Далай лам: Миний зүүдээр бол би 110 наслах байх

Далай лам өнгөрсөн зургаадугаар сард Нью-Йорк хотод өвдөгний мэс засалд орсон. Энэ явдлын дараа дагагчид нь түүний эрүүл мэнд болон Төвөд буддизмын ирээдүйн талаар санаа зовох болсон юм. Тэгвэл Далай лам өнгөрсөн долоо хоногт “Reuters” агентлагт "Санаа зовох зүйлгүй" гэж хэлжээ.
89 настай Төвөд буддизмын тэргүүн түүнээс эрүүл мэндийнх нь талаар асуухад "Миний зүүдний бол би 110 наслах байх," гэж хариулсан байна. Нобелийн шагналт тэрбээр энэ хариултаараа олон жилийн турш хүмүүсийг тайвшруулсаар ирсэн.
Өвдөг нь ч мөн сайжирч байгаа гэж тэрбээр Энэтхэгийн хойд хэсэгт орших Дарамсала хот дахь Хималайн ордноосоо ярьжээ. Далай лам ордонд 300 гаруй зочныг ерөөсөн юм. Үүний дараа тэр "Санаа зовох том асуудал байхгүй" гэжээ.
1959 онд БНХАУ-ын ноёрхлын эсрэг гаргасан бослого бүтэлгүйтсэний дараа олон мянган төвд иргэдийн хамт 14-р Далай лам Энэтхэг рүү дүрвэсэн. Бээжин дараагийн Далай ламыг өөрсдөө тодруулна гэж мэдэгддэг. Далай лам өөрийн хойд дүрийг Энэтхэгт тодорч магадгүй гэж хэлээд, БНХАУ-ын тодруулсан хойд дүрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж анхааруулсан.
Төвөд буддистууд лам нарын хойд дүр нь дараагийн төрлөөрөө иргэн ирдэг гэж итгэдэг. Далай ламын 110 насална гэсэн таамаглал нь дагагчдад нь итгэл төрүүлж байгаа. Гэхдээ түүний дараагийн дүрийн талаар илүү тодорхой мэдээлэл 90 насных нь төрсөн өдөр буюу ирэх долоодугаар сард гарах магадлалтай гэж Төвөдийн цөллөгт буй парламентын дэд дарга Долма Цэрэн Тэйкханг хэлсэн юм.
Тэйкханг Далай ламын ордноос 2 км зайд байрлах парламентын оффистоо "Бид энгийн хүмүүс учраас түүний мэргэн ухааныг бүрэн ойлгож чадахгүй. Тиймээс бид түүний тодорхой зааварчилгааг хүлээж байна" гэсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ, одоогийн Далай ламын нас барна гэж бодохоос л нүдэнд нь нулимс хурдаг ч, Төвөдийн цөллөгт буй засгийн газарт улс төрийн ажлыг үргэлжлүүлэх систем бүрдсэн гэжээ. Мөн тэр Далай ламын Гандэн Фодранг сангийн алба хаагчид дараагийн Далай ламыг хайж, тодруулах үүрэгтэй болохыг дурдсан байна.
Далай лам 2015 онд Швейцарын Цюрих хотод уг санг байгуулсан юм. Тус сан Далай ламын шашны болон оюун санааны үүргийг хадгалах зорилготой гэж вэбсайт дээр нь бичсэн байдаг. Санг удирдах хүмүүсийн дунд Энэтхэг болон Швейцарт амьдардаг лам нар багтдаг юм.
Тэйкханг "Тэр 113 насална гэж урьд нь хэлж байсан ч бид үүнийг баттай гэж зүгээр л хүлээн авч болохгүй" гэж хэлээд өмнөх Далай лам хүлээгдэж байснаас бага буюу 58 насандаа таалал төгссөн гэдгийг онцолсон байна. Тэрбээр нэмж "Түүний оролцоогүйгээр Төвөдийн тэмцэл хаашаа хүрэхийг би мэдэхгүй. Гэхдээ тэр юу ч үгүйгээс эхлэн 60 жилийн хугацаанд байгуулсан засаг захиргаанд найдвар тавьж байна" гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.