А.Баяржавхлангийн байршлыг тогтоосон ч интерпол монголд авчралгүй дөрвөн сар болгов

Дансаа ашиглуулан цахим мөрийтэй тоглоомын 9.3 тэрбумын гүйлгээ гаргасан гэх хэрэгт сэжиглэгдэн баригдсан Ноорог медиагийн ажилтан А.О-ын ах болох мөрийтэй тоглоомын гардан зохион байгуулдаг байсан гэж зарласан А.Баяржавхланг баривчлахаар өнгөрсөн гуравдугаар сард интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн.
Үүнээс сарын дараа буюу дөрөвдүгээр сарын 18-нд Хууль зүйн сайд асан О.Алтангэрэлээс Филиппин Улсын Манила хотоос авч ирэхээр ажиллаж буй А.Баяржавхлангийн хэрэгт ахиц гарсан эсэхийг тодруулахад дараах хариултыг өгч байв.
-Бид энэ асуудал дээр ажиллаж байгаа. Одоогийн байдлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэн А.Баяржавхлангийн байршлыг тогтоосон. Баривчилж, авч ирэхээр ажиллаж байна. Удахгүй монголд авч ирнэ.
Үүнээс хойш дөрвөн сар өнгөрсөн. Энэ хугацаанд Монгол Улсад цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг бүхэлд нь хориглох хууль ч батлагдав.
Тиймээс А.Баяржавхланг албадан баривчлах ажил хэрхэж байгаа талаар ЦЕГ-аас тодруулахад, “Монголд авч ирээгүй. Интерполоор эрэн сурвалжилж байгаа тул монголд авч ирэх үед манай байгууллагад мэдэгдэж, олон нийтэд зарлах ёстой. Гэвч манайд энэ талаар ямар ч мэдээлэл ирээгүй байна” гэв.
Тэгэхээр өнгөрсөн гуравдугаар сард өөрийгөө хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж зарласан. Дөрөвдүгээр сард байршлыг нь тогтоосон А.Баяржавхланг интерпол баривчлалгүй дөрвөн сар хүлээж буй болж таарав.
Эндээс уг үйл ажиллагаа нь Ноорог медиад явуулсан цагдаагийн буруутай ажиллагааг далдлах зорилготой нэр төдий ажил байв уу. Эсвэл цагдаа нар холбогдсон гэх агуулгаараа хөндөж болохгүй асуудал болоод мартагдах уу гэх эргэлзээг төрүүлэв.
Учир нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх үндэслэлээр цагдан хоригдсон Ноорог медиагийн ажилтан А.О-ын ах. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан гол хүн нь гэж өөрийгөө зарласан иргэн А.Баяржавхлантай бид өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд онлайнаар холбогдон ярилцаж байсан.
Уг ярилцлагын үеэр А.Баяржавхлан нь хэд хэдэн ноцтой зүйл хэлсэн байдаг.
Тухайлбал,
- Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулахдаа Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нарт хахууль болох мөнгийг өгдөг байсан. Тэдний мөнгө авах арга хэлбэр нь маш нарийн учир баримт үлддэггүй, үүний ард гурав биш 10 гаруй цагдаа бий.
- Цагдаа нарт эхлээд 50 саяыг өгдөг байсан. Сүүлдээ мөнгөн дүн нэмэгдэж 75 сая болсон. Тэд сар болгоны 20-нд мөнгө авдаг.
- Над руу цагдаа нар холбогдож хамран ажиллаж байсан цагдаа нарынхаа талаар мэдээлэл өгч чиглүүлэх байдлаар хамтран ажиллаач гэсэн. Тэднийг барихыг тулд миний дансыг барьсан цагдааг олоход болно.
- Цагдаа нар ноорогт алдаатай гүйцэтгэх ажиллагаа хийгээд хэл аманд ороогдсон. Тэгээд бантсандаа мөрийтэй тоглоомын хэрэг болгоод дүүг маань барьсан. Манай дүү надад дансаа хэрэглүүлэхээ больсны дараа ноорогт ажилд орсон байсан.
- Надад баримт байгаа. Би хуулийн байгууллагад бүх баримтаа явуулсан. Мөн монголд очиж өөрөө мэдүүлэг өгч, гэрчилнэ хэмээж байсан.
Гэхдээ түүний эдгээр яриа үнэн эсэх нь одоог хүртэл батлагдаагүй. Мөн тэрбээр ярилцлагын үеэр сарын дараа Монголд очно хэмээсэн ч ирээгүй болж таарсан.
Түүнчлэн А.Баяржавхлангийн дээрх ярилцлагын дараа монголд байсан түүний эхнэрийг баривчилсан гэгддэг. Тиймд тэрбээр, “Мөрийтэй тоглоомын салбар дахь хахууль, далд асуудлыг ил болгож, өөрийгөө буруутай гэдгийг хэлж буруугаа хүлээх гэсэн боловч би биш миний эргэн тойрон дахь хүмүүсийг барьсаар байгаа нь нэг төрлийн сүрдүүлэг гэж харж байна. Надад дахин ам нээж бариулах гэр бүл байхгүй” хэмээж байв.
Үүнээс хойш А.Баяржавхлан нам чимээгүй, алга болсон. Ноорог.мн сайтад ажилладаг түүний дүү болон баривчилж хориод байсан найзууд, эхнэрийг нь сулласан эсвэл үргэлжлүүлэн хорьж байгаа эсэх нь ч одоог хүртэл тодорхойгүй. Энэ талаар хуулийн байгууллагуудаас тодруулахад, “Мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариу өгсөөр өдийг хүрлээ.
Тэгэхээр нэг хэсэг сошиалыг хамарч, нийгэмд сэдэв болон яригдсан Ноорог, мөрийтэй тоглоомын асуудал, интерполын эрэн сурвалжлах ажиллагаа зэрэг нь нэр төдий тоглоом байсан байж магадгүй болов. Нөгөөтээгүүр А.Баяржавхлангийн хөндсөн Киберийн цагдаа нарын асуудал далдуур замхарсан нь анхаарал татаж байна.
Д.ЦЭГЦ
Холбоотой мэдээлэл:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайхан томчууд хуулийнхан оролцсонмбол тэгээд л өнгөрдөг.
Одоогоор баримт нотолгоогүй,хэн нэгний зүгээр ярьсан зүйлийг бодитоор болсон мэт бичдэгээ хагас дутуу мэдлэгтэй,сэтгүүлч нэр зүүсэн хүмүүс болимоор юм
Мөнгө мөртэй гэж.
Уг нь ч амархан л даа