Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх "Үндэсний хөтөлбөр" боловсруулна

Сүүлийн жилүүдэд манай улс амиа хорлолтоор дэлхийд дээгүүр байранд орох болсон үүнтэй холбоотойгоор СЭМҮТ-ийн Сэтгэц-нийгмийн эрүүл мэнд хариуцсан дэд захирал Н. Алтанзулаас тодрууллаа.
Монгол Улс амиа хорлолтын түвшнээр дэлхийн дунджаас хоёр дахин их, Ази Номхон далайн баруун бүсийн түвшинтэй харьцуулахад мөн л хоёрт байгаа нь онцгой анхаарах шаардлагатайг харуулж байгаа. Амиа хорлож нас барж байгаа жилийн үзүүлэлтүүдийг авч үзэхэд залуу насны, хүүхэд, өсвөр үеийн залуучууд бусад улс оронтой харьцуулахад хамгийн их байгаа нь нэлээн анхаарах ёстой асуудал болоод байна. Хүүхэд залуус өсвөр үеийнхэн амиа хорлолтод өртөж буй энэ үзүүлэлт нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэлээн хүнд болсон, сэтгэцийн асуудлын маш олон үе шатуудыг даван туулж, амиа хорлож нас барах эцсийн сонголтыг хийж байгаа гэсэн үг. Үүний цаана гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, залуусын хувьд ажилгүйдэл ядуурал, амьдралын олон асуудал хөндөгдөж байна. Иймд цогцоор нь шийдэхгүй бол залуу үеийнхэн, бидний ирээдүй болсон хойч үеэ алдсаар байна. Тиймээс өнөөдөр холбогдох бүх байгуллага, яамдын төлөөллийг оролцуулж, шийдвэр гаргах түвшинд амиа хорлолтод онцгой анхаарах хэрэгтэйг ойлгуулж, үүний эсрэг хамтдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нэгдэж оролцох уриатайгаар хурлыг зохион байгуулж байна.
Бид 2025 оны 03 дугаар сараас эхлээд Ази, Номхон далайн баруун бүсийн ДЭМБ-ын зөвлөхүүдтэй хамтарч “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах” дээр ажиллаж байна.
Бусад улс орнууд амиа хорлолтын түвшинг хэрхэн үр дүнтэй бууруулж буй тал дээр Япон, БНСУ-ын жишээнээс суралцлаа. Хамгийн чухал асуудал нь салбар дундын хамтын ажиллагааг нэгтгэх, мөн төрийн удирдлагын бүх түвшний байгууллагуудыг оролцуулж үүрэг хариуцлагыг нь оногдуулж байж үр дүнтэйгээр амиа хорлолтыг бууруулдаг юм байна. Гол хөшүүргэ нь амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх, амиа хорлолтын эсрэг авах арга хэмжээний хууль аж. Хуультай, үндэсний хөтөлбөртэй болж, Ерөнхий сайдаар удирдуулж, Үндэсний хороо ажиллаж байж амиа хорлолтыг бууруулдаг гэж ойлгосон.Амиа хорлолтоос сэргийлэх үндэсний арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлснээр 2026-2030 он хүртэл 100 мянган хүн амд ногдох амиа хорлолтын түвшинг 10 хувиар бууруулах том зорилго тавин ажиллаж байна" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.