Л.Цэрэндолгор: Анхаарал дутмагших эмгэгийг эрт оношлуулж, эмчлэхгүй бол насан туршдаа эдгэрэхгүй

Дэлхийн нийт хүн амын 5-7 хувь нь ADHD буюу анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй байдгийг судалгаагаар тогтоожээ. Тэгвэл монгол хүүхдүүдийн хувьд энэ асуудал ямар байгаа, ADHD-ийн шинж тэмдэг, эмчилгээ болон эцэг эх, багш нарын анхаарах зүйлийн талаар СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн тасгийн эрхлэгч Л.Цэрэндолгортой дэлгэрэнгүй ярилцлаа.
-Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг (ADHD) гэж юу вэ? Энгийн хөдөлгөөнтэй хүүхэд болон энэ эмгэгтэй хүүхдийн ялгаа юу вэ?
-Энэ эмгэг төрөлхийн шалтгаантай буюу удамших хандлагатай байх нь илүү давамгай гэж үздэг. Мэдээж ямар нэгэн эмийн хордлого, удаан хугацааны стресс зэрэг гаднын хүчин зүйлс нөлөөлж болно. Гадаад болон дотоод шалтгаантайгаар үүсч байгаа мэдрэлийн үйл ажиллагааны зохицуулалт нь алдагдсан, бусад хүүхэдтэй харьцуулахад анхаарал төвлөрөлт муутай, хийж буй үйлдлээ хянаж чадахгүй хэт идэвхжих байдлыг анхаарал дутмагшил буюу хэт хөдөлгөөнтөх эмгэг гэж нэрлэдэг.
Дэлхий нийтэд хийгдсэн олон судалгаагаар энэ эмгэгийн тархалт нийт хүн амын 5-7 хувьтай тэнцэхээр байдаг. Аутизмын хүрээний эмгэг нийт хүн амын нэг хувьд байдаг гэж үзвэл анхаарал дутмагшлын эмгэг нь харьцангуй их байдаг гэж ойлгож болно. 5-7 хувь гэдэг нь сургуулийн анги болгонд 1-2 хүүхэд байна гэсэн үг. Ийм өндөр тархалттай атлаа эдгээр хүүхдийг яагаад илрүүлж, тусламж үйлчилгээнд хамруулж чадахгүй байна вэ гэхээр олон тохиолддог учраас хүмүүс дасчихсан. "Энэ чинь байдаг л юм" гээд эмгэг гэж хүлээж авдаггүй. Эмгэгтэй гэж оношлоод түүнийг хүлээн зөвшөөрүүлэхэд бэршээлүүд тулгардаг.
Судалгаанаас харахад удамших хандлага нь өндөр байдаг. Мөн эрэгтэй хүүхдүүдэд илүү оношлогддог. Шинж тэмдэг нь хүүхэд хөлд орж эхлэх үеэс ажиглагддаг ч цэцэрлэгийн бэлтгэл бүлэг, сургуулийн I, II ангид илүү тод илрэх нь бий.
-Удамших хандлага нэлээд давамгай гэлээ. Аав, ээж нь ADHD-тэй бол хүүхдэд нь дамждаг гэсэн үг үү?
-Аав, ээжийн аль нэг нь ADHD-тэй бол хүүхдийн 50 орчим хувьд нь удамшиж болно гэж үздэг. Аав, ээж хоёулаа ADHD-тэй бол удамших магадлал бүр өндөр.
Бусад хүүхэдтэй харьцуулахад анхаарлаа төвлөрүүлэх хугацаа нь хэт богинохон, амархан анхаарал нь сарних, удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлэхгүй, тогтвортой сууж чадахгүй, гэнэтийн үйлдэл хийх зэрэг нь маш тод ажиглагдана. Энэ тохиолдолд эртхэн мэргэжлийн эмчид үзүүлээд шалгуулах хэрэгтэй гэж зөвлөдөг.
