67 жилийн түүхтэй волейболын холбооны ордонгүй, үзэгчгүй дээд лиг

Уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг волейболын Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-нд эхэлсэн. Одоогоор нэгдүгээр тойрог өндөрлөж, хоёрдугаар тойргийн тоглолтууд эхлээд байна. Дээд лиг гурван сарын турш үргэлжилж 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр аваргуудаа тодруулна.
Энэ жил эмэгтэй ес, эрэгтэй долоон баг өрсөлдөж буй. Өмнө жилүүдэд лигийн тоглолтууд Спортын төв ордонд явагддаг байв. Харин энэ жил "Степп Арена"-д зохион байгуулагдаж буй. Манай улсад олон улсын стандартын дагуу тусгайлан барьсан волейболын ордон байхгүй. Тиймээс аль байж болох, боломжтой газраа зохион байгуулж буй нь энэ. Гэсэн ч хотоос зайдуу учир эхний тойргийн тоглолтууд үзэгчгүй үргэлжилсээр байна.
Хотын төвд байрлах Спортын төв ордон ашиглалтад ороод олон жил болсон, дотоод их засвар тогтмол хийдэггүй, хуучирсан. Мөн үзэгчид багталцахгүй, цөөн хүний суудалтай зэрэг олон асуудал бий ч байрлалын хувьд давуу талтай учир үзэгч, дэмжигчид тасардаггүй байв.
Ингээд харвал Монголын волейболын холбоо дээд лигээ том ордонд зохион байгуулж байгаа нь сайн хэрэг ч даган хүрээлж, шуугьж байх ёстой үзэгчид нь алга. Спорт сонирхогчид зөвхөн шууд дамжуулалтаар л хүлээн авч үзэж байна. Үүнийг тус холбооны удирдлагууд, зохион байгуулагчид анхаарах нь зүйтэй болов уу.
Тус холбооны ерөнхийлөгчөөр Ц.Чингарьд өмнөх дөрвөн жил ажилласан бол лиг эхлэхийн өмнө холбооны ээлжит чуулган болж Багануур ХК-ий ерөнхий захирал, Хэнтий аймгийн волейболын холбооны тэргүүн Д.Түвшинжаргал сонгогдсон.
1957 онд үүсгэн байгуулагдсан, Монголын ууган спортын холбоодын нэг Волейболын Холбооны Ерөнхийлөгчөөр дараах зүтгэлтнүүд ажиллаж байв.
- М.Дүгэрсүрэн (Гадаад Явдлын Яамны сайд) 1957-1959
- Б.Балдоо (МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн Ухааны Институтийн захирал) 1959-1976
- Б.Цэнд-Аюуш (Статистикийн Төв Газарын дарга 1976-1990
- Д.Содном (Засгийн Газрын Ерөнхий сайд) 1990-1996
- Т.Баярхүү (Монсоник ХК, Захирал) 1996- 1997
- С.Ламбаа (УИХ-ын гишүүн) 1997-2000
- Х.Бадамсүрэн (МонРосЦветмет, Ерөнхий захирал) 2000–2011
- Ц.Баярбаатар (ТЭЦ-4 Ерөнхий захирал) 2011-2020
- Ц.Чингарьд (Бизнесмен, зүтгэлтэн) 2020-2024
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үзэгчгүй бол.зүгээр л хэсэг хүмүүсийн цуглар�##�
Волйбол сонирхогчдын хандиваар волейболын ордонтой болох хэрэгтэй.Даанч хотын төвд ордон барих газар байхгүй юм даа.
Түгжрээнээс айгаад очиж үзэх үзэгчгүй болж гэж ойлголоо.