ыг Шударга ёсны яам гэж нэрлэх саналтай байна. Ингэж хандлагаа өөрчилж, олон улсын жишигтээ нийцье.

Тэгэхгүй бол шударга ёс гэдэг үгийн үнэ цэн алдагдаж, зарим хүн сонсохоос ч уур нь хүрдэг болж. ХЗДХЯ өөрөө зарим үед хүний эрхийг зөрчдөг ч болчихлоо. Дээр нь УИХ-ын гишүүддээ хариуцлагатай бай гэж хэлмээр байна.

Хэдхэн хоногийн өмнө тангараг өргөсөн. Мөртлөө гүйцэтгэх засаглалын удирдлага сонгож байхад коридорт гараа халаасандаа хийчхээд, орж ирэхгүй юм" гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Би авлигатай тэмцээд 1.5 жил л болж байна

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

Ард иргэдийн хамгийн их хөндөж буй асуудал бол ядуурал, үнийн өсөлт болон шударга бус явдал. Тэр дундаа, Ерөнхий сайдын авлигатай хийж буй тэмцэл үр дүнд хүрэх ёстой гэсэн байр суурь цөөнгүй. Өнөөдөр авлигатай тэмцэх бодлогоо цогцоорнь харах цаг болсон. Дагнасан байгууллага байгуулж авлигатай тэмцдэг трэнд дэлхийд хоцрогдсон. Өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс шалтгаангүйгээр хөрөнгөждөг. Хууль бус хөрөнгийг хураах ёстой. Хувь хүний тухай ярихаас аргагүй. Хувь хүний гүйцэтгэдэг үүрэг системд асар том. Тэгэхээр манай авлигатай тэмцэх бодлого, стратеги хуучирсан байна. Та Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх стратегийг шинэчлэх чиглэлд бодож төлөвлөж байна уу. Хууль бус хөрөнгийг хураах тал дээр алхам хийх үү?

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар авлигатай тэмцээд 1.5 жил болж байна. 1.5 жилд нь цар тахал таарсан. Үүнийг мартчихаж. Би гурван жил л ажиллаж байгаа хүн. Энэ хугацаанд авлигатай тэмцэх гэж оролдсон. Мэдээллийг ил болгосон, ялын бодлогыг чангатгасан. Тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй зүйл юм. Удаан хугацаанд явчихсан учраас. О.Цогтгэрэл гишүүнтэй санал нэг байгаа зүйл бол, хөрстэй нь тэмцэх ёстой. О.Алтангэрэл гишүүнд баярлаж байна. Авлигын мөнгөөр баяжсан бол тэр хууль бус орлого. Дэлхийн хаана ч ижил. Манайд болохоор "Минийх", "Хувийн өмч" гээд явдаг. Нээрэн л өнгөрсөн цаг хугацаанд Ерөнхий сайд ийм асуудал яриад байсан нь буруу ч байж магадгүй. Уг нь парламентын гишүүдийн ажил л даа. Авлига яриад, хүн амьтан гомдоосон байж магадгүй. Гэхдээ л цагаа тулахаар энэ хялбар биш шүү. Олигархиудтай тулаад, өөдөөс нь үгүй гэж хэлж, материал задлах тийм хялбар биш" гэлээ.

Улмаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.

Үүний дараа УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байна.

НЭМЭЛТ: 16.33 цаг

Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг батламжилж байна

Ерөнхий сайдаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг батламжлах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Хуулийн дагуу, УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авсны дараа санал хураана.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу асуулт асуулаа.

Түүнд Л.Оюун-Эрдэнэ "Гаднаас харах, дотор ороод хийх хоёрт их ялгаа бий. Үнэхээр үнэн байя гэж хүсвэл, зургаан сар, нэг жил ажиллаад, дараа нь бодож буй зүйл чинь өөр байж таарвал өөр юм билээ гэж хэлээрэй. Харин хань болох ёстой. Олон асуудал өөр байдаг юм аа. Авлигын эсрэг шүүх байгуулах асуудал чуулганаар яригдаж байх үед, яг тэр орой сэтгүүлчийг хорьж байсан. Ерөнхий сайдын зөвлөхийг хорьж байхад Ерөнхий сайд нь өөрөө мэдэхгүй байх үе ч бий. Тийм учраас хэвлэл мэдээллийн төлөөлөл парламентад орж ирсэнд баяртай байгаа. Ярьж байгаа шигээ л байвал сайн. Яваандаа худлаа байвал баригдана, манай улс цөөн хүн амтай. Биеийн хэлэмжээс уншигддаг. Өөрийг чинь үнэн байж чадах болов уу гэж хүлээж байгаа. Мэдээллийг дотроос нь авч, илүү үнэнээр олон нийтэд хүргэх боломж чамд бий" гэлээ.


АН-ын бүлгийн авсан завсарлага ёсоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 11.00 цагт эхлэх байсан ч, 13.15 цагт эхэллээ. Хуралдаанаар,

  • Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.

Бүрэлдэхүүнийг баталснаар үдээс өмнөх чуулган завсарлалаа. Одоо Байнгын хороод хуралдаж, Дэд хороодоо байгуулах үйл явц өрнөх юм.