Олон хүүхэдтэй эцэг эхчүүд энэ хүүхэд маань бусдаасаа илүү хөдөлгөөнтэй байна гэдгийг ялгаж мэддэг бол цөөн хүүхэдтэй эцэг эхчүүд ялгахгүй байх талтай. Харин багш нар үүнийг илүү ажиглаж, илрүүлж чаддаг.
-Охид, хөвгүүдэд илэрдэг шинж тэмдэг арай өөр байдаг уу? Хэрхэн оношилгоо эмчилгээ хийх вэ?
-Эмнэл зүйн хувьд үндсэн шинж тэмдэг нь хүйсийн хувьд ялгаагүй. Хөвгүүдэд арай илүү тархацтай байдаг. Охид, хөвгүүдэд илэрдэг өөр нэг шинж нь огцом дуу чимээ гаргах, хүлээцтэй байж чадахгүй байх зэрэг шинж хавсарч болдог. Ямар нэг юм хийхэд "Чи түр байж байгаарай, үүний дараа ингэнэ шүү" гэхэд хүлээж чаддаггүй. Зарим хүүхдэд дан анхаарлын хямралтай, зарим нь хөдөлгөөний идэвхижил илүү байх, аль аль нь илрэх гэх мэт ялгаатай шинж тэмдэг илэрч болно. Үүнийг ялгаж нарийн оношлох нь зөвхөн хүүхдийн сэтгэцийн эмч болон клиникийн сэтгэл зүйч нар үнэлгээ, оношилгоо хийж илрүүлэх боломжтой. Эцэг эх, багш нар нь хүүхдээ хэвийн бус байгааг оношлоод ирсэн тохиолдолд эцэг эхээс асуулга авна, багш сурган хүмүүжүүлэгчийн дүгнэлтийг сонсох, хүүхдийг ажиглах аргаар оношилдог.
-ADHD-тэй хүүхдэд ямар эмчилгээ, засал, дэмжлэг үзүүлдэг вэ. Эмийн эмчилгээ бүх хүүхдэд шаардлагатай юу, эсвэл онцлогт нь тохируулан өөр арга хэрэглэдэг үү?
-Оношлогдсон тохиолдолд харьцангуй эмчилгээтэй, эдгэрэх боломжтой эмгэгт тооцогддог бөгөөд олон улсад судлагдаж, эмийн эмчилгээ нь тодорхой болсон. Эмийн эмчилгээтэй зэрэгцээд танин мэдэхүй, зан үйлийн сэтгэл засал заавал хийгдэх ёстой. Яагаад гэвэл хүүхдийн анхаарал төвлөрөхгүй, тогтвортой сууж чадахгүй байгаа нь эмээр шууд засагдахгүй.
Эм нь анхаарал төвлөрөлтийг сайжруулах үйлчилгээтэй болохоос зан авирыг засахгүй. Тиймээс эмийн эмчилгээтэй давхар сэтгэл засал явагдаж байж хүүхдийн зан авир засагдана. Үүнээс гадна эмийн эмчилгээ болон зан үйл заслийн эмчилгээ нь удаан хугацаанд явагддаг, зарим тохиолдолд насан туршдаа эм уух нь ч бий.
Энэ бол архаг эмгэг. Хүмүүс яагаад аяндаа эдгэрнэ гэж ойлгодог вэ гэвэл багадаа хэт хөдөлгөөнтэй байсан хүүхэд өсвөр насанд ороход хөдөлгөөний далайц нь буурдаг. Тэгэхээр засагдчихлаа гэж ойлгоод байгаа юм. Гэтэл тэр үед анхаарлын хямрал нь хүүхдийн суралцах чадвар, шийдвэр гаргах чадварт аль хэдийн нөлөөлөөд, сөрөг зан үйл тогтчихсон байдаг. Ийм хүүхэд үеийнхнээсээ сурлагаараа хоцрох магадлалтай болчихдог. Дээрээс нь богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвар нь алдагдсан байна. Гэтэл ихэнх нь эмийн эмчилгээ, удаан хугацааны сэтгэл заслыг хийлгэдэггүй. Оношилгооны шалгуураар шинж тэмдэг нь 12 наснаас өмнө илэрсэн байх ёстой. Төрөлхийн эмгэг учраас бага насанд л илэрнэ. Багадаа зүгээр явж байгаад өсвөр насандаа гэнэт эхэлдэг эмгэг биш.
