Б.Баттүвшин: Иргэдээс антибиотикийг жоргүй өгөхгүй байна гэх гомдол маш их ирдэг

2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчлэлээр ихэнх эм зөвхөн эмчийн хүчинтэй жороор олгох болсон тул иргэд эмийн сангаас жоргүйгээр эм авах боломжгүй болсон. Хэдийгээр энэ нь эмийн зохисгүй хэрэглээнээс сэргийлэх эерэг шийдэл ч иргэдийн санал, гомдол, шүүмжлэл дээд цэгтээ хүрээд буй.
Тухайлбал, эрүүл мэндийн лавлах 119 дугаар хандаж буй иргэдийн дийлэнх нь эмийг жоргүй олгохгүй байгаа нь өөрт нь асуудал үүсгэлээ гэх утгаар хандах болжээ. Тэр тусмаа антибиотек жоргүй авмаар байна гэх санал давамгайлжээ. Бид энэ талаар НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшинээс тодрууллаа.
-Эмийг жороор олгох болсон нь эргээд иргэдийн хувьд асуудал болчихлоо. Энэ асуудал дээр НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын алба хэрхэн ажиллаж байна вэ?
-НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын химийн болон угаарын хийн цочмог хордлогыг улсын хэмжээнд бүртгэдэг. Сүүлийн үед эмийн ахуйн хордлогын тоо ихэссэн үзүүлэлттэй гарч байгаа. Тийм ч учраас ЭМЯ, Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт, Зохицуулалтын Газар бусад холбогдох байгууллагууд эмийн тухай хуульд өөрчлөлт оруулж, аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Ингээд эхлээд явахаар иргэдийн зүгээс ч, эмч, жор олгогчдын зүгээс харилцан адилгүй өөр өөрсдийн гэсэн шийдэх ёстой зүйлүүд гарч ирж байгаа. Энэ бол эмийг дураараа авч хэрэглэхийг хязгаарлаж байгаа нэг хэлбэр. Эм бол хүний биед ороод шууд үйлчилгээ үзүүлэх химийн бодис юм. Үүнийг хараа хяналтгүй, дураараа авч ууснаараа бусад өвчлөлд өртөх, хордлогод орох эрсдэл үүсдэг гэдгийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Бид хууль эрх зүйн хүрээнд иргэдэд мэдлэг, хандлага, дадлага олгохоор ажиллаж байна. Харин иргэд энэ талаар ямар асуудал үүсээд байгаагаа 119 буюу эрүүл мэндийн лавлах руу хэлэх нь зүйтэй. Таны санал гомдлыг бүртгэж аваад тухайн эмийн санч, жор олгогчтой холбогдож нөхцөл байдлыг газар дээр нь шийдэж явах чиг үүрэгтэй ажиллаж байна.
-Иргэдийн гомдол саналын дийлэнх нь ямар утгатай байна вэ?
-Хагас, бүтэн сайнд өрхийн эмнэлгүүд амарчихдаг. Тэр үеэр иргэдийн зүгээс маш их дуудлага руу орж ирэх хандлагатай байгаа. Тэгэхээр иргэдэд хамгийн түрүүнд юу гэж зөвлөмөөр байна вэ гэвэл www.licemed.mohs.mn сайт, НЭМҮТ, Эм эмийн хэрэгслийн агентлагийн пээж хуудсаар орж жортой болон жоргүй олгох эмүүдийн жагсаалтыг хялбар харах боломжтой. Манайх зөвхөн санал гомдлыг бүртгэнэ. Улмаар шаардлагатай тохиолдолд тухайн мэргэжилтнүүдтэй нь холбогдоод мэдээллийг нь аваад ажиллаж байна. Гомдол саналыг харахаар нийтлэгээрээ антибиотек авах гэсэн өгөхгүй байна гэдэг дуудлага маш ихээр ирдэг. Гэтэл үнэндээ антибиотек гэдэг нь хүн дураараа аваад хэрэглээд байх эм биш, маш их эрсдэл дагуулдаг. Тийм учраас бид энэ болгоноос сэргийлж ажиллаж байгаа.
-Та иргэдэд хандаад юуг хэлэх вэ?
-Иргэд та бүхэн өөрийн болон гэр бүл, ойр тойрныхоо хүмүүст эмийн зохистой хэрэглээний талаар зөв мэдээлэл түгээж, холбогдох газрууд яагаад ингэж ажиллаж байгааг зөв ойлгоорой. Бид бүх зүйлийг хуулийн хүрээнд жигдрүүлэн, зөв зохистой хэрэглээг гаргахын тулд ажиллаж байгаа. Хэрвээ тухайн тохиолдолд ямар нэгэн санал гомдол гарах юмбол 119 дугаарт хандаарай гэж хэлмээр байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.