Холимог тулааны Дэлхийн аваргад монголын дөрвөн тамирчин оролцож байна

Гүржийн нийслэл Тбилиси хотод үргэлжилж буй Холимог тулааны 2025 оны Залуучууд, Насанд хүрэгчдийн ДАШТ-ий салхийг хагалж Монгол улсын тамирчин Отгонбаярын Дашням (-56.7 кг) АНУ-ын тамирчин Нодирбек Турсуновыг ялж шөвгийн 16-д шалгарлаа.
Өнөөдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр манай тамирчин Украины Максим Мицькотой тулалдах болно.
Мөн насанд хүрэгчдийн -52.2 кг-ийн жинд оролцож буй Батсүхийн Даваажав Энэтхэгийн тамирчин Шивраж Патильтай, Хатантөмөрийн Пүрэвтөмөр Францын Жеан Камиль Пьетритэй тус тус шөвгийн 16-гийн тулаануудаа хийх болно.
Дэлхийн 80 гаруй орны шилдэг холимог тулаанчид хуран чуулах энэ жилийн дэлхийн аварга Гүрж улсын нийслэл Тбилиси хотод 09-р сарын 26-наас 10-р сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Монгол Улсаас тэмцээний Залуучуудын ангиллын эмэгтэйчүүдийн -65.8 кг-ийн жинд ОУХМ Б.Алтанчимэг өрсөлдөх бол насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн -52.2 кг-д Б.Даваажав, Х.Пүрэвтөмөр, -56.7 кг-д О.Дашням нар эх орноо төлөөлөн октагонд гарах болно. Баг тамирчдыг ахлан “Ширэн бээлий” бокс, кикбокс, ММА клубийн дасгалжуулагч Г.Чулуунхуяг ажиллаж байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.