-Хүүхэд санаатайгаар ингээд байгаа юм биш. Хөдөлгөөн, анхаарлаа өөрөө хянаж чадахгүй байгаа юм-
-Эмийн эмчилгээ нь хэр үр дүнтэй байдаг вэ. Гаж нөлөө ихтэй юу?
-Эм тодорхой хэмжээний сайн нөлөөтэй ч сөрөг нөлөө бас байж болно. Үүнийг олон жил хэрэглэсний үндсэн дээр судлаад тогтоочихсон. Эмийн зааварт илэрч болох бүх гаж нөлөөг тэмдэглэсэн байдаг. Түүнийг уншаад эцэг эхчүүд "ийм аймаар гаж нөлөөтэй юм бол уулгахгүй" гээд айчихдаг. Хүүхдүүд дээр сайн судлагдсан учраас илэрч болох бүх гаж нөлөөг дурдаад тавьчихсан гэсэн үг. Ихэнх тохиолдолд гаж нөлөө илэрч байгаад аажимдаа арилдаг. Бүх хүүхдэд адилхан илэрдэггүй. Зарим хүүхдэд ямар ч гаж нөлөө илрэхгүй, зөвхөн эмийн үйлчилгээ нь илүү гарч ирдэг. Гаж нөлөөг нь танилцуулсан байхад ч зарим эцэг эх хүүхдийнхээ дотор муухайрсан гэхээр эмээ өгөхөө больчихдог. Гаж нөлөө тодорхой хугацааны дараа арилдаг ч тэр хугацааг хүлээлгүй зогсоочихдог. Бүр эмийн жороо бичүүлж аваад огт уулгаагүй тохиолдол ч бий. Тиймээс эмээ уулгаад, хүүхдээ ажиглаарай гэж зөвлөдөг. Эцэг эхчүүд эмчтэйгээ хамтарч ажиллах нь илүү зөв гэж зөвлөмөөр байна.
Зарим эцэг эх "эм уулгаад байхад манай хүүхэд муухай ааштай хэвээр байна" гэдэг. Зан үйлийг засна гэдэг удаан хугацааны тууштай байдал, зөв дэмжлэг, тусламж юм. Энэ хариуцлагыг ганцхан эмэнд даатгаж болохгүй. Тиймээс хамтын баг болж ажиллахаар хүүхэд засагддаг. Багш нар хүүхдийг ойлгож харилцах ёстой. Тэр хүүхэд санаатайгаар орилж, гэнэтийн үйлдэл хийгээд, байнга бэртэж гэмтээд байгаа юм биш. Цаанаасаа л хөдөлгөөн, анхаарлаа өөрөө хянаж чадахгүй байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг анзаарахгүй бол хүүхдийг байнга буруутгаад, загнаад байдаг. Сүүлдээ хүүхэд бүр цочромтгой болчихно. "Дахиад намайг муулах гэж байна" гэж хүлээж аваад өөрийгөө хамгаалах хариу үйлдэл нь давамгайлдаг. Тэгээд өөрийгөө хамгаалахын тулд худлаа ярьж, бусдыг буруутгаж эхэлнэ. Энэ бүхэн засагдах боломжтой гэдгийг сайн ойлгочих юм бол хүүхдийн амьдралын чанар маш их сайжирдаг.
