Танилц: Хил заагийг нь тодорхойлсон хувьд байгаа таван ордын эзэд

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан стратегийн ач холбогдол бүхий 16 ордын наймынх хил заагийг 2018 онд шинэчлэн тогтоосон байдаг.
Эдээрт, Нарийнсухайтын нүүрсний орд, Тавантолгойн чулуун нүүрсний орд, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд, Багануурын хүрэн нүүрсний орд, Цагаан суваргын зэс-молибдений орд, Бүрэнхааны фосфоритын орд, Эрдэнэтийн зэс-молибдений орд зэрэг орж буй.
Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам өнгөрсөн долоо хоногийн /2025.04.08/ Засгийн газрын хуралдаанаар стратегийн 16 ордоос үлдсэн наймынх нь талбайн хил заагийг тогтоох тухай тогтоолын төслийг боловсруулан, танилцуулсан байна.
Тэдгээрт,
- "Асгат"-ын мөнгөний орд
- Төмөртэйн овоогийн цайрын орд
- Дорнодын ураны орд
- Мардайн ураны орд
- Гурванбулагийн ураны орд
- Оюутолгойн бүлэг орд
- Бороогийн алтны орд
- Төмөртэй төмрийн хүдрийн орд юм зэрэг орж байна.
Эдгээр найман ордын гурвынх нь 34 хувь нь төрийнх. Харин таван орд нь хувьд байна.
Иймд хувьд байгаа таван ордын эзэмшигчдийн мэдээллийг хүргэе.
Төмөртэйн овооны цайрын орд,

Энэ ордын нөөцийг 1980 онд нээж, 7689.4 мян.тонн цайрын хүдрийн нөөцтэй гэж тогтоосон. 2019 онд дахин 308.6 мян.тонн бүхийн нөөц тогтоогдсон. Өдгөө "Цайртминерал" ХХК хоёр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Хятадын тал 50, Монголын тал 50 хувийг эзэмшдэг.
“Цайртминерал” ХХК-ийн талаар нээлттэй мэдээллийн санаас хайж үзэхэд, 2016 онд байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компани юм байна. Хоёр хувьцаа эзэмшигчтэй. Нэг нь Металл-Импэкс гэх монгол компани, нөгөөх нь Liu, Tongsheng гэдэг хятад иргэн байна. Тэд 2012 оноос тус компанид хувь эзэмшиж эхэлжээ.
Харин компанийн удирдлага нь гүйцэтгэх захирлаар Сарангэрэл Батхүү эх хүн ажилладаг бол жинхэнэ эзэн нь Дониддагва Ганбат.
Д.Ганбат нь уул уурхай, зам, барилга зэрэг хэд хэдэн салбарт бизнес эрхэлдэг. “Оргил” рашаан сувиллын эзэн. “Цайрт Минерал”-ын 51 хувийг хятадууд, 49 хувийг иргэн Д.Ганбат дангаараа эзэмшдэг гэх мэдээлэл байна.
Дорнодын ураны орд,

Энэ орд нь ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж байсан. Ураны үнээс хамаараад 1995-2005 оны хооронд уурхайн ашиглалтыг түр зогсоосон. Дахин анадын “Ханресурс” ХХК хайгуул хийж эхэлсэн ч Засийн газар зөвшөөрлийг нь цуцалсан. Тусгай зөвшөөрлийг өдгөө "Адамас майнинг" ХХК эзэмшиж байна.
"Адамас майнинг" ХХК-ийн талаар нээлттэй мэдээллийн санаас хайж үзэхэд ямар ч мэдээлэл байхгүй. Харин Уулуурхай.мн сайт дахь мэдээлэлдээ 2001 онд байгуулагдсан ашигт малтмалын эрэл хайгуул, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол, Японы хамтарсан компани гэжээ.
Мөн тус мэдээлэлд компанийн Үүсгэн байгуулагч болон Ерөнхий захирал З.Номундарь гэсэн байна.
Зоригтбаатарын Номундарь нь хайгуулын 84 тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэгдэх “Poly metal resources” компанийн нэрээр оффшор бүсэд 2007 онд данс нээсэн. Тэрбээр япон нөхөртэй бөгөөд 100 хувь японы хөрөнгө оруулалттай “Adams mining” гэх компанитай. Хэдийгээр 84 тусгай зөвшөөрөлтэй гэгддэг ч давхар 151 хайгуулын лиценз эзэмшдэг талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Мардайн ураны орд,

Энэ ордыг улсын төсвийн болон хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийсэн. "Адамас майнинг" ХХК хайгуулын нэг тусгай зөвшөөрөлтэй. Тэгэхээр энэ ордын эзэмшигч нь мөн З.Номундарь болж таарав.
Гурванбулагийн ураны орд,

Энэ ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Нийт 13996.28 га талбайг хамардаг. 2011 онд нөөцийг нь 13058.3 тонн гэж бүртгүүлсэн. Цөмийн энергийн газар нь БНХАУ-ын Цөмийн Үндэсний Корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Эмээлтмайнз" ХХК-д олгосон ч, 2016 онд цуцалжээ. 2023 онд "Эмээлтмайнз" хайгуулын өргөдөл гаргасан бөгөөд хэлэлцэх шатандаа байгаа гэх бөгөөд одоогоор эзэмшигч нь тодорхойгүй.
Зөвхөн 2024 оны байдлаар тус ордын 49 хувийг хятадын төрийн өмчит Си Эн Эн Си корпорац эзэмшиж байсан гэх мэдээлэл бий.
Харин хайгуулын өргөдөл гаргасан "Эмээлтмайнз" ХХК-ийн талаар нээлттэй мэдээллийн сангаас хайж үзэхэд, 2005 он байгуулагдсан Гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд хувьцаа эзэмшигчээр нь ганц Си Эн Эн Си Интернэшнл Лимитед бүртгэлтэй байна. Тус компанийн гүйцэтгэх захирал нь Ni Tao гэх хятад хүн. Эзэн нь Zhang Yi гэх хятад хүн байна. Мөн уг компанийн бүртгэлд ямар ч хайгуулын тусгай зөвшөөрөл алга.
Бороогийн алтны орд,

Энэ ордын нөөцийг 1992 онд 43201 кг-аар бүртгэж байжээ. 2014, 2015 онуудад "Сэлэнгэ Минералс" нөөцийн тооцоолол хийсэн. "Бороогоулд" компани ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
"Бороогоулд" компани нь 2006 онд байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компани. Канад улсын Steppe Gold Ltd тус компаниас хувь эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар нь Дүгэрээ Цэрэнбадам, ТУЗ-ийн дарга Эрдэнэбаатар Дөлгөөн.
Харин эзэн нь Төмөрочир Батаа гэж хүн байна. Энэ компани нийтдээ долоон ашигт малтмалын лицензтэй.
Т.Батаа нь Их монгол инвестмент, Монголиа инк лимитед, Ион энержи зэрэг хэд хэдэн компанийн хувь эзэмшигч бөгөөд өдгөө Степ Голд компанийн хувь эзэмшигчээр ажилладаг.
Холбоотой мэдээлэл:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.