Шинээр батлагдсан Байнгын хороодын бүрэлдэхүүнтэй ЭНД дарж танилцана уу.


НЭМЭЛТ: 12.00 цаг

-АН-ын бүлэг 20 минутын завсарлага авсан ч, эхлээгүй байна-

УИХ-ын дэд дарга нарын томилгооны дараа үргэлжлүүлэн Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах ёстой байв. Гэвч УИХ дахь АН-ын бүлгээс байр сууриа нэгтгэхээр 20 минутын завсарлага авсан.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 10.40-11.00 цагийн хооронд 20 минутын хугацаа өгсөн билээ. Гэвч 12.00 цаг өнгөрч, завсарлагааны хугацаанаа нь даруй нэг цагаар хэтэрлээ. Хуралдаан эхэлбэл,

  • Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал
  • Дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал
  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал
  • Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм.  

НЭМЭЛТ: 10.35 цаг

-Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг УИХ-ын дэд даргаар сонголоо-

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг хуралдаад Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Б.Пүрэвдоржийг сонгожээ. Бүлгээр нэр дэвшүүлсэн энэхүү асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулснаар гишүүд гар өргөн санал хураалтад оролцов. Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргаар сонгохыг чуулганы хуралдаанд оролцсон 110 гишүүн 100 хувийн саналаар дэмжлээ. 

Мөн УИХ-ын дэд даргаар МАН-аас Х.Булгантуяаг дэвшүүлэн санал хураахад 100 хувь дэмжлээ.


НЭМЭЛТ: 10.30 цаг

-Л.Мөнхбаатар МАН-ын, О.Цогтгэрэл АН-ын бүлгийн дарга болов-

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь намын бүлгийн дарга нарыг нэр дэвшүүлэх тухай хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгийг 68 гишүүнтэйгээр байгуулж, даргаар Л.Мөнхбаатарыг танилцууллаа. УИХ дахь АН-ын бүлгийг 42 гишүүнтэйгээр байгуулж, даргаар О.Цогтгэрэлийг танилцууллаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Үүгээр УИХ дахь МАН, АН үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна" гэлээ.


ЭХЛЭЛ: 10.20 цаг

-Ерөнхий сайдыг батламжлах чуулган эхэллээ-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн /2024.07.05/ хуралдаанаар

  • Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг
  • УИХ-ын дэд даргаар Б.Пүрэвдорж, Х.Булгантуяа нарыг
  • Бүлэг байгуулж, даргыг сонгох буюу МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг батламжлах зэрэг асуудлууд багтжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 5, 2024 12:04

Яааааа чиний ам дэндүү өмхий бн гээд доошоо тонгойцон айнннн

иргэн
иргэн
7 сар 5, 2024 12:26

ИЙНХҮҮ МАН СӨРГӨЛДӨХ НЭГ Ч ХУЛГАЙЧГҮЙ БОЛТЛОО ГАРУУДАД АЛБАН ТУШААЛ ӨГЛӨӨ ЭНЭ МУУ ШҮҮ НОМТОЙБАЯР ЯАЖ Ч ЧАРЛААД ХЭЦҮҮ БОЛЧЛОО МАН БҮХ СӨРӨХ ЁСТОЙ АН г ДАРГАТАЙ НЬ АВЧЛАА ХҮН НАМЫН ДООЖГОЙ УГААСАА ОЮУНААГИЙН НАЙЗ ИЗНН с ГАРСАН ХЭДЭН АЛИАЛАГЧ НАР ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ НАРА УУРЛАХ ЮМ БОЛ ТҮЙ МАЙ П....А МИНЭЭ ГЭЭД Л БОЛОО ИЙНХҮҮ СОНГОЛТОО БАС Л БУРУУ ХИЙЖЭЭ АХИН ЭНЭ НӨХДИЙГ БУУТАЛ МӨЛХӨЖ АМЬДРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЛОО БАЯРТАЙ МИНИЙ МОНГОЛЫН ТЭНГЭР ЗАЯА НЬ ОРХИЦОН ИРГЭДЭЭ

Зочин
Зочин
7 сар 5, 2024 12:29

Хоёр найз яасан ч яадгийн

Зочинvv
Зочинvv
7 сар 5, 2024 15:08

danh s#aa 4 jiliin daraa hiisen zuilgui bh dagaaa shuud zugtaaah tolowlogootei man hiisen gawisan yumgui chadahgui gedgee bur notoljiin

Зочин
Зочин
7 сар 5, 2024 18:00

дөнгөж гарсан бацаанууд их том байнаа яваандаа ямар нь мэдэгднэ

Бат инженер
Бат инженер
7 сар 5, 2024 18:55

Өнгөрсөн зуунд Монголд геноцид хийсэн коммунист угшилтай намын даргад Зориг агсаны тухай дуугарах эрх байдаг юм болов уу.

Зочин
Зочин
7 сар 6, 2024 07:57

Тэр цагт Зориг ч төрөөгүй байсан, тэгэхээр болноо.

Холбоотой мэдээ

Back to top button