-Эмчилгээ хийлгэсэн болон хийлгээгүй хүүхдийн ялгаа, цаашдын амьдралын чанар хэр байдаг бол?
-Эмчилгээг яагаад заавал хийлгээрэй гэж хэлээд байна вэ гэхээр ADHD-тэй хүмүүсийг дагаж судалсан олон судалгаа бий. Тэр хүнийг амьдралынх нь туршид ямар сөрөг үр дагавар гарч байна, ямар давуу тал илэрч байна гэдгийг бүх талаас нь судалдаг. Тэр судалгаагаар эмийн эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийн амьдралын чанар илүү сайн гарсан. Их, дээд сургуульд элсэх магадлал нь өндөр, гэр бүлийн харилцаа нь тогтвортой, сэтгэцийн бусад эмгэг тусахгүй байх магадлал нь илүү өндөр гарсан.

Харин эмчилгээ хийлгээгүй хүүхдүүдэд суралцахуйн бэрхшээл илэрч, сурах чадвараараа хоцорч, өсвөр насанд нь зан авир нь өөрчлөгддөг. Өөрийгөө хамгаалахын тулд сөрөг зан үйл тогтож, худлаа ярьдаг болдог. Хичээлдээ амжилттай суралцаж чадахгүйгээс сургуулиасаа дайжих, сурах дургүй болох, сургууль завсардах асуудал гардаг. Томчууд бүгдээрээ "сайн сур" гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл хүүхэд сурч чадахгүй байгаа учраас сурахгүй байхыг сонгоод, томчуудтай харилцааны бэрхшээлтэй болчихдог.
Сэтгэл хөдлөлөө хянах чадвар сул учраас насанд хүрсэн хойноо гэр бүлийн амьдрал нь тогтворгүй, салж нийлэхээс гадна, гэр бүлд нь хүчирхийлэл үүсэх, хорт зуршилд өртөх, зам тээврийн осол гаргах зэрэг магадлал нь эмийн эмчилгээ хийлгэсэн хүмүүстэй харьцуулахад маш өндөр гарсан.
Иймээс ADHD зөвхөн бага насанд учирдаг эмгэг томроод зүгээр болдог гэж бодох нь өрөөсгөл ойлголт тул эмчилгээг дундаас нь тасалбал хүүхдийн олж авсан суралцах чадвар, сэтгэл хөдлөлөө хянах чадвар буцаад алдагддаг. Бид тархийг шууд, бүрэн засаж чадахгүй. Харин дэмжиж ажиллуулах аргыг нь олчихсон учраас ядаж үүнийгээ хэрэглээд, хүүхдийнхээ амьдралын чанарыг сайжруулъя гэж хэлмээр байна.
-Эмийг ганцхан компани оруулж ирдэг. Борлуулалт нь муу бол нийлүүлэлт зогсож, эм тасардаг-
-Эмийн эмчилгээ, зан үйл засал хийлгэхэд хэр их зардалтай байдаг вэ?
-Монголд энэ төрлийн эмгэгийн эм нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд ороогүй тул санхүүгийн хувьд тодорхой дарамт учруулах магадлалтай. Хүүхдийн нас ахиж, биеийн жин нэмэгдэхийн хэрээр эмийн тун нь нэмэгдэнэ. Тэгэхээр авах эмийн тоо нэмэгддэг гэсэн үг. Ар гэрт нь мэдээж санхүүгийн дарамт болно. Гэхдээ бага насандаа ууж байсан эм, сэтгэл заслын зардалтай харьцуулахад хүүхдийн ирээдүйн амьдралын чанар илүү сайжирна гэж бодох хэрэгтэй болов уу. Зарим гэр бүлийн хувьд гарах зардлаас шалтгаалж тууштай эмчлүүлж чадахгүй байх тохиолдол байдгийг үгүйсгэхгүй. Байнга засал хийлгэх, эсвэл нэгээс хоёр сар тутамд үзүүлж эмээ авах шаардлагатай байдаг. Тиймээс цаашид бодлогын түвшинд арга хэмжээ авах ёстой. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс ч мэдээллийг үнэн зөвөөр нь хүргэх хэрэгтэй. Тэгвэл төлбөрийг тодорхой хэмжээнд зохицуулах боломж гарах болов уу гэж харж байна.
Хөгжлийн бусад эмгэг, оюуны бэрхшээлтэй хүүхэд тодорхой хэмжээнд улсын тэтгэмж авдаг. Гэтэл ADHD-ийн тархалт илүү өндөр учраас анхаарахгүй бол болохгүй. Дэлхий нийтэд хийгдсэн судалгаагаар зам тээврийн осол гаргагчдийн ихэнх нь ADHD-тэй байдаг, бодлогогүй гэнэтийн шийдвэр гаргадаг гэсэн үг. Энэ судалгаа манайд хийгдвэл ойролцоо үр дүн гарах болов уу гэж бодож байна. Учир нь тархалтын хувьд ойролцоо ч бусад улстай харьцуулахад тусламж үйлчилгээний хувьд манайх дутмаг байгаа.
Эмийн хувьд гэвэл ганцхан компани оруулж ирдэг. Зөвхөн богино үйлдэлтэй, нэг л төрлийн эм орж ирдэг. Гэтэл зарим хүүхэд бусад эмгэгтэй хавсарсан байдаг. Тэдэнд энэ эмийг хэрэглэхийг хориглосон заалт байдаг учраас хэрэглэж чадахгүй. Тэгэхээр ADHD-ийн шинж тэмдэг, хор уршиг нь улам хүндэрсээр байгаа тохиолдол бий. Нэг л компани оруулж ирдэг учраас зах зээлийн хувьд борлуулалт нь муу байвал нийлүүлэлтээ зогсоочихдог. Ингээд эм тасардаг. Хүүхдэд хэрэгтэй эм тасрах нь хичээлээ тасалсантай адил сөрөг үр дагавартай. Шийдэх ёстой асуудал зөндөө бий. Үүнийг шийдчих юм бол иргэдийн нийгмийн баталгаа, амьдралын чанар илүү сайжирна.
-Багш сурган хүмүүжүүлэгчид энэ эмгэгтэй хүүхэдтэй хэрхэн харилцаж арга хэмжээ авах нь зөв бэ?
-Цэцэрлэг, сургуулийн багш нар энэ эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүйтэй байх ёстой. Энэ чиглэлээр МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимд хөгжлийн бусад эмгэгтэй хүүхэдтэй яаж харилцахыг багш нарт заадаг болсонтой холбогдуулан сүүлийн үед багш нарын мэдлэг сайжирсан. Тухайлбал, есдүгээр сарын 1-нээс хойш I, II ангийн хүүхдүүдийг багш нь "үзүүлээрэй" гэж зөвлөөд манай төвд маш олноор ирж байна. Энэ нь багш нар тухайн эмгэгийг маш сайн илрүүлж байна гэсэн үг. Мөн СЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн алба бусад салбарын мэргэжилтнийг чадавхжуулах сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Боловсролын байгууллагын багш нар, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдэд зориулсан сургалт хийдэг. Тэр сургалтад хамрагдсан багш нар илүү сайн илрүүлдэг. Эцэг эхэд нь яаж ойлгуулах вэ, яаж зөв мэдээлэх вэ гэдгийг хүртэл асууж бид нартай хамтран ажилладаг.
Харин багш нарын ажиллах нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Анги дүүрэн хүүхэдтэй, бүгдэд нь мэдлэг өгөх гэтэл байнга нэг хоёр хүүхдэд анхаарах нь хүндрэлтэй. Багш бусад хүүхдийг ч сургах ёстой учраас нэг хүүхдийн төлөө бусдыг орхиж болохгүй. Тиймээс багшийг буруутгах биш, ойлгох асуудал чухал. Анхаарал хэвийн хүүхэд 40 минутын хичээлийн турш тогтвортой суугаад, багшаа анхаарч, бичиж тэмдэглэж, зааврыг мөрдөж чадна. Харин ADHD-тэй хүүхдийн анхаарал өөр тийшээ сарниж, суралцаж чадахгүй хоцрогдол нь нэмэгддэг. Хамгийн гол нь бусдад саад учруулж эхлэхээр багш нарын стресс нэмэгддэг. Ингээд зарим багш нар ADHD-тэй хүүхдийг бүр орхих тохиолдол байдгийг буруутгах аргагүй.
Багш нар бодит байдлыг хараад үнэлчихсэн байдаг учраас эцэг эхчүүд багш нартайгаа миний хүүхдийг ад үзлээ гэх биш, хамтран ажиллаж бага насанд нь зөв арга хэмжээ авч чадвал ирээдүйд илүү том хэмжээний асуудал, хохирол үүсэх, буруу зан үйл төлөвшихөөс сэргийлж чадна.
-Хэдэн наснаас эмийн эмчилгээг зөвлөдөг вэ. ADHD-г насанд хүрсэн хойно оношлох боломжтой юу?
-Таваас доош насны хүүхдэд эмийн эмчилгээ хийдэггүй, ихэвчлэн тоглоомын аргаар зан үйлийг нь засахад анхаарвал хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, сайжрал бий болдог. Хөнгөн түвшний эмгэгтэй хүүхдийг эмгүй эмчилж болдог. Эрт, оройтож үзүүлэх нь эмгэгийн зэрэгтэй шууд хамааралтай гэж хэлж болохгүй. Харин оройтож үзүүлж, оройтож тусламж авах тусам дараагийн хүндрэл нь гарч ирдэг. Хөнгөн хэлбэр ч байж болно. Гэхдээ хөнгөн байсан ч зөв дэмжлэг байхгүй бол хүндэрч болно.
Насанд хүрсэн хүнийг оношлох их хэцүү. Бага насанд оношлогддог шиг шинж тэмдгүүд хувьсан өөрчлөгдөөд бусад сэтгэцийн эмгэг, тухайлбал сэтгэл хөдлөлийн болон зан авирын эмгэг, хувь хүний эмгэг, донтолттой андуурагддаг. Хожуу оношлох хэцүүгээс гадна эмийн эмчилгээ нь ч үр дүн муутай. Эм уувал анхаарал нь өмнөхөөсөө сайжирч, арай удаан сууж, амархан сарнихгүй болсныг мэдэрч болно. Эм зөвхөн анхаарал төвлөрөлтийг сайжруулна. Тиймээс хожуу оношлуулахаас илүүтэй шинж тэмдэг тод байгаа бага насанд нь оношлуулж, хүндрэлийг өсгөхгүй явбал маш олон давуу тал бий болно.
-Улсын хэмжээнд буюу СЭМҮТ-д ердөө зургаан эмч л сэтгэцээр дагнасан ажиллаж байгаа нь үнэхээр хаанаа ч хүрэлцдэггүй-
-ADHD-ийн эмчилгээг СЭМҮТ-ээс өөр газар хийлгэх боломжтой юу. Тусламж үйлчилгээний хүртээмж болон улсаас ямар бодлого, дэмжлэг хэрэгтэй байдаг вэ?
-Улсын байгууллагад энэ чиглэлийн мэргэжилтэн цөөн учраас хүмүүс хувийн байгууллагад хандахаас өөр аргагүй болдог. Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг хувийн байгууллагад хандаж, оношлууах, засал хийлгэхэд төлбөр нь маш өндөр. Хүртээмж, олдоц багаас шалтгаалж, хамгийн чухал зүйл болох зан үйл засах эмчилгээнд бараг хамрагддаггүй гэж хэлж болно. Эмийн эмчилгээ тууштай явах боломж ч хомс. Учир нь улсын хэмжээнд сэтгэцийн эмчийн хүртээмж багатай байдаг.
Улсын хэмжээнд буюу СЭМҮТ-д ердөө зургаан эмч л сэтгэцээр дагнасан ажиллаж байгаа нь үнэхээр хаанаа ч хүрэлцээгүй. Сул цагийн олдоц багатай байдаг тул хүүхэд бүр дээр чанартай цаг зарцуулж ажиллаж чадахгүй байгаа. Эмийн эмчилгээг заавал лицензтэй сэтгэцийн эмч хийх ёстой. Сэтгэцийн эмч байхгүй бол эмчилгээ хийгдэхгүй учраас СЭМҮТ-өөс өөр эмнэлэгт барагтай эмчилгээ бичиж өгөхгүй. Үүнийг зохицуулъя гэвэл төвлөрлийг сааруулах хэрэгтэй. Ингэхийн тулд орон нутагт, бодлогын түвшинд мэргэжилтэн бэлдэх ёстой. Энэ бол хажуугаар нь, завсар зайгаар хийдэг ажил биш. Хүүхдийн асуудлыг тодорхойлохын тулд эцэг эхтэй уулзаж мэдээлэл цуглуулах, шаардлагатай бол багшаас нь мэдээлэл авах гээд нөр их ажил байдаг. Мөн хүүхдийг ажиглах, зөвлөгөө өгөхөд 30 минутын үзлэгийн цаг хаанаа ч хүрэлцдэггүй.
Ажлын байр олноор бий болговол энэ чиглэлээр суралцах сонирхол ч нэмэгдэнэ. Төвлөрлийг сааруулбал хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ сайжирч, ирээдүйд чанартай боловсон хүчин бий болно. Энэ бол маш өргөн хүрээтэй асуудал, ганцхан ADHD төдийгүй хүүхдийн бүх асуудал дээр бодлогын түвшний зохицуулалт хийгдэхгүй байгаа. Тиймээс тусламж үйлчилгээ хумигдмал, чанаргүй, хүртээмжгүй байна.
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ анхаарал төвлөрлийг сайжруулахын тулд гэртээ ямар дадал, өдөр тутмын хуваарь бий болгож болох вэ. Дэлгэцийн хэрэглээг хэрхэн зохицуулах нь зүйтэй вэ?
-Хүүхэд бага байх тусам тоглоомын аргаар анхаарал төвлөрөх чадварыг нь сайжруулах боломжтой. Дэс дараалалтай, ээлж дараатай тоглоомыг байнга тоглуулах хэрэгтэй. Тоглоом хүүхдийн сэтгэлийг татдаг учраас анхаарал нь тийшээ төвлөрнө. Жишээ нь, шагай харвах үед ADHD-тэй хүүхэд ээлжээ хүлээлгүй түрүүлж харвачих гэдэг. Тэгэхээр "Түр байж байгаарай. Эхлээд энэ хүн харвана, дараа нь чи" гээд дэс дараатай тоглуулна. Дасгал хөдөлгөөнийг ч дарааллаар нь, тогтсон хугацаанд нь хийж дуусгах, түрүүлэхгүй, хоцрохгүй байхыг заана. Ямар аргыг хэрэгжүүлж болохыг сэтгэл зүйчдээс тодруулах юм уу интернэтээс найдвартай эх сурвалжаас хайх ч боломжтой. Гол нь түүнийг тууштай хэрэгжүүлэх чадвар аав, ээжээс шаардана. Энэ эмгэг нь удамшдаг учраас өөрсдөө ADHD-тэй байсан бол юманд тууштай хандах чадвар нь угаасаа сул байдаг. Насанд хүрсэн хойно ч энэ нь үргэлжилдэг. Тиймээс хүүхэдтэйгээ тууштай тоглоход анхаарах хэрэгтэй.
Мөн дараагийн хүчин зүйл нь дэлгэцийн хэрэглээг хянах зохицуулах юм. Дэлгэцийн хэт их хэрэглээ тархинд ачаалал өгч, анхаарал төвлөрөх чадварыг сулруулдаг. Юу үзэж байгаа нь ч чухал. Маш богино хугацаанд дуусдаг "рийл" маягийн бичлэг үзэх тусам анхаарал төвлөрөх чадвар сулардаг. Ийм бичлэг үзсээр байгаад томчууд ч 1 цаг 30 минутын кино үзэх чадамжгүй болчихдог. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Хүүхдэдээ "дэлгэц муу, чамд сөрөг нөлөөтэй" гэж хэлж байгаа бол бидэнд ч сөрөг нөлөөтэй тиймээс гэр бүлээрээ дэлгэц хэрэглэхгүй байх, хэрэглэвэл нас насанд нь тохирсон хугацаатай үзүүлэх хэрэгтэй. Хүүхдийн насанд тохирсон контент мөн үү гэдэгт ч анхаарах ёстой.
Богино бичлэгийн оронд хэл ярианд нь тохирсон 15-20 минутын бүтэн хүүхэлдэйн кино үзэж ярилцах нь муу зүйл биш. Тэгэхээр дэлгэцийг хориглох биш, тохируулж хэрэглэх нь зөв. Харин 2-оос доош насны хүүхдэд дэлгэц үзүүлэхгүй, хамт тоглох хэрэгтэй. Хүүхэд юмыг даган дуурайж, туршиж, үр дүнг нь харах боломжгүй өссөнөөс болж суралцах чадвар сул, харилцааны ур чадвар дутмаг, хэл ярианы хоцрогдолтой хүүхдүүд бий болж байна. Үүнийг бид санаатай болон санамсаргүй байдлаар өөрсдөө бий болгоод байгаа юм.

-Таны зүгээс эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчид тусгайлан анхааруулж зөвлөмөөр зүйл байна уу?
-Хүүхдэд тань ADHD-тэй төстэй шинж анзаарагдах юм бол, эсвэл багш нь хэлэх юм бол анхаарч нэг хараарай. Ялангуяа бага ангийн багш өдрийн турш хүүхэдтэй ажиллаж, ажиглаж байдаг. Магадгүй эцэг эхээс ч илүү анзаарч дүгнэх боломжтой. Тиймээс багштайгаа сайн хамтарч ажиллаарай гэж захимаар байна. Хүүхдээ үзүүлэх гэж байгаа бол багшийнх нь үнэлгээ дүгнэлтийг бичүүлээд авчрах нь нэмэртэй.
Хүүхдийн асуудлаас болж багш, эцэг эх хоорондоо муудалцах хэрэггүй. Аль аль нь хүүхдийн сайн сайхныг бодож байгаа шүү дээ. Онош тавигдсан бол харилцаа, хандлага дээрээ анхаараарай. Хүүхдээ буруутгаж, шийтгэж болохгүй. Олон жил тогтсон буруу зан үйлийг засахын тулд тэвчээр шаардлагатай. Хүүхэдтэйгээ зөөлөн хандах юм бол хүүхдэд эелдэг харилцаа, хандлагын зан үйл суух боломж бүрддэг.
Багшийн хүртээмж үнэхээр муу учраас хүүхдийнхээ сурах, эмчлэгдэх явцад эцэг эхийн анхаарал халамж маш чухал гэдгийг битгий мартаарай. Хүүхэдтэйгээ өдөрт 30 минутыг ч болов чанартай өнгөрүүлж, эмчийн өгсөн зөвлөмжийг тууштай хэрэгжүүлээрэй гэж эцэг эхчүүдэд уриалмаар байна.
-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.
Б.МӨНХСАРНАЙ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөчийг нь хуга